Цагаагчин үхэр жилийн энэ билигт сайн өдөр Монгол Улсын Төрийн гурван өндөрлөг ард түмэндээ хандан сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
ХҮНДРЭЛ, ТУУЛЖ БАЙГАА БЭРХШЭЭЛИЙГ ГАГЦХҮҮ ЭВ ЭЕИЙН ХҮЧЭЭР ДАВАН ТУУЛАХ НЬ ГАРЦААГҮЙ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
“Их мөнх тэнгэрийн ивээлээр эх болсон газар нутагтаа мянга мянганаар эзэн суусан тусгаар Монгол Улсын маань ард иргэд ээ!
Даян дэлхийн энгээр тархан сууришсан элэг нэгт монгол угсаатан түмэн олон минь ээ!
Урин цагийн салхийг нааш нь эргүүлдэг, угтах өдрийн нарыг өргөж уужруулдаг, ихэс дээдсээс минь өвлүүлж өгсөн, ёс төрт их баяр Цагаан сар, Арван долдугаар жарны Цагаагчин үхэр жилийн Сар шинийн мэндийг Та бүхэндээ өргөн өргөн дэвшүүлье.
Тэнгэрийн салхи тэгш үгүйн адилаар хүж дэлхий, хүн зоны ахуй амьдрал төгс жаргалан дүүрэн байдаггүй цагийн учир шалтгаанаар тулж байгаа хүндрэл, туулж байгаа бэрхшээлийг гагцхүү эв эеийн хүчээр даван туулах нь гарцаагүй боллоо.
“Эвт шаазгай буга барина” гэж эртнээс нааш сургасан өвгөд өтгөсийнхөө захиасыг Та бид ухаан сэтгэлдээ сэргээн сэрээж, үндэстнийхээ бадрал мандлын төлөө хамтдаа зүтгэх цаг нэгэнт иржээ.
Эрхэм олон монголчууд аа!
Ирж байгаа Цагаагчин үхэр жил монголчууд Та биднийг амжилт бүтээлийн их дуудлагаар жигүүрлэж, урам зоригийг хөгжөөн хөгжлийн дардан зам руу хөтлөн зурайх болтугай!
Мөнх тэнгэрийн хүчин дор эцэг дээдсийн минь бүтээн босгосон Их Монгол гүрний сүлд их уул Өндөр дээд Бурхан Халдун хайрханыхаа өгөөмөр сайхан нөмөр нөөлгөнд Монгол түмний минь Цагаан сар амар амгалан, тэгш дүүрэн оршиж, хүн зон минь энх сайхан цагтай учран золгох болтугай!
Өрх гэр бүрд баяр жаргал, эрүүл энх, саруул сайхан, бэлгэ ерөөл түгэн дэлгэрэх болтугай!
Хүлгийн сайнаар талыг туул юу!
Эвийн хүчээр бүхнийг туул юу!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!” гэлээ.
МӨНХ ХӨХ ТЭНГЭР БИДНИЙГ ИВЭЭЖ, МОНГОЛ ЭХ ОРОН, МОНГОЛ ТҮМНИЙ МИНЬ ЗАЯА БУЯН ТЭГШ ДҮҮРЭН ОРШИХ БОЛТУГАЙ!
Эрхэм хүндэт Монгол Улсын иргэд ээ! Элэг нэгт Монгол ахан дүүс ээ! Та бүхэндээ билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн Цагаан сарын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
XVII жарны цагаан хулгана жил улиран одож байна. Элбэг дэлбэг байхын бэлгэдэг цагаагчин үхэр жил морилон ирж байна. Хэдийгээр хүндрэл, бэрхээлтэй байсан ч манай ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа сонгож байгууллаа. УИХ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулан хэрэгжүүлэх, амьдралд нэвтрүүлэх гурван хувьсгалын зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Хууль ёсны, эдийн засгийн, нийгмийн бодлогын гэсэн гурван хүрээг хамран хувьсгалт өөрчлөлт амжилттай үргэлжилж байна. Шинэ парламент иргэндээ үйлчилдэг, хөгжлийн бодлогыг тодорхойлдог нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүллээ. Ийм зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг баталлаа.
Мөн хэнээс ч хараат бус, зөвхөн хууль, шударга ёс засагладаг шүүхтэй болох эрх зүйн шинэ хуулийг Шүүхийн тухай багц хуулиар бүрдүүллээ. Covid-19-ийн цар тахлаас ард иргэдээ болон эдийн засгаа хамгаалах олон чухал шийдвэр, хууль гарган хэрэгжүүллээ. Цар тахлын хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон онцгой нөхцөлд УИХ үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж байна. Дэлхий дахинд цахим парламентыг тогтоосон анхдагч парламентуудын нэг боллоо. Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу ард түмэнтэйгээ хамтран хууль боловсруулдаг хэлэлцдэг, баталдаг цахим парламентын шинэ системийг нэвтрүүллээ.
Шинэ УИХ сахилга, хариуцлага, ёсс зүйг эрхэмлэхийн үлгэр дууриал болохын төлөө хичээн ажиллаж байна. Хуралдааны оролцоо, дэг ёсыг баримтлах талаараа энэ парламент өнгөрсөн 30 жилийн түүхэнд хамгийн сайн жишиг тогтоож байгааг ард иргэддээ онцлон хэлэхэд таатай байна. Байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэддээ тэгш хуваарилах Үндсэн хуулийн зарчмыг УИХ тууштай баримталж байна.
Энэ зорилгор Үндэсний баялгийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батална. Өнгөрч буй хулгана жилийн босгон дээр ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг УИХ батлан гаргаж хэрэгжүүллээ. Төр түмнийхээ мэдэлд буцаан авсан Салхитын ордын баялгаар 763 тэрбум төгрөг босгож, ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн. Энэ долоо хоногт 105 тэрбум төгрөг энэ ордоос Монголбанкинд тушаагдлаа.
Ирэх тавдугаар сард тэтгэврийн зээлгүй байсан 210 мянган ахмадууддаа нэг сая төгрөг хүртээхэд энэ мөнгө зарцуулагдах болно. Монгол хүн монгол газартаа, эх нутагтаа, Монголын баялагтаа эзэн байх учиртай. Тухайлбал, Оюутолгойн ашгийг монголчууд хүртэх ёстой. Энэ зорилгоор Оюутолгойн ордыг ашиглахад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дуаар тогтоолыг УИХ-аас баталсан. Энэ тогтоолын үзэл санаа нь Оюутолгойн гэрээг өөрчилж, сайжруулж, Дубайн гэрээг цуцлах ёстой гэж УИХ үзсэн. Коронавирусийн цар тахлаас эдийн засаг, иргэдээ хамгаалах төрийн бодлого, шийдвэр тууштай үргэлжлэх болно. УИХ, Засгийн газар хамтран иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа идэвхжүүлэх, дэмжих зорилгоор 10 их наядын төлөвлөгөө хэрэгжүүлэхээр шийдээд байгааг энэ билигт сайн өдөр та бүхэндээ дахин тодруулан дуулгаж байгаадаа таатай байна.
Эрхэм хүндэт иргэд ээ! Ирж буй цагаагчин үхэр жилдээ монгол хүн бүхэнд ивээлээ хайрласан, амар тайван байдал, аз жаргал дүүрэн, оюуны их ололт амжилтууд улам дэлгэрсэн, оюунлаг сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна. Цар тахлын аюул ч холдоно, цас зудын бэрхшээл ч арилна. Дэлгэр сайхан цаг удахгүй ирнэ. Ёс заншаа дээдэлж, ахас дээдсээ хүндлэн, даага далантай, бяруу булчинтай, сар шинэдээ сайхан шинэлээрэй. Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол эх орон, Монгол түмний минь заяа буян тэгш дүүрэн орших болтугай!
ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ШИНЭ БОДЛОГО, ШИНЭ ХАНДЛАГА, ШИНЭ УЛС ТӨРИЙН СОЁЛООР ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР АЖИЛЛАХ БОЛНО ГЭДГЭЭ НИЙТ АРД ИРГЭДДЭЭ ИЛЭРХИЙЛЬЕ!
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Ашдын бэлгэтэй шинийн нэгний мэнд дэвшүүлж, Монгол Улсын айл өрх, иргэн бүхэнтэйгээ алсын зайнаас алгаа дэлгэн золгож байна.
Эх оронд минь төдийгүй эргэх дэлхийн хүн төрлөхтөнд өнгөрч буй хулгана жил хүндхэн сорилтыг авч ирлээ. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн огцом зогсолт 2009 онд тохиосон дэлхийн санхүүгийн хямралаас гурав дахин их хохирол учруулсныг эдийн засагчид онцлон ярьж байна. Монголчууд бид 10 сарын турш энэхүү өвчнийг дотооддоо алдалгүй барьсан ч энэ гамшиг биднийг бүтэн тойрсонгүй. Цар тахлаас үүдэн нэгхэн жилийн өмнө 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг -6 хувь болж агшлаа. Энэ үзүүлэлтүүдээс улбаалж эдийн засагт, зах зээлд эргэх ёстой байсан 8 их наяд төгрөг гацсан байна.
Монголчууд бид эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч эмчлэх хүндхэн сорилттай нүүр тулж байна. Эвлэлдэн нэгдэх бүртээ хүчирхэгжин хөгжиж, талцан хуваагдах болгондоо уруудан доройтсоныг монголчууд та бидний эх түүх нотлодог. Бид хамтын итгэлцэл, тэсвэр тэвчэр, нэгдмэл алсын хараа, сургаар биш судалгаанд үндэслэсэн цогц бодлогоор л энэхүү хүндрэлийг даван туулж чадна. Гацсан эдийн засгийн “цусны эргэлт”-ээ хурдасгаж, зогссон ажлын байрыг эргэн сэргээхээс өөрөөр цар тахлаас улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар ч боломжгүй юм. Тиймээс ч Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болсон. Энэ төлөвлөгөө хэрэгсэнээр эдийн засаг сэргэж, иргэн, өрх бүрийн амьдрал урьдын хэмнэлд орно гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна.
Шинэ, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягт цаг алдалгүй шилжиж, эдийн засгаа нээх бэлтгэл хангахад “Нэг өрх-Нэг шинжилгээ” туйлын чухал юм. Шинийн нэгний өглөө үүргээ гүйцэтгэж буй өргөсөн тангарагтаа үнэнч төрийн албан хаагчид, нийт олнынхоо төлөө нэг зорилгын дор нэгдэж, гэр гэртээ шинэлж байгаа ард иргэддээ Монгол Улсын Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье. Үүний дараа нийт иргэдээ вакцинжуулах ажлыг нэн даруй эхлүүлэх болно. Вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засаг, нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэх юм.
Монгол ахан дүүс ээ!
Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг ардын минь сайхан үг бий. Хулгана жил хулжин одож, эзэндээ ээлтэй үхэр жил морилон ирлээ. Удахгүй шинэ төлийн дуу цангинаж, шинэ бүхэн сэргэх болно. Шинийн нэгний өглөө шинэ бодлого, шинэ хандлага, шинэ улс төрийн соёлоор шинэ Засгийн газар ажиллах болно гэдгээ нийт ард иргэддээ илэрхийлье. Гучин хэмийн хүйтэнд гучин мянган Монгол төв талбайдаа цуглаж, өнгөрсөн гучин жилийг цэглэж, цоо шинэ гучин жилийг эхлүүлэхийг хүссэн иргэдийнхээ итгэл тээсэн харцыг би хэзээ ч мартахгүй. Хүн бүрт хүртээмжтэй эдийн засагтай, байгалийн баялагтаа эзэн болсон, хангалуун дундаж давхарга зонхилсон, хөгжин дэвжсэн, хувь хүн биш хуул засагладаг шударга төр засагтай, шинэ Монголыг цогцлоох ажил амар байхгүй нь ойлгомжтой.
Монгол Улсын Засгийн газар эс үйлдэл хийгүй. Магадгүй өнөөдөр давс мэт шорвогч хожмын Монголд амин тустай зоримог, хатуу, хүнд шийдвэрүүдийг үргэлжлүүлэн цаг алдалгүй гаргах болно. Төв талбай дээрээ итгэл тээн цугласан шигээ Монгол Улсын Засгийн газартаа эргэлзэлгүй итгэж, хүнд үеийг хамтдаа туулна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бүрнээ итгэж байна.
“Алсын хараа-2050” урт хугацааны бодлого ирж буй үхэр жилд бодитоор хэрэгжиж эхэлсэн гарааны жил байх болно. Эцэг дээдэс минь гучин жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилж чадсан шиг эх орон минь гучин жилийн дотор эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн Азийн их хүлэг улс болон хөгжих болтугай.
Мөнх хөх тэнгэр биднийг өнөд ивээх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэжээ.
Холбоотой мэдээ