Спорт аяллын УАШТ боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Спорт аяллын УАШТ боллоо

Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дээд шагналт “Бөртэ чоно”-ын эзэн Монголын Адал Явдалт Спорт Аяллын Холбооноос жил бүр уламжлал болгон зохиодог Монголын улсын тэргүүн аж ахуйн нэгж Эрдэнэт УБҮ-ийн нэрэмжит Спорт аяллын 2010 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Архангай аймгийн нутагт амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү тэмцээн нь нийтийн биеийн тамир, спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын талаар авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээг хөдөөгийн ард иргэдэд сурталчлан таниулах, тэдэнд үнэн бодит мэдээллийг хүргэх зэрэг олон талын ач холбогдолтой болсон юм.

Тэмцээнд оролцож буй баг тамирчид 23-ны өглөө 9.00 цаг гэхэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын төв талбайд бэлэн жагсах товтой байсан. Аяллын спорт, аялагч тамирчид цаг хэрхэн баримталдаг, минут секундын  ч үнэ цэнийг дээд зэргээр мэдэрдэг гэдэг нь илхэн, бахархмаар, сурталчилмаар, сурмаар санагдаж байлаа. Тэмцээний нээлтийн ажиллагаанд хот хөдөөгийн нийт 16 багийн тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс зэрэг 150 гаруй хүн бэлэн жагссан бөгөөд тэмцээнийг МАЯСАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга ОУХМ Б.Жияандорж нээж,  дөнгөж шинээр МАЯСАХ-ны салбар зөвлөлөө өлгийдөн авсан Архангай аймгийн БТСГ-ын дарга Н.Нэргүйбаатар болон аймгийн ИТХ-ын дарга, гишүүд оролцож баг тамирчдад амжилт хүссэн юм. Ингээд тэмцээн албан ёсоор эхэлж баг тамирчид Булган сумын зүг нэгдсэн унаагаар хөдөлсөн бөгөөд Булган сумын төвөөс тэдний аяллын гараа эхлэх ёстой байлаа.

Даваа таарвал давна, саад учирвал ялна

Эхний өдөр аялагч тамирчид маань 25км замыг туулах ёстой байлаа. Ер нь УАШТ маань байгалын сайхныг үзэх, тамирчин хүний тэсвэр хатуужлыг шалгах үүднээс аяллын спортын зам зэргийн ангиллын хувьд 2, 3-р зэрэглэлийн хүнд замаар аялах ёстой. Тэдний замд өндөр өндөр уулс даваа, өргөн гол, өтгөн ой хөндөлсөнө. Урьд өмнө нь нутгийн түмэн ч явахаас зүрхшээдэг байсан замаар аялагчдын цуваа алгуур ч гэсэн урам зоригтой, сүр жавхаатай өгсөнө. Хангай нутгийн байгалийн уран бүтээл, тансаг цэцэгсийн дунд өнгө өнгийн туг далбаа, ижилсэн өмссөн тамирчдын хувцас чимэг болон хослоно.

Аяллын цувааны урд шавилхан залуу өвдөг шүргэм цэцэгсийн тоосыг гөвсөөр зам гарган зүтгэнэ. Ядрах цуцахыг мэдэхгүй, ялаа шумуулыг ч үл тоох энэ залуу аяллын спортын мастер, туршлагатай тамирчин, туйлбартай шүүгч Н.Лханаасүрэн. Хэдхэн хоногийн өмнө Байгаль нуур хүртэл хүнд хэцүү аяллыг амжилтай даван туулсан тэрээр энэ удаагийн аялалд цувааны ахлах шүүгчээр томилогджээ. Түүнтэй хамт энэ удаагийн тэмцээнд ерөнхий шүүгчээр СМ М.В.Алексей, эмч шүүгчээр СМ Ч.Ундрал, шүүгчдээр Р.Анхзаяа, Б.Лхагва-Орших, Б.Мэндбаяр, Ж.Төгсжаргал нарын шилэгдмэл шүүгчдийн баг ажилласан юм. 

Аялагчид эхний өдрийн маршрутыг 25км гэж тооцоолж байсан боловч замын бартаа саад урьдчилан төлөвлөснөөс хүнд, мөн туулах зам нилээн сунжирснаас зарим баг тамирчид туйлдан ядарч буй нь илт байсан юм. Гэвч аяллын спортыг нэгэнт сонгосон бол, тэр тусам УАШТ-д шалгаран оролцож байгаа бол энэ бүхнийг багаараа, хамт олноороо даван гарах ёстой. Хүн нэг бүрийн 35-45кг ачаа үүрээд уул өөд, оргил өөд зүтгэх нь асар хүнд. Гэтэл ядарсан нэгнийхээ ачааг өөрийнхөө үүргэнд хийн 2 хүний ачаа үүрэн зүтгэх аялагч, насаар ахимаг болон, шинэ тутам оролцож буй залуу тамирчин, охидоо хайрлан үүргэвчийг нь өөр дээрээ давхар тэгнэн мацаж буй анд найзуудыг, ахан дүүсийг хараад үнэхээр тэднээр бахархмаар тэдэндээ урам өгөн хашгирмаар санагдаж байлаа.

Орой 7 цагт зорьсон газраа очно гэж тооцоолж байсан тамирчид маань 8.30 минутад төлөвлөсөн газартаа ирэв. Түрүүхэн л туйлдаж байсан тамирчид отгоо хараад баясан хөөрч, эгээ л гүйлтийн тамирчин аятай цовоо цолгиун, хөдөөгийн анир чимээгүйг цувааны дуугаараа эвдэн малчин айлын гадаа хаяа залган айлсав.

Энэхүү айл нь нутгийн малчин Д.Гэлэгбаатарынх юм. Гэлэгээ их сүйхээтэй эрээ. Хот явж наймаа хийнэ, жуулчин дагуулж “ногоон” цохино ер нь л шинэ цагийн Итгэлт баян баймаар. “Итгэлт баян” маань бидэнд зам чиглүүлж, зүг гаргаж өгөв. Энэ жилийн Улсын аваргууд Булган сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнт “Хөх нуур” хүрээд буцах 150 км замыг туулах ажээ. Дараа дараагийн хүнд аянд бэлтгэн аялагчдын хотхон эрт амарлаа.

Холын аянд бүү хугацаа тогтоо, битгий ажил төлөвлө

Сайхан амарч байтал шүгэл тасхийх нь тэр. Гайхан, басхүү бачимдан хартал аялагчид аль хэдийн боссон цай ундаа ууцгаан “ажилдаа” бэлтгэн байх нь тэр. Хотын бидний үнэгэн зүүдэндээ автдаг цагаар Хангайхны, аялагчдын ажил аль хэдийн ундарч байлаа. Монгол хүн уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншлээ хэзээ ч хаана ч мартаж үл болно. Энэ дагуу энэ жилийн тэмцээн “ямаа саах” тэмцээнээр салхиа хагаллаа. Өгөгдсөн хугацаанд тамирчид ямаагаа хашиж, нэг нь барьж байхад нөгөө нь холбож, басхүү нэг нь саах ёстой л монгол уламжлалын тэмцээнд отгон аварга Мон-Алтиус БТДС-ийн “Тэсрэлт” баг манлайлав. Миний бие ч бага зэрэг гайхсныг нуух юун. Учир нь хотын багуудыг үл тоон хөдөөний, тэр бүү хэл саалин дээрээсээ оролцож байгаа багууд төдий хангалттай оролцож чадсангүй. Спорт л юм хойно туршлага, арга ухаан байдаг ажээ. Тэмцээн дууссанаар 10.00 цагт аялагчид аяллын хамгийн урт бөгөөд хамгийн хариуцлагатай 45 км замыг туулахаар эгээ л өмнөхөөс өндөр даваа өөд өгслөө. Гэтэл миний бодсон даваа зүгээр нэг даваа байсангүй. 12 км үргэлжилсэн уулын тагтаар дамжин бүхэл бүтэн нурууг хөндлөн давахаар нутгийн газарчныг дагуулан шүүгчид зоригложээ. Энэ зориг дунд 700 гаруй км-ийн алсаас ирсэн Сүхбаатар аймгийн 14 настай тамирчин хөвгүүн, 75 настай ахмад тамирчин Б.Жамбал нар томоохон төлөөлөл болон манлайлна. Суугаа бидний махан биеэ дангаар нь авч гарахад бэрхтэй сунагар нуруугаар суу заль, эр зориг, тэсвэр хатуужлын илэрхийлэл болон тэд үүргээ дааж ядан, ялахын урмаар, хүрэхийн зоригоор итгэл төгс урагшилна. Өдрийн 15.00 хүртэл аялсан аялагчид 16.00 хүртэл алжаалаа тайлж үдлэв. Тэдний үүргэнээс хотод тэр бүр идээд байдаггүй нандин хүнс гарна. Нандин гэхдээ амтат бурам, чихэр, жимсийг хэлсэнгүй. Хангайн байгальд тэдгээр зүйлс даанч үл тоогдоно. Суусан газарт нь эмийн ургамал нэвсийж, хэвтсэн газраар гүзээлзгэнэ, нэрс, тошлой хөглөрнө. Тэд 100% байгалийн хэрэглээгээр амттаны хорхойгоо дарна. Харин тэдний үүргэнээс алжаал тайлах арвай, багсарсан гурил, хатаасан борц зэрэг эртний дайчин монголчуудын ганзагалааг санагдуулам хүнс гарах нь гайхмаар, өдгөө цагт үнэхээр ховрын юмдаа гэж бодохоор. Нээрээ ч уулын мухар, замын урт, ачааны хүндэд эдгээр зүйлс хоол болно доо.

Өдрийн ачааллыг умартсан шинэ эрч хүч дүүрэн аялагчид хойд Тамирын голыг гатлах хэрэгтэй боллоо. Нутгийн иргэд “Ус арвин байна, хэцүү” хэмээн баахан зүрхшээсэн ч аялагчид юман чинээ тоосонгүй. Үүргэнээсээ уулын олс, бэхэлгээ хударга гарган хэзээ язааны уулчид шиг эгнэн зогсоод үерт Тамирын голыг төвөггүйхэн гаталж орхив. Ер нь тэдний үүргэвч шинэ жилийн өвлийн өвгөний уут шиг хүслийн үүргэвч, аялагч тамирчид маань төрөл бүрийн спортыг чадах сүпермэн шиг л санагдаж байсан нь хожмын учралуудад бүр ч гайхуулаад амжсан юм.

Гол гаталж дуустал арын албаны хүмүүс, хамтран зохион байгуулж харамгүй тус дэм өгч буй Архангай аймгийн БТСГ-ын хамт олон, сонирхсон нутгийн иргэд бидэн дээр хүрэлцэн ирж тэрхэн зуур нилээд өргөн хэмжээний цугларалт болов. Гэвч тавхан хормын дараа шүүгчид цуваагаа цэгцлэн хагас цэргийн зохион байгууллалтаа сануулан жирийтэл тамирчдаа жагсаав. Цааш хөдлөх ажээ. Харин нутгийн иргэд “Одоо нуур хүртэл аравхан км” гэсэн нь ачааны хагасыг аваад хаячих шиг болов. Шүүгчид ч арын албатайгаа 21.00 цаг гэхэд нуур дээр уулзахаар болов. Гэтэл баярлах болоогүй байжээ. Аяллын цуваа маань дахин нэг өргөн гол, даваа гүвээ, тал хөндийг туулан алхавч нуур харагдсангүй. Алхсан зам маань аль хэдийн арваас хэлтийж, алган дахь цаг 21.20 зааж байлаа. Нутгийн иргэд баримжаа алдсан байжээ. Одоохон очно гэсэн хүсэл нь талаар болсонд ч тэр үү, басхүү ямар ч хүмүүнд, хичнээн мундаг тамирчинд ч чадал шавхагдах мөч байдгийг сануулсан уу, аяллын цуваа маань оройн 22.00 хүртэл яваад цааш явах боломжгүй болсон юм. Зарим баг тамирчид нуур хүртэл зүтгэх санаа гаргасан ч шүүгчдийн бүрэлдэхүүн дараагийн өдрийн ачаалал, басхүү тамирчдын амь нас, биеийн эрүүл мэндийг харгалзан уулын энгэрт, горхины дэргэд хоноглохоор шийдвэрлэсэн юм. Харин шүүгч Ч.Ундрал, Р.Анхзаяа нар шөнөдөө явж, нуур хүртэлх зай, бартааг тодорхойлохоор цааш хөдөллөө. Аялагчид хэзээ ч сүүлийн үеийн техникээс хоцорч байсангүй. Богино долгионы радио станцаар цувааны ахлах шүүгч Н.Лханаасүрэнд “Зам бартаа саад гайгүй 9км, нуур харагдаж байна” гэсэн мэдээлэл шөнийн 1.00 цагт ирлээ.

Ялахын хүслээр жигүүрлэсэн

Яруу алдрын шувуухайнууд минь…
Өглөө эртлэн боссон тамирчид шөнө ирсэн мэдээг сонсмогц нүд нь сэргэн бие нь жавхаажив. Уулын замаар уулгалан алхалсаар өглөө 9.00 гэхэд байгалийн үзэсгэлэнт “Хөх нуур”-ын эрэг дээр хүрэлцэн ирлээ. Хөх нуур нь Цэцэрлэг хотоос 150 км-т орших, далайн төвшнөөс дээш 3168 м өндөр уулын таг дээр байршилтай, уртаашаа 11км, өргөнөөрөө 7 км бүхий өвөрмөц сонин тогтоцтой нуур ажээ. Нууранд 5 зүйлийн загас, 9 төрлийн усны ургамал нуурын ойролцоо 12 бүлэг зүйлийн амьтан, 56 нэр төрлийн эмийн ургамал ургадаг цэнгэг уст нуур юм. Энэхүү нуураас нийт 4 горхи эх авдгаас гадна, Хойт тамирын гол мөн эх авдаг аж.

Харин аялагчдыг ирэхэд дошгин хангай идээ гарган, шидээ үзүүлж биеэ нуув. Арваад метрийн цаана буй хүнийг ч харахад бэрхтэй битүү өтгөн манан нүүгэлтэн буулаа. Нуурын эргээс бидний нэрлэдгээр манангийн шар гэрлээр дохих нь содон. Гэтэл энд өмнө нь ирсэн шүүгч, арын албаныхан аль хэдийн сэлүүрт завины тэмцээн явуулахаар бэлтгэн бэлэн болсон байжээ.

Ингээд баг тамирчид 30 минут амраад тэмцээний сугалааг сугалж, дарааллын дагуу тэмцээнд бэлэн жагсав. Манан дунд нуурын мандалруу бүртэлзэн алга болох багуудыг хараад бага гэлтгүй айдас төрж байлаа. Тэднийг тэнд юу хүлээж байгаа бол гэж бодохоос сэтгэлд аймшгийн үзэгдэл урган дотор зарсхийнэ. Нуурын эргээс 100м зайд байрлуулсан цэгийг тамирчид тойрох бөгөөд тэрхүү цэг дээр хяналтын шүүгчид, авран хамгаалагчид завьтай хяналт тавина. Магад тэр хэдхэн шүүгчдэд илүү аймшигтай байсан байж ч мэдэх юм. 2 цаг үргэлжилсэн завины тэмцээн дуусахад Дархан-Уул аймгийн “Уранбайгаль” баг тэргүүллээ.

Аялагчид өмнөх өдрийн алдсан хугацааг нөхөхийн тулд нуурандаа удаан сааталгүй хөдлөх хэрэгтэй болсон юм. Харин хөдлөхийн өмнө хангай дэлхийг дуу хуураар уяраан баг тамирчид өөрийгөө танилцуулах, басхүү бэсрэг урлагийн тоглолт болов. Аялагчдын дунд мэргэжлээ буруу сонгон урлагийн замаас холдсон хүн олон. Хэнээс ч илүү дуулж хуурдах тэднийг хараад өнөөх л сүпермэний бодол дахин толгойд орж ирэв. Олон олон монгол залуусын уянгалаг дуу хууранд уярсан хангай дэлхий, монгол түмний шүтээн дуу “Халуун элгэн нутаг”-ийг нийтээр дуулах агшинд хөшгөө нээн биеэ тольдон гайхуулав. Уулга алдан шагширмаар, уйлан хайлмаар хангай ажээ. Аялагчид үүнийг л үзэх гэж ирсэн. Энд тэдний өмнөх өдрүүдийн ядрал цөхрөл ор сураггүй болсон юм. Хүн бүр инээсэн, хүн бүр тэмүүлсэн харцтай… Өөрийгөө ялан дийлэх, өрөөлийг дэмжин туслах, ялсан мөч, ялгуусан амжилт, хэзээ ч давтагдашгүй тэр л үнэт агшин. Аялагч байхын гайхамшиг энэ л билээ.

Тэмцээн хэзээ зохиогдох юм бэ?!

Нуурын эргээс аялагчид 13.00 цагт хөдөллөө. Харин энэ удаа цуваагаар явсангүй. Газар орны баримжааг мэдэх болсон тул багуудыг бие даалгаж дотоод зохион байгуулалтаа өөрсдөө хийх боломжийг олгон, тамирчдын амь нас, эрүүл мэндийг хатуу хянаж явах үүрэг өгөн оройн 19.00 цагт өнөөх Хойд Тамирын голыг гаталсан газар уулзахаар болзлоо. Гэхдээ ингэж явахад шүүгч нэг бүр зайнаас хяналт тавьж явах юм. Харин нэгэнт зорьсон газраа үзсэн, газрын уруу, мөн баг тус бүр өөрсдийн боломжит хэмжээнд явах нь өндөр ашигтай нь харагдаж баг тамирчид маань 18.00 цаг гэхэд товлосон газар бүрэн ирсэн байлаа. Нэгэнт хол замыг амжилттай даван туулж ирсэн учир багуудад амрах хугацааг шүүгчид хангалттай гаргаж өгөв. Гэтэл тамирчид маань амрахыг хүссэнгүй шүүгчдээс тэмцээн уралдаанаа нэхэж эхлэв. Хүссэн юм хүзүүгээр гэгчээр шөнийн 22.00 цагт газрын зураг дээр байршил тогтоох тэмцээн эхлэв. Гэгээн цагаан өдөр ч энэ тэмцээн хэцүүд тооцогддог билээ. Одоо бүр харанхуй шөнө шүү. Гэхдээ яая гэхэв, тэмцээн л бол тэмцээн. Харин энэ тэмцээнд багууд үүрэг даалгаврыг санаснаас тун хангалтгүй гүйцэтгэсэн билээ. Арга ч үгүй биз, харанхуйд гар чийдэнгийн гэрэлд атгахан цаасан дээр байршил тогтооно шүү дээ. Туршлага заан аяллын акул “Уран байгаль” тэргүүлэв. Оройн 0.00 цагт тамирчид амрахад шүүгчид маргааш явах зам маршрут, зохиогдох тэмцээн уралдааныг дэлгэрэнгүй хэлэлцсээр үлдэв.

Маргааш өдрийн 13.00 цаг гэхэд аялагчид маань аль хэдийн өнөөх айхтар уул, нуруудын тагтруу өгсөн бараг орой дээр нь гарч ирж байлаа. Үүргэвчээ дааж ядан арай гэж гарч ирсэн багуудыг ирсэн дарааллын дагуу шүүгчид техник хэрэгслийн үзлэг хийхээр хүлээж байсан юм. Дээр өгүүлсэнчлэн аяллын үүргэвч гэдэг бол ёстой адтай шидтэний уут гэлтэй. Хэдхэн хормын дотор аялагчид эгээтэй л Нарантуул захыг босгочихсонгүй. Ёстой л алмайртлаа гайхахаас өөр юм хийж чадсангүй. Аялагчийн үүргэвчинд амьдрал багтдаг гэж тэд зүгээр нэг хөөрцөглөдөггүй юм гэдгийг сайтар ухаарч авсандаа.

Эхнээсээ үзлэгт орсон багууд нь ачаагаа эмхэлж цааш хөдлөв. Миний бие арай ядан явсаар 16.00 гэхэд хуучин танил Гэлэгээ ахынхаа барааг хартал тамирчил аль хэдийн ирсэн бололтой тэдний хотхон ярайж байлаа. Дэргэд нь хонохдоо мэдээгүй бас нэг гайхамшгийн уулын өндөр дээрээс харлаа. Аялагчдын майхант хотхон Хүй долоон худгийн дэнжид соёолон ирж шиг л өнгө өнгөөр солонгорон, хөл хөдөлгөөн ихтэй гайхам харагдаж байлаа. Өнгө өнгийн асар майхан, янз бүрийн содон туг далбаа, бие биедээ уусан туяарах тамирчдын хувцас ёстой л наадам налгар болж байгаа мэт.

Энэ өдөр уулын оргил булаалдах, техник тактикийн спорт буухиа, байгальд нуувч илрүүлэх зэрэг 3 тэмцээн болсон бөгөөд багууд ёстой л хөнжилдөө орох завгүй хөлхөлдөн тэмцэлдэж, орондоо орох завгүй уралдсан юм. Хачирхалтай нь энэ 3 тэмцээнд бүгдэд нь өнөөх л Дархан-Уул аймгийн “Уран байгаль” түрүүлэх нь тэр. Аргагүй аяллын гигант, акул баг гэдэг нь мэдрэгдэж, мэдрүүлж байлаа. Тэд 7 тэмцээний 5 түрүүг авсан юм. Гэхдээ баярлах болоогүй байлаа. Тэдний ард шил даран ноднингийн аварга Мон-Алтиус БТДС-ийн “Тэсрэлт” нэхэл хатуу мөшгиж байсан юм.

Зам минь дууслаа, Цом минь хаана явна?

2010 оны УАШТ-ний сүүлийн зам маршрутыг аялагчид аяллын эхний өдөр хангалттай мэдэрч, басхүү танилцаж авсан билээ. Сүүлийн өдрүүдэд аялсан ёсоор шүүгчид 16.00 цаг гэхэл Булган сумын төвд уулзаж аяллын барианд орох даалгавар өгөв. Эхний өдөр уйлуулан дуулуулан зүтгүүлж байсан өндөр даваа, уул, нугачааг тамирчид хялбархан давжээ. Тэд 15.30 гэхэд Булган сумын төвд хүрэлцэн ирсэн байсан билээ. Энд 17.00 цагт багуудын хувь заяаг шийдвэрлэх сүүлийн тэмцээн багийн лидерүүдийн хооронд болсон юм. Олон олон шилдгүүдээс онцгой нь хэн бэ, багийнхаа амжилтыг хэрхэн тодорхойлох вэ гэдэг нэр төрийн хийгээд эзлэх байрыг шийдвэрлэх сүүлийн тэмцээн МАБТДС-ийн “Тэсрэлт” багийн ахлагч Б.Пүрэвсүрэн бусдыгаа тэргүүлсэн юм. Ингэснээр 2010 оны Спорт Аяллын УАШТ-ний шинэчилсэн цом, алтан медаль, 300.000 төгрөг Мон-Алтиус БТДС-д очиж, тэд 2 жил дараалан Улсын аварга болсон. Харин тэдэнд торгуулийн оноогоор хожигдсон Дархан-Уул аймгийн “Уран байгаль” баг 2 дахь жилдээ дараалан мөнгөн медалийн эзэд болсон бол, хүрэл медалийн эздээр ШУТИС-ийн “Жигүүр”, алс хол Сүхбаатар аймгаас ирж оролцсон “Шилийн богд”, шагналт байруудад Эрдэнэт УБҮ-ийн “Хангарьд”, Өвөрхангай аймгийн “Найманнуур” багийн хамт олон орох нь тодорхой болсон.

Хаалтын ажиллагаа Архангай аймгийн БТСГ-ын Спорт цогцолборт болсон бөгөөд байр эзэлсэн багуудын шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдлаа. Мөн үүнтэй зэрэгцэн дөнгөж саяхан  Монгол Улс ОХУ-ын Эрхүү муж, Буриадын баг хамт олонтой хамтран Сэлэнгээс Байгаль нуур хүртэлх аялалд оролцож, 2 улсын аяллын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн зарим аялагч тамирчдад төрийн дээд шагнал, холбогдох харъяа байгууллагуудын шагналуудыг гардуулах ёслолын ажиллагаа болсон юм. Энэ жилийн тэмцээн сайхан боллоо. Ерөнхий ивээн тэтгэгч, бидний найдвартай түнш, Монгол улсын тэргүүн байгууллага “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон, хамтран зохион байгуулсан, төрөл бүрийн туслалцаа дэмжлэг үзүүлсэн Архангай аймгийн ЗДТГ, БТСГ, МАЯСАХ-ны аймаг дахь салбар зөвлөлийн хамт олондоо баярлалаа. Ядрах цагт яндашгүй сэтгэлээ харамгүй нээсэн аялагч андууд минь, хэцүү замын ард хамтаараа гарсан багийн нөхөд минь, зоригийг минь дэвжээж, бие хүч ухаанаа уралдуулсан өрсөлдөгч найзууд минь баяртай.

Тэмцээн дуусавч, аялагчийн харгуй зам дуусахгүй. Та бүхэнтэйгээ удахгүй уулзана, ташмагтай хоолоо дахиад хувааж иднээ би чинь.

Р.Анхзаяа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж