Сар шинэ болохоос арваад хоногийн өмнө л Улсын онцгой комисс (УОК), Нийслэлийн онцгой комисс (НОК) олон нийтэд хандан, Улаанбаатар хотод 12 хоногийн хатуу хөл хорио тогтоохоо зарлаж байсан ч өнөөдөр 06.00 цагаас эхлэн хэрэгжсэн дэглэм нь бэлтгэл хангаагүйг бэлхэнээ харуулав.
Буяны ажлаар яваа иргэдийг товчоогоор гаргахгүй саатуулснаас шарилаа хөдөөлүүлж чадахгүй болж, буцах уу яах вэ гэдэг асуудалтай тулав.
Хүүхэд нь өвдөж, шинжилгээ өгөхөөр цаг авсан байсан ээж нялх үрээ тэврээд хэдэн буудал газар алхаж явна.
Хөл хорионы 12 хоногийн хугацаанд 14 салбар, байгууллага үйл ажиллагаа эрхэлж болохыг УОК-оос нэр зааж, түүнд хамаарах хувийн хэвшлийнхэн нь ажлын үнэмлэх, тодорхойлолтоо үзүүлээд автомашинаараа явах боломжтой гэж Шадар сайд нь мэдэгдсэн ч Тээврийн цагдаагийн албаныхан нь “Тийм шийдвэр ирээгүй” гээд буцааж байна.
Хөл хориог хэрэгжүүлэх дайчилгаанд төрийн албанаас 15 мянган албан хаагчийг татан оролцуулж, эргүүл хийлгэх болсныг албаныхан мэдэгдсэн. Гэвч тэдний үүрэг гүйцэтгэх ажлын 8 цагийн хугацаанд хаана бие засах вэ, хаана хооллох вэ гэдэг асуудлыг нь шийдээгүйгээс зарим нь гудамжинд бие засч эхэлсэн тухай зураг сошиалаар цацагдах болов.
Хоёрдугаар сарын сүүлээр декрет авахаар хоногоо хүлээж байсан жирэмсэн эмэгтэйг гадаа эргүүл хийх ажилд томилсон тухай мэдээ ч чих дэлсэх нь тэр.
“Өргөө” амаржих газарт нярайлсан эмэгтэйг хөхөө өвлийн хүйтнээр гэрийн халад, углааштай гаргасан хүнлэг бус үйлдлээс болж, Засгийн газар огцорсон. Гэтэл энэ алдаа төрийн байгууллагынханд сургамж үлдээгээгүй бололтой, хоёр сарын дараа амаржих эхийг гадаа зогсоох дайчилгаанд татсан байх юм.
Төрийн алба 190 мянга гаруй хүнтэй болтлоо данхайсан. Тодруулж хэлбэл, жирэмсэн эхийг өвлийн хүйтнээр гадаа зогсоох хүртэл хүний нөөцийн хомсдолд ороогүй. Гэвч ийм эмгэнэлт байдалд ортлоо ялзарсан нь төрд хуулиа мэддэггүй хурган дарга нар олон болсны үр дагавар болов уу. Учир нь, Гамшгийн тухай хуульд жирэмсэн эхийг ийм дайчилгаанд хамруулахгүй байх зохицуулалттай.
Ажиллах чиг үүрэгт орсон төрийн байгууллагынхан нийтийн тээврээр зорчино гэсэн ч автобус нь явахгүйгээс ажилдаа хоцорсон хүмүүс олон гарав.
Тэр бүү хэл Эрүүл мэндийн яамнаас тогтмол 11.00 цагт олон нийтэд цацсаар ирсэн Covid-19 цар тахлын нөхцөл байдлыг танилцуулдаг цахим хурал нэг цагаар хойшилж, эхлэв. Эргүүлд гарч байгаа цагдаа нар тус яамны IT-гийн ажилтныг нь явуулаагүйгээс энэхүү саатал гарчээ. Ийнхүү жишээ татаад бичээд байвал барагдахгүй олон проблем хөл хорио хэрэгжиж эхэлсэн хэдхэн цагт гарсан нь энэ. Нөгөө талаас дайчилгаанд хамрагдсан төрийн албаныхан нь хүнд нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэж буйгаа сошиалаар нэг сэвж, зарим нэг нь бүр ялархаж байна.
УОК, НОК нь бэлтгэл хангаагүй, ажил нь уялдаа холбоогүй, гаргасан шийдвэр нь дунд шатанд очоод өөрчлөгддөг нь нэгдсэн зохион байгуулалтаар хангагдаагүйн үр нөлөө боловч өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш гэрээсээ голдуу ажиллан, цалингаа бүтнээр нь авч ирсэн төрийн албаныхныг нэг удаадаа дайчилахад юу нь болохгүй байна вэ. Гэр бүлийнхэн нь хүртэл бөөн уур унтуу.
Гадаа зогсч, эргүүл хийх ажлыг зөвхөн хүчний байгууллагынхан гүйцэтгэх ёстой гэдэг агуулгаар хандвал дэндүү өрөөсгөл болно. Цар тахал дэгдээгүй үед төрийн албаныхныг дайчилсан бол өөр хэрэг. Гэтэл нөхцөл байдал нь өөрөө хүн хүч шаардаж буй учраас л арга буюу дайчилсан хэрэг биз. Харамсалтай нь, муу л бол захын хар овоохой гэдэг шиг цагдаа нар нь сонсогчтойгоо даарч хөрч болдог, харин танхимд сууж ажилладаг нь нэг удаадаа гадаа зогсоод эргүүл хийхээр болдоггүй нь хачирхалтай.
Эргүүлийг тэд хүчээр хийж байгаа болоод ч тэр үү хүүхдээ тэврээд хэдэн буудал газар алхаж яваа эхийг эмнэлэг хүргэчих зохицуулалтыг хийчих сэтгэл гаргачихгүй байна.
Сануулахад, ард түмэн хөл хориог эсэргүүцээгүй. Гагцхүү хэрэгжүүлэх үйл явц нь тодорхой, төрийн байгууллагууд нь уялдаа холбоотой ажиллаж, зайлшгүй гачигдал зовлон гарсан, эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай болсон иргэддээ хүнд суртал гаргахгүйгээр нэвтрүүлж, зөвшөөрөгдсөн салбарынхныг ажил үүргээ гүйцэтгэх боломжид нь бүү саад тавиач л гэж хүсч байна.
Өөрөөр хэлбэл, цар тахлыг даван туулах ажил зөвхөн төрийнхний үүрч гарах ажил биш иргэд ч уамсартай хандах ёстойг хүн бүр мэдэж буй.
Харин энэ ажлыг нэгдсэн зохион байгуулалт удирдлагаар хангах чиг үүрэг хүлээсэн УОК, НОК-ынхоон ажлаа хурдхан гартаа оруулаад хоёрдмол утгагүйгээр шийдвэрээ хэрэгжүүлж ажиллахад анхаарах шаардлага байна. Тэр дундаа НОК нь УОК-иосоо илүү том толгойлж, бужигнуулдагаа хэзээ зогсоох вэ. Улаанбаатар хот гэдэг статус нь УОК-иосоо өөр стратегиар ажиллана гэсэн үг биш.
Аймгууд нь өнгөрсөн хугацаанд УОК-иос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээд цар тахлыг хяналтдаа оруулсан. Гэтэл нийслэлд юу болов, гурван сар болж байхад цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэй агентлагууд нь одоо хэр нь учраа олоогүй, төрийн албан хаагчид нь эргүүлд гарчих сэтгэл зүйн бэлтгэлгүй, ял юм шиг үүрэг гүйцэтгэж байна.
Эцсийн дүндээ Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэр нь НОК дээр очоод өөрчлөгддөг, мөн дунд шатанд очоод цалгарддаг, зөрчилддөг энэ байдлаас болж, өнгөрсөн хугацаанд хүний амь хохирсон гашуун сургамж бийг мартах учиргүй шүү.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ