Сү.Батболдын фракцынхан жийгдэх үү?

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Сү.Батболдын фракцынхан жийгдэх үү?

МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй горилогсдын тоо 200 дөхжээ. Үүнээс болж, Ерөнхий сайд асан Сү.Батболдын фракц намдаа жийгдэж эхэлсэн гэх “бор шувуу” нисч эхлээд байна.

Уг фракцид Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан Д.Цогтбаатар, Уул уурхай эрчим хүчний сайд асан Д.Зоригт, “Чоно”-ын Ч.Ганхуяг, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нар багтдаг.

Тус фракцын зүгээс Д.Цогтбаатар, Д.Зоригт, Ч.Ганхуяг, Д.Энхтайван нарыг УИХ-ын сонгуульд тойрогт нэр дэвшүүлнэ хэмээн зүтгүүлж эхэлсэн нь намынх нь гишүүдийн уурыг барж буй аж. С.Баярыг Засгийн газрыг тэргүүлж байх үеэс л хамаг л өөдтэй, өнгөтэй албан тушаалыг хамж, мөн л хамгийн боломжтой гэсэн тойрогт хүмүүсээ нэр дэвшүүлдэг байсан ч ялахаасаа илүүтэй ялагдаж явсан учраас дахин итгэл үзүүлэх нь осолтой гэсэн болгоомжлол нөхөд дунд нь бий аж. Нөгөө талаас нам дотор хэнийгээ тойрогт, хэнийгээ намын нэрсийн жагсаалтад оруулах вэ гэдэг нь тодорхойгүй байхад “Бид л нэр дэвших ёстой” гэсэн өнцгөөр хандсан нь намынхандаа адлагдахад хүрсэн гэх. Гурван жилийн өмнө С.Баяр, Сү.Батболд нарыг намын хорооноос нь чөлөөлж, байсан явдал бий. Энэ тухай тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хороонд С.Баяр, Сү.Батболд нар харьяалагддаг байсан ч 2012 оны УИХ-ын сонгуульд намыг ялагдуулсан гэж нөхөд нь үзэн дүүргийн гишүүнээсээ чөлөөлсөн байдаг.

Гэвч тус фракцынхан дахин тэмцэлдсэнээр Сүхбаатар дүүргийн МАН-ын хороог эргүүлэн авч, сайд асан Д.Цогтбаатарыг даргаар нь томилжээ. Дарга болсон нь Ерөнхий сайд асан Сү.Батболдыг хуучин тойргоос нь дахин нэр дэвшүүлэх мөн өөрөө тус тойргоос нэр дэвшихтэй нь холбоотой аж. Сүүлийн үед телевизийн суваг солих бүрийд сайд асан Д.Цогтбаатар гэдэг хүн ярьж суудаг болсон нь намын нөхдийнх нь зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэх болсон юм даг уу даа. Үүнээс ч болсон уу, Сү.Батболдынхон мөнгө хаян телевиз худалдаж авч байна гэх яриа ч газар авчээ. Харин Сү.Батболд нь нууц ноёнтны үүрэг гүйцэтгэж суугаа гэх.

Ойрмогхон ил гарч ярьж магадгүй нь УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаад өрийн асуудлыг судлах ажлын хэсгийн даргаар Сү.Батболдыг томилжээ. Эрх баригч хүчнээс Ардын намыг Засгийн газар барьж байх үед хамгийн их өр тавигдсан тухай мэдээлж байгаа учраас үүнийхээ учрыг Сү.Батболд өөрөө олох ёстой гэж намынхан нь үзсэн бололтой.

Ардчилсан намынхны хэлээд байгаа үгэнд ч үнэний ор бий. Учир юу вэ гэвэл, 2008-2012 оны Засгийн газар нь 250 сая ам.долларыг Оюутолгойгоос, 350 сая ам.долларыг Тавантолгой төслөөс, 770 сая ам.долларыг Оюутолгойгоос эзэмших 34 хувийг барьцаалан зээлээр авсан байдаг. Зээл авч болно, түүнийгээ хэрхэн үр дүнтэй зарцуулж чадсан бэ гэхээр л Сү.Батболдын Засгийн газар нойл  /00/ заачихаад байгаа. Ард түмэнд 21 мянган төгрөгөөс илүүтэй сургууль, цэцэрлэг хэрэгтэй байхад барьж өгөөгүй. Хэрвээ энэ саналыг хүлээж аваад иргэдийн хүсэн хүлээсэн бүтээн байгуулалтыг хийчихсэн бол Ардын намынхан ч өнөөдөр улсаа өрөнд оруулсан улстөрийн хүчин гэж адлагдах байсан гэж үү.

Д.БАТХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж