Ерөнхийлөгч “загас”, Ерөнхий сайд “загас барих аргыг заах”-аа амлав

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч “загас”, Ерөнхий сайд “загас барих аргыг заах”-аа амлав

Ерөнхийлөгч “загас”, Ерөнхий сайд “загас барих аргыг заах”-аа амлав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөгөө өчигдөр /2021.02.10/ танилцуулав. Энэ бол манай бүтэн жилийн улсын төсөвттэй тэнцэх мөнгө. Энэ жилийн улсын төсвийн орлогыг 11 их наяд 797,8 тэрбум төгрөг байхаар УИХ-аас баталсан.

Ерөнхий сайдын нийгэмд өгсөн мессежийг тоймловол

  • Засгийн газар гуравдугаар сарын 1-нээс ард иргэдээ вакцинжуулж, наадам гэхэд дуусгана.
  • Ажлын байрыг дэмжиж гурван хувийн хүүтэй хоёр их наядыг  зах зээлд нийлүүлнэ.
  • Орон сууцжуулахад 3 их наядыг зарцуулна.
  • Аж ахуйн нэгжид 300-500 сая төгрөгийн зээл тусламж үзүүлнэ.
  • Нэг их наяд төгрөгийг нь Хармагтайн ордыг санхүүжүүлнэ.

Мөнгийг нь гурван эх үүсвэрээс олох гэнэ. Нэгд, Хармагтайн бүлэг ордыг ашиглаж, хоёрт, байгалийн баялгийг эргэлтэд оруулах замаар, гуравт, нэг их наяд төгрөгийн санхүүжилтийг Төв банкнаас гаргуулахаар төлөвлөж байгаа аж.

Хармагтайн бүлэг ордын Овоот хяр гэх хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн Хойд бүргэдэйн хүдрийн биетэд 53,1 тонн алтны нөөц байгааг өнгөрсөн онд тогтоож, Засгийн газрын хуралдаанаар улсын нөөцөд бүртгэсэн юм. Нөгөө талаар байгалийн баялгаа эргэлтэд оруулж эдийн засгаа сэргээх нь Монгол Улсын үе, үеийн Засгийн газрын төлөвлөгөө байсан. Ч.Сайханбилэг , Ж.Эрдэнэбат , У.Хүрэлсүх  бүгд ингэж “мөрөөдсөн”. Зарим нэг нь байгалийн баялгаа эргэлтэд оруулж эдийн засгаа өөд татсан биш өнөөдөр шоронд сууж байгаа нь ч бас үнэн.

Нэг их наяд төгрөгийг Монголбанкнаас гаргахдаа төгрөг үйлдвэрлэх үү, нөөц хөрөнгөнөөсөө гаргах уу?. Мэдээж, төгрөг үйлдвэрлэж тараавал үндэсний мөнгөн тэмдэгт “үнс” болно. Гэхдээ, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн өгсөн мэдээллээр төв банк төгрөг үйлдвэрлэхгүй, 7.8 их наядын нөөцөөсөө гаргах юм байна. Энгийнээр тайлбарлавал банкин дээр “түгжигдсэн” мөнгийг л эдийн засгийн эргэлтэд оруулах аж.

Харин өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ товч, тодорхой хэлнэ лээ.

Засгийн газрын зүгээс ажил олгогчдыг дэмжиж ажлын байрыг хамгаалах, нэмэгдүүлэх, иргэдээ халамжаар биш ажлын байраар хангаж, тогтвортой орлоготой, орон сууцтай болгохоор зорьж байгаа аж.  Зөв л дөө, загас барьж өгснөөс загас барьж өгөх аргыг зааж өг гэдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн нэгдүгээр сард оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан билээ. Уг төслийг УИХ-ын ээлжит бус чуулган яаралтай зарлан хуралдуулж хэлэлцэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт тавьсан. Ерөнхийлөгчийн хүсэлтэд  спикерийн зүгээс өчигдөр өгсөн хариулт нь  “Өрх бүрт нэг сая төгрөг олгох мөнгө байхгүй. Манай улс 800 мянган өрхтэй. Энэ сургаар өрхүүдийн тоо эрс нэмэгдсэн. Тэгэхээр нийт 1 их наяд төгрөг хэрэгтэй болно. Төрийн нэгдсэн санд оффшороос мөнгө орж ирээгүй. Иймд УИХ хууль батлах боломжгүй”.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар ч өмнө нь оффшороос Монгол Улсын дансанд нэг ч төгрөг орж ирээгүйг тайлбарлаж байсан билээ. Өөрөөр хэлбэл, оффшороос орж ирсэн мөнгөөр өрх бүрд нэг сая төгрөг тараана гэсэн Ерөнхийлөгчийн “санаачилга” үлгэр төдий гэсэн үг.

Дээр нь өрх бүрт нэг сая төгрөг өгнө гэвэл нийтдээ нэг их наяд төгрөг болно, Засгийн газар энэ мөнгийг идэж уугаад дуусгаснаас аж ахуйн нэгжээ дэмжиж, ажлын байраа хадгалах, нэмэгдүүлэх зорилготой байгаа юм байна.

Түүнчлэн энэ сарын 6-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Дундговьд ажиллаж Салхитын мөнгөний ордтой танилцахдаа Салхитын мөнгөний ордоос олсон 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанкинд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгоо амлаад ирсэн.

Гэхдээ өнгөрсөн 2020 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар зээлтэй ахмадуудын 6 сая хүртэлх зээлийг тэглэж, зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Ийнхүү Ерөнхийлөгч сонгуульдаа бэлтгэн сав л хийвэл “мөнгө тараана, мөнгө өгнө” гэж иргэдийг талцуулсанд Ерөнхий сайд шүүмжлэлтэй хандаж байгаа бололтой, өчигдөр мэдээлэл хийхдээ “Цаашдаа бид бэлэн мөнгөөр сонгууль хийдэг соёлоосоо татгалзах хэрэгтэй”-г онцолно лээ.

Товчхондоо, өнөөдрийн хувьд Ерөнхийлөгч “загас”, Ерөнхий сайд загас барих аргыг нь заахаа амлаж байна.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж