“Хүмүүс янз бүрээр ярих байх гээд сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан"

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

“Хүмүүс янз бүрээр ярих байх гээд сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан"

“Хүмүүс янз бүрээр ярих байх гээд сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан"

Сар шинийн баярын босгон дээр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүс төрийн дээд одон медалиар шагнуулсан билээ. Тэр дунд олны танил, урлаг соёлын эрхмүүд цөөнгүй байв.  Ингээд зарим уран бүтээлчийн баярын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэе.


"АНХ 1978 ОНД 10 ТӨГРӨГНИЙ ЧИШКАТАЙ ЦИРКИЙН УРЛАГТ ХӨЛ ТАВЬЖ БАЙЛАА"

Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Cirsus Monngolia Khadgaa" циркийн захирал Ч.Хатанбаатар:

Би 1978 онд анх 10 төгрөгний чишкатай циркийн урлагт хөл тавьж байлаа. Циркийн урлаг өндөр шалгуурыг шаарддаг. Хүнээс маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр, амь насыг хүртэл шаарддаг. Энэ урлагт өөрийгөө зориулсан бүх хүмүүст хайртай. Би олон багштай хүн. Циркийн урлагийн бүх ахмад циркчид миний багш. Тэр дундаа Данзангийн Энхээ, уран сайхны удирдаач О.Машбат багш нарынхаа гарын шавь нь юм. Миний хувьд амьдралынхаа 42 жилийг циркийн урлагт зориулсны 20 жилд хувийн цирк байгуулж, зүгээ олохгүй яваа уран бүтээлчдийг хөтөлж, дэлхийн дэвжээнд гаргасан. Энэ бол бидний хөдөлмөрийн нэг хэсэг. Монголын ард түмэнд циркийн үзүүлбэр, гоо сайхныг таниулахаас гадна Дэлхийн циркчдийн олимп гэгдэх “Монте Карло”-гийн манежид гурван удаа уран бүтээл найруулж, тус наадмаас хоёр “Хүрэл алиалагч” цомыг эх орондоо авчирсан. Монголын циркийн урлагийн залуу үеийн төлөөлөл болж чадсан учраас төр засгаас энэ эрхэм шагнал хүртлээ гэж ойлгож сууна. Шагнал авах мөчид би өөр өөрөөсөө “Чи энийг яаж хариулах вэ” гэдэг асуултыг асууж байлаа.

Монголын циркийн урлагийн түүхт 80 жилийн ой тохиож буй. Бид түүхт ойн арга хэмжээгээ дэлхийн түвшинд хийнэ. Дэлхийн томоохон циркийн төлөөлөл Монголын циркийн хөгжлийг харах ёстой. Тэр утгаараа бид ойн арга хэмжээндээ их ач холбогдол өгч байгаа.

“ХҮМҮҮС ЯНЗ БҮРЭЭР ЯРИХ БАЙХ ГЭЭД СЭТГЭЛ ЗҮЙН БЭЛТГЭЛТЭЙ БАЙСАН"

Ардын жүжигчин, дуучин С.Батсүх:

-Миний бие Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгийг 1993 онд авч байлаа. Одоо бараг 30 гаруй жил өнгөрсөн байна. Миний хувьд шагнал авах сураг сонссон. Тэгээд Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнгөрөгч Баасан гаригт над руу утасдаж хэлсэн. Ханьдаа “Хүмүүс олон нийтийн сүлжээгээр элдэв юм хэлэх байх. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай” гэж хэлж суулаа. Гэтэл яг шагнал авах мөчид олон түмэн маань сайхан хүлээж авсанд, сэтгэл сайхан тэнийж байна. Хүн болгон чин сэтгэлийн баяр хүргэж байна. Монголын ард түмэн дуу хуураа их сайхан сонсдог. Би хамгийн сүүлд 2015 онд өөрийн бие даасан тоглолтоо хийсэн.     Тухайн үед хоёр, гурав хоногийн өмнө тоглолтын тасалбар борлож дуусаад, тасалбарыг нь 200 мянган төгрөгөөр шаглаж байлаа. Би хоёрдугаар сарын 8-нд “Нэрийн хуудас” онлайн тоглолтоо хийхээр төлөвлөж байсан боловч техникийн саатлаас түр хойшлогдоод байна.

Уран бүтээлч хүн үзэгч, сонсогчдынхоо алга ташилт, урмын үгээр амьдардаг. Миний бие 1995 чөлөөт уран бүтээлч болж, Монголыг бүтэн тойрч аялан тоглолтоо хийсэн. Би олон түмнийхээ сайхан хайр, хүндлэлд олон жил эрхэлж ирлээ. Ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгийг нутгийн зөвлөлөөс маань хөөцөлдөж, олгохоор болсон байна. Илүү их хичээж, эрүүл саруул байх ёстой юм байна гэж ойлголоо. Одоо шинэ монголчууд руугаа хандсан шинэ уран бүтээлээ хийж, олон түмэндээ чадах чинээгээрээ дуугаа хүргэх болно. Ард түмэндээ хандаж хэлэхэд орчлонгийн энэ вирус бол цаг зуурынх. Хүн өөрийгөө хамгаалж байж өрөөлийг хамгаална гэдгийг хэлье. Цагаан сарын баяр бол цагаан сэтгэлийн баяр. Ард түмэн минь цахимаар сар шинэдээ сайхан шинэлээрэй.

"ШАГНАЛ АВАХЫН ӨМНӨХ ӨДӨР НЬ ШАГНАЛ АВНА ГЭДГЭЭ МЭДЛЭЭ"

УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар:

-Олон нийтийн сүлжээгээр өмнөх өдрүүдэд нь шагнал авах хүмүүсийн сураг дуулдаад явчихсан байсан. Тэгээд Улсын драмын эрдмийн театрынхаа Б.Отгонбатыг сайхан хүлээж авах ажлыг зохион байгуулах гээд ярилцаж байлаа. Тэгсэн над руу шагнал авах тухай өмнөх өдрийн орой 18.30 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж, хэлсэн. Тэгээд л өглөө нь шагналаа авсан даа. Урьдчилж бэлдэж амжаагүй учраас өмнө нь өмсч байсан хар өнгөтэй дээлээ өмсч, энгэрээ мялаалаа. Хүн бүрийн сэтгэгдэл өөр өөр. Дийлэнх хүмүүс маань сайхан хүлээж авсан. Би одоогоос найман жилийн өмнө Төрийн соёрхол хүртэж байсан. Тэр үеэр “Хүн аливаа шагналыг аваад зогсч болдоггүй юм. Би энэ шагналыг хийсэн хүнд, цаашдаа хийх ажилд нь өгсөн гэж ойлгодог. Энэ бол маш том ташуур. Надад маш том үүрэг, хариуцлага байна. Би чинь ард түмнийхээ оюуны хөтөч нь байх ёстой. Миний хамгийн их сэтгэл зовинож явдаг зүйл гэвэл дэлхийн хүн төрөлхтөний түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан ард түмэн ард оюун санааны доройтолд хэзээ ч орж болохгүй. Би энэ гайхамшигтай ард түмний оюуны тусгаар тогтнолыг баттай болгох вэ гэдэгт сэтгэлээ чилээж байна. Урлагийг хүн зоосны нүхээр харж болохгүй. Урлагт чин сэтгэлээ өгч байж ажиллах хэрэгтэй. Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ой энэ жил тохионо. Ойн хүрээнд “Хаадын хаад” хэмээх Чингис хааны тухай цоо шинэ уран бүтээл хийхээр судалгаа хийж, эрдэмтэдтэй уулзаж явна. Аливаа уран бүтээл хийхэд судалгаа маш чухал. Тэр агуу хүн улс төрч хүнийхээ хувьд, эцэг хүн, том ах, анд нөхөр, сайн хань, удирдагч хүнийхээ хувьд хэн байсныг олон өнцгөөс шүүн тунгааснаар манлайлагч болж чадсан.

Монголын ард түмэн минь ирж буй цагаагчин үхэр жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан байхыг хүсэн ерөөе. Хамгийн гол нь монгол хүн бүр эрүүл байхыг хүсье. Улс орны баялаг бол хүн. Эрүүл байвал саруул ухаантай байна. Саруул ухаанаас зөв хандлага, шийдвэр гарна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж