Токиогийн олимпын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёширо Мори хүйсээр ялгаварлан гадуурхсан утгатай үг хэлснээсээ болж огцрохоор болжээ. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр “Эмэгтэйчүүд дэндүү их ярьж байна” хэмээн хэлснийг олон нийт ихэд шүүмжлэн, эсэргүүцлээ илэрхийлэх болсон билээ. Ийнхүү маргаан долоо хоног гаруй үргэлжилсний эцэст Мори өнөөдөр (2021.2.12) албан ёсны мэдэгдэл хийж огцрохоор болсон аж.
Мори өмнө нь “Эмэгтэйчүүд арай л дэндүү их ярих юм. Олимп зохион байгуулах хороонд илүү олон эмэгтэй орж ирвэл бид ярьж суусаар ажил урагшлахгүй байх байсан болов уу. Хэрвээ эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдвэл бид тэдний ярих цагийг хүчээр хязгаарлах шаардлага үүсэх байх. Эмэгтэйчүүд ярьж суусаар ажлаа хэзээ ч дуусгадаггүй. Тэр нь ядаргаатай” хэмээн ярьжээ.
Дараа өдөр нь 83 настай Мори ард түмнээсээ уучлал хүсч, огцрох бодолгүй байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр “Би сүүлийн үед эмэгтэйчүүдтэй нэг их харилцаагүй. Тиймээс одооны эмэгтэйчүүд ямар болсныг мэдсэнгүй” хэмээн хэлж байжээ. Гэвч иргэд түүний уучлалыг хүлээж авалгүйгээр үргэлжлүүлэн эсэргүүцэж, огцрохыг шаардсан билээ. Улмаар удаан үргэлжилж буй эсэргүүцэлд Мори бууж өгөхөөр шийдсэн байна.
Моригийн оронд Японы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Сабуро Кавабүчи томилогдох аж.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS UNILAD