Ходоодны шархыг гүүний саамаар эмчлэх аргыг нэвтрүүлсэн шинэхэн гавьяат Ж.Тамир

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

Ходоодны шархыг гүүний саамаар эмчлэх аргыг нэвтрүүлсэн шинэхэн гавьяат Ж.Тамир

Ходоодны шархыг гүүний саамаар эмчлэх аргыг нэвтрүүлсэн шинэхэн гавьяат Ж.Тамир

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга салбараа манлайлан ажилласан зарим хүнд төрийн дээд одон медаль гардуулсан. Энэ үеэр гавьяатын эгнээг нэгээр нэмсэн хүн нь Бөөрний төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Ж.Тамир байв. Тэрбээр Чехословак улсын “Ниролог” маркийн зохиомол амьсгалын 4 аппарат, ОХУ-ын “РО-5”  зохиомол амьсгалын 5 аппаратыг эмчилгээний практикт нэвтрүүлсэн нь олон зуун хүнд өвчтөний амь насыг аварч эмчилгээний түвшинг ахиулсан, Анагаах ухааны шинэ ололтыг УНТЭ-ийн эмчилгээнд нэвтрүүлсэн нь шинэлэг ажил болсон. Мөн бөөрний төвийн эрхлэгчээр ажиллаж Япон улсаас 10 ширхэг хиймэл бөөрний аппаратыг бөөрний дутагдалтай өвчтөнүүдийн эмчилгээнд нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус төв дээр бөөрний дутагдалтай зуу зуун хүн эмчлүүлж байна. Мөн цусны даралт ихсэлтийг оношлох бөөрний ангиографийн шинжилгээний рентген-аппаратыг оношилгооны практикт нэвтрүүлсэн. Энэ нь ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан үр бүтээлтэй ажил болсон билээ. Ж.Тамир нь ард иргэдийн дунд өндөр нэр хүндтэй, өндөр боловсролтой, арвин мэдлэг туршлагатай, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах ажилд 40 гаруй жил үр бүтээлтэй хүчин зүтгэж байгаа эмч, эрдэмтэн юм. Түүний Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан олон жилийн хөдөлмөр бүтээлийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын “Хүний гавьяат эмч цол”-оор шагнасан нь нүдээ олсон шагнал болсон билээ.

Ингээд будаг нь ханхалсан шинэхэн гавьяаттай ярилцсанаа хүргэе.

 Юуны өмнө Монгол Улсын гавьяат эмч болсонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. 

-За баярлалаа.

Гавьяат болсон тухай мэдээг хэзээ сонссон бэ?

-Төрийн хүндтэй цол авах мэдээг хоёр сарын өмнө дуулгадаг юм билээ. Үнэхээр сайхан мэдрэмж төрж байлаа. Үнэнийг хэлэхэд гавьяат болох гэж байгаадаа итгэж ядсан. 2020 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Үүний дараа гавьяат эмч цолоор шагнагдлаа. Маш их баяртай байна. Өвчтөний оношийг сайн тавьж чадвал эмчилгээг үр дүнтэй хийж, хүнийг өвчин зовлонгоос нь салгах эмч хүний хамгийн том эрхэм үүрэг гэж боддог. Энэ үүргээ хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж байсныг маань төр үнэллээ.

Та ажил амьдралын гараагаа хаанаас эхэлж байв. Ер нь яагаад эмчээр ажиллахаар болсон юм бэ?

-Дунд сургуульд байхдаа хүнийг анагаах ухаанд суралцаж, эмч болохоор эргэлзэхгүйгээр шийдсэн. 1980 онд АУИС-ыг төгсөөд нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт анх их эмчээр томилогдсон. Гавьяат эмч Л.Лхагважавын удирдлага доор 10 гаруй жил сэхээний эмчээр ажилласан. Үүний дараа АУИС-ийн дотрын танхимд багшаар томилогдон ажилласан. Багшаар ажиллаж байхдаа нэгдүгээр эмнэлгийн дотрын тасгийн бөөрний их эмчээр ажиллаж байсан. Энэ хугацаандаа бөөрний шалтгаантай даралт ихсэлтийг оношлох сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан.

Сэхээн амьдруулах тасагт ажиллах хугацаандаа хэчнээн өвчтөнийг үзэж оношлосон бол?

-1980-1987 онд УКТЭ-т сэхээн амьдруулах тасагт их эмчээр ажиллаж, энэ хугацаанд 1889 өвчтөнийг үзэж, оношлон эрчимт эмчилгээ хийж эдгэрүүлсэн. 1200 гаруй хүнд ерөнхий мэдээ алдуулах ажлыг осол хүндрэлгүй явуулж ажилласан байна.

-Сэхээний тасагт хүн үхэл амьдралын зааг дээр байдаг. Сэхээний эмчийн онцлог ямар байдаг бол?

-Сэхээний эмч хүн маш их өргөн мэдлэгтэй, хөдөлмөрч хүн байх ёстой. Оношийг оновчтой тодорхойлох нь сэхээний эмчийн гол үүрэг. Оношийг зөв тогтоож, эрчимт эмчилгээг зөв хийж чадвал амь насыг аварч чадна. Мөн эмчийн туршлага, хандлага л тухайн хүнийг аварч чадна. Өнөөдрийн байдлаар хавдрын хүнд үедээ орсноос бусад үед бөөрний өвчнийг бүрэн эдгээж, эмчилдэг болсон.

-Сэхээний тасгийн тоног төхөөрөмж манайд хэр хөгжсөн бэ?

-20 гаруй жилийн өмнө сэхээний тасгийн тоног төхөөрөмж голдуу ОХУ-аас орж ирдэг байсан. Өнөөдөр бол харин манай улсын сэхээний эмнэлгүүдийн тоног төхөөрөмжүүд Англи, Герман, Европын орнуудын тоног төхөөрөмжүүдээр шинэчлэгдсэн. Сэхээний тасгийн эмчилгээ, үйлчилгээ эрс шинэчлэгдэж хөгжилтэй орны түвшинд хүрсэн байгаа гэдгийг хэлэх тун таатай байна.

-Таныг анагаах ухааны олон шинэ ололтыг нэвтрүүлж байсан гэж сонссон. Энэ тухайгаа яривал?

-2009 оны үед АУИС-д багшилж байхдаа бөөрний судсыг тодруулах шинжилгээний аргыг нэвтрүүлж байсан. Ходоодны шархлааг гүүний саамаар эмчлэх аргыг нэвтрүүлж байсан. Тайваны АУИС-д нэг жил ажиллахдаа цусны даралт ихтэй өвчтөнүүдийг эмчлэх эмчилгээний удирдамж болох номыг олон нийтэд түгээсэн.

-Бөөрний төвийн эрхлэгч байсны хувьд асуухад, манай улсын хувьд сүүлийн жилүүдэд бөөрний дутагдалд орж буй иргэдийн тоо өсөж байна. Бөөрний өвчний үүсгэх гол шалтгаан юу вэ?

-2010 онд нэгдүгээр эмнэлгийн орлогч даргаар ажиллаж байхдаа бөөрний төвийн эрхлэгчийг хавсран хийсэн. Энэ үед бөөрний дутагдалтай хүмүүс нэн шаардлагатай бөөрний аппарат цөөн байсан. Хамтран ажиллаж буй эмч нартай ярилцаж Япон улсаас бөөрний аппарат оруулж ирж 30 гаруй бөөрний аппараттай болсон байдаг. Өнөөдрийн байдлаар бөөрний төв нь бүрэн тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бөөрний өвчнийг үүсгэдэг халдварын ба халдварын бус шалтгаан гэж бий. Бөөрний өвчний 80 хувь нь халдварын шалтгаантай байдаг. Халдварын шалтгаанд юу орох вэ гэвэл, архаг хамар залгиурын үрэвсэл, архаг ангина, шүд хорхойтох өвчин гол үүргийг гүйцэтгэнэ. Энэхүү архаг голомтод буй нян, бактериа залгисан хоол, хүнстэй хамт ходоод гэдэсний хананд, цусанд шимэгдэн, улмаар энэ нян бактери цусаар дамжин бөөрөнд очиж үрэвсүүлдэг.

Бөөр удаан хугацаагаар үрэвсэлтэй байх юм бол бөөрний дутагдалд орох бүрэн боломжтой юм.

-Хүмүүс турах гэж тураах бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэ нь бөөрөнд сөргөөр нөлөөлөх үү?

-Шинжлэх ухааны үндэстэй үйлдвэрлэгдсэн тураах бүтээгдэхүүнүүд нь бөөрөнд ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй. Харин хуурамч бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл шууд бөөрний дутагдалд хүргэж бүрэн боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж