Covid-19-ийн вакцинжуулалт ба халдварын тархалт

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19-ийн вакцинжуулалт ба халдварын тархалт

Covid-19-ийн вакцинжуулалт ба халдварын тархалт
Халдварын тохиолдлын тоогоор тэргүүлж буй 10 улсын мэдээлэл, 2021.02.11-ний байдлаар

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээлснээр дэлхий даяар Covid-19 халдварын шинэ тохиолдлын тоо дөрвөн долоо хоног дараалан буурч байна. Өнгөрсөн долоо хоногт халдварын 3.1 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоос 17 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Мөн дэлхийн хэмжээнд 2020 оны аравдугаар сарын сүүлээс хойш долоо хоногт хамгийн цөөн тохиолдол бүртгэгдэж буй нь энэ аж.

Covid-19-ийн шинэ тохиолдлуудыг улс орноор нь авч үзвэл, АНУ-д хамгийн олон буюу долоо хоногт 871 365 хүн шинээр халдвар авчээ. Гэсэн хэдий ч энэ нь өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 19 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Түүнчлэн Бразил, Франц, ОХУ, Их Британи нь хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгдсэн орнуудын тоонд багтжээ. Бүс нутгаар нь авч үзвэл, Африкт халдварын шинэ тохиолдлын тоо хамгийн их буюу 22 хувиар буурсан бол Газар дундын тэнгисийн зүүн бүсэд хоёр хувиар буурсан нь хамгийн сул үзүүлэлт болж байна. Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 107.8 сая хүн халдвар авч, 2.3 сая хүн нас бараад байна.

Харин Covid-19”ийн эсрэг вакцинжуулалтын хувьд “Bloomberg” агентлагийн тооцоолсноор одоогийн байдлаар дэлхийн 73 улс вакцинжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд нийт 134 сая тун вакцины тарилга хийгдсэн байна. Энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн богино хугацаанд зохион байгуулагдаж буй хамгийн өргөн цар хүрээтэй, том хэмжээний вакцинжуулах ажиллагаа болж байна. Дэлхийн хэмжээнд сүүлийн нэг долоо хоногт өдөрт дунджаар 4.74 сая тун вакцины тарилга хийгдсэн байна.

АНУ нийт 43.14 сая тун вакцин буюу өдөрт 1.47 сая тун вакцины тарилга хийж байгаа гэх үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа бол Израил улс 100 хүн тутамд 67.39 тун вакцин, нийт хүн амынхаа 23.5 хувийг 2 тун вакцинд хамруулж, бүрэн дархлаажуулсан гэх үзүүлэлтээр тус тус тэргүүлж байна.

Ийнхүү вакцинжуулалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо болон нас баралтын тоо буурсан дүр зураг ажиглагдаж байгааг ДЭМБ мэдээлж байна. Тухайлбал, Израил улсад нэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар 60-аас дээш насны нийт иргэдийн 28 хувь нь covid-19-ийн эсрэг вакцины хоёр тун тариулсан, эсвэл өмнө нь халдвар аваад эдгэсэн буюу бүрэн дархлаа тогтсон байжээ. Тэгвэл тус улсад вакцинжуулалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш гурван долоо хоногийн хугацаанд 60-аас дээш насны бүлэгт шинээр халдвар нэмж бүртгэгдэх тохиолдол 66-85 хувь, хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэх байдал 90 хувиар тус тус буурсан байна.

Тус улсад вакцины нэг тун тариулснаас хойш 13 хоногийн дотор 60-аас дээш насны бүлэгт халдвар авсан 7,070 тохиолдол бүртгэгдсэн бол 14-21 хоногийн хугацаанд дээрх насны бүлэгт шинээр нэмж халдвар бүртгэгдэх тоо 4,606 болж огцом буурчээ. Тэгвэл хоёр тун буюу бүрэн дархлаажуулалт хийгдэж эхэлснээс хойш 6 хоногийн дотор 60-аас дээш насны бүлэгт ердөө 1,005 халдвар нэмж бүртгэгдсэн нь найдвар төрүүлсээр байна. Эхний ээлжид эрсдэлт бүлэг буюу ахмад настнуудыг вакцинжуулах нь нийт хүн амын дунд халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлэх ач холбогдолтой болох нь харагдаж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Гэхдээ вакцинжуулалтын ажил зарим улс орнуудад урагштай байгаа ч буурай хөгжилтэй орнуудад одоог хэр нь вакцины сураг ажиг байхгүй байгаа нь санаа зовнисон  асуудлуудын нэг болоод байна. Мөн вакцинжуулалт найдвар төрүүлж байгаа ч зарим улс орнуудад covid-19-ийн халдвар хувьсан өөрчлөгдөж, халдварлах болон өвчтөний биеийн байдлыг богино хугацаанд хүндрүүлэх чадвар нь өндөр болж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн санааг чилээж байна. Хамгийн сүүлд л гэхэд Их Британид covid-19-ийн дахин хоёр шинэ мутацид орсон хувилбар бүртгэгдсэнийг ДЭМБ мэдэгдсэн юм. Гэсэн хэдий  ч одоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөөд буй вакцинууд нь эдгээр шинээр хувиран өөрчлөгдөж буй вирусийг дарангуйлж чадна гэсэн найдвар тээн тэмцсээр байна.

 

Эх сурвалж: Our world in data

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж