Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөөдөр /2021.02.11/ цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
Хоёрдугаар сарын 12-нд нутгийн хойд хэсгээр цас, хоёрдугаар сарын 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын 14-нд нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-14-нд зарим газраар секундэд 12-14 метр, хоёрдугаар сарын 15-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хоёрдугаар сарын 15-нд нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна.
Б.ЦЭЦЭГ