“Өртөө” цаг хугацаагаар аялуулна

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

“Өртөө” цаг хугацаагаар аялуулна

Адал явдалт, инээдмийн жанраар хайрын тухай өгүүлэх, өвөрмөц зохиол, хийц шийдэлтэй “ӨРТӨӨ” уран сайхны кино энэ сарын 8-нд кино театруудаар нээлтээ хийнэ. Богино хэмжээний бүтээлүүдээрээ олноо танигдаж, бүрэн хэмжээний “Дуудлага”, “Учрал” нэртэй бие даасан кино бүтээлээ үзэгчиддээ хүргэсэн “Aurora Films”-ийн залуу найруулагч Б.Чингүүн энэхүү киноны найруулагчаар ажилласан юм. Өчигдөр “Өртөө” уран сайхны киноны уран бүтээлчид, урлаг судлаач, кино шүүмжлэгч, найруулагчид болон хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч VIP кино үзлэг хийлээ.

Тус киноны эх зохиолын санааг найруулагч Б.Чингүүн гаргаж, зохиолч Э.Нямдулам, Д.Бямбацогт нартай хамтран бичжээ. Харин туслах найруулагчаар “Ноён солиот”, “Салхи” Дамбий дүрээрээ олонд танигдсан жүжигчин Д.Бямбацогт ажилласан бөгөөд түүний хувьд Гавьяат жүжигчин Ж.Оюундарьтай алтан хамтрагч болон тоглосон байна. Түүнчлэн киноны гол дүрд SBN киноны хөтлөгч, жүжигчин Б.Батзаяа, жүжигчин Б.Хулан нар тогложээ.

Залуусын хайр дурлал, тэдэнд тохиолдох олон саад бэрхшээлийг өөр цаг үе, өөр хувь тавилан, өөр нөхцөлд уран зураг мэт дүрслэлээр илэрхийлсэн 18-19 дүгээр  зууны үеийг харуулах “Өртөө” уран сайхны киноны гол дүр болох Ари гэх залуугийн дүрийг гаргасан хөтлөгч, жүжигчин Б.Батзаяатай цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө өвөрмөц зохиол, шийдэлтэй “Өртөө” киноны гол дүрийг бүтээсэнд баяр хүргэе. Киноны тухай үзэгчдэд хүргэхгүй юу?

-Надад зарим нэгэн зүйл эрт эхлэхгүй яав даа гэсэн тохиолдол гарч байсан. Гэхдээ хүний суралцах, боловсрох хэзээ ч оройтохгүй. Хүн өнгөрсөн хойно л харамсдаг юм байна. Гэтэл хүн цаг хугацаанд гүйцэгдэж явах биш цаг хугацаатай уралдаж, түүний өмнө гарч явахын тулд яах ёстой юм бэ? Ялангуяа технологийн шинэчлэл хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед олон зүйл бодогдож байна. Хүн хувь заяанд хөтлөгдөж явдаг юм уу, эсвэл цаг хугацаанд хөтлөгдөх үү гэдэг санааг энэхүү кино өгүүлдэг. Миний тоглосон Ари залуугийн дүр бол хайрлаж, дурлаж байсан. Гэхдээ энэ удаа хэзээ ч харж байгаагүй, нэг ч удаа ярьж чадаагүй тэр нэгэн эмэгтэйд хайртай болох. Гэтэл Ари, бүсгүй хоёрын хооронд хувь заяаны тохироо гарч ирдэг.  Гэтэл орчин нөхцөл нь XVIII-XIX  зууныг харуулах. Киног классизмын үеийг харуулахыг зорьсон болохоор үнэхээр хэцүү байсныг хэлмээр байна. Гол дүрийн дурлалт залуу, бүсгүйгээс гадна эмгэн, өвгөн хоёрын нүүр хувиргалт гээд сонирхолтой шийдлүүд олон байлаа.

-Таны хувьд энэхүү киноны гол дүрд хэрхэн сонгогдсон бэ?

-Кино зохиол өнгөрсөн онд бичигдсэн байсан. Харин найруулагчийн зүгээс надад ийм нэгэн кино байгаа шүү гэдэг санал тавьж байсан. Үнэндээ зохиолыг аваад танилцахад миний төсөөлж байсан бүхэн өөрчлөгдсөн. Ази хүн Европ хэв маягаар хувцаслахаас эхлээд бүх зүйл өөр болсон. Миний ургуулсан сахал хүртэл учиртай байлаа. Уран бүтээлч хүний хувьд иймэрхүү дүрд тоглохсон гэсэн бодол байдаг. Энэ дүрийг бүтээхэд их олон судалгаа хэрэгтэй байсан. Харин цаг хугацаа өөр болж. Бүх мэдээллийг интернэтээс хайгаад авчих юм. Тиймээс дүрдээ хурдан ороход ойр байлаа. Монгол ахуйд Ари залууг яаж үзэгчдэд ойр байж чадах вэ гэдгийг харуулах үүрэг байсан. Багийн хамт олон бүгдийн хүч байсан болохоор “ӨРТӨӨ” хэмээх цаг хугацаанд саатлаа. Мэдээж залуу найруулагчийн нийгэмд хүргэхийг хүссэн кинонд гол дүрийг бүтээнэ гэдэг бол азтай хэрэг байсан. Магадгүй ийм классик хийцтэй кино цаашид хэр олон хийгдэхийг мэдэхгүй байна. Энэ кино өөрөө түүх бичээд эхэлчихлээ. Телевизийн уран бүтээлчийн хувьд энэ нь алдаж болохгүй боломж байсан.

Залуусын хайр дурлал, тэдэнд тохиолдох олон саад бэрхшээлийг өөр цаг үе, өөр хувь тавилан, өөр нөхцөлд уран зураг мэт дүрслэлээр илэрхийлсэн XVIII-XIX  зууны үеийг харуулах “ӨРТӨӨ" уран сайхны кино энэ сарын 8-ны өдөр “Тэнгис”, “Хүннү”, “Гэгээнтэн”, “Соёмбо” кино театруудад, 15-д Өргөө кино театрт нээлтээ хийх гэж байна.

Уг киноны гол дүрийг Б.Батзаяа, Б.Хулан, СТА Д.Бямбацогт, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар бүтээлээ. Мөн туслах дүрд дуучин “Ноён Бондгор” нэрээрээ танил болсон дуучин Ц.Амарбаяр, жүжигчин Ц.Тайван нар тоглосон юм. Киноны дуу болох “Алсад Ойрхон” дууны аяыг Ocean Grey Production  зохиож, үгийг П.Одгэрэл бичсэн бөгөөд МУГЖ Б.Сарантуяа дуулжээ.

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж