Анхаар: Цагаан сараар зөвхөн 3 шалтгаанаар гэрээс гарч болно

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

Анхаар: Цагаан сараар зөвхөн 3 шалтгаанаар гэрээс гарч болно

Анхаар: Цагаан сараар зөвхөн 3 шалтгаанаар гэрээс гарч болно

Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл өнөөдөр /2021.1.11/-өөс эхлэн Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байгаа. Энэ сарын 23-ны 06.00 цаг хүртэл үргэлжлэх бүх нийтийн бэлэн байдлын үеийн зохион байгуулалтын талаар мэдээлэл бэлтгэлээ. Дээрх хугацаанд олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгааралж, халдварыг 3-4 дахин бууруулахыг зорьжээ. Хэрэв хөдөлгөөнийг хязгаарлаагүй бол Цагаан сарын өдрүүдэд 5000-6000 хүн халдвар авч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрэх аж.  Мөн нийслэлд халдварын нийт 115 голомт гарсан бөгөөд одоогоор 30 орчим нь идэвхтэй байгаа юм.

-Хөл хорионы үед бүх гудамж, чиглэлд цагдаа, төрийн албаныхан 24 цаг хамгаалалтад гарна. Хамгаалалтад ажиллаж байгаа төрийн албаныхан гурван ээлжээр буюу найман цагаар ажиллана. Нийт 15 мянган төрийн албан хаагч цагдаа нартай хамтарч ажиллах аж.

-Бүх нийтийн бэлэн байдлын үед нийслэлийн хэмжээнд явуулын, автобустай, байнгын зэрэг нийт 210 цэгт шинжилгээ авна. Эрүүл мэндийн 280 баг ажиллаж, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулах аж. Одоогоор өдөрт 38 мянган шинжилгээ хийх юм байна.  Шинжилгээ авах өдөр, цагийг тухайн хорооноос иргэдэд мэдэгдэх аж.  Шинжилгээнд өрхийн 18-аас дээш настай нэг гишүүн хармагдах бөгөөд түр оршин суух хаягтай иргэдийг заавал шинжилгээнд хамруулна.

-Хүнс худалдааны томоохон зах худалдааны төвүүд энэ сарын 16-ныг хүртэл амарна.

-Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд зөвхөн дараах гурван төрлийн үйлчилгээг авахаар гэрээс гарах боломжтой. Үүний тулд өрхийн нэг гишүүн гэртээ хамгийн ойр байрлах газраар үйлчлүүлэх бөгөөд заавал QR код уншуулах шаардлагатай.

  • Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
  • Зөөврийн ус, түлш, хүнсний бараа, бүтээгдэхүүн
  • Буяны буюу оршуулгын үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүс нь л оролцоно. Ингэхдээ иргэний үнэмлэх, PCR шинжилгээний бичиг, эмнэлгийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатай.

-Хөл хорионы үед дараах 14 байгууллага, салбар ажиллана. Үүнд:

  1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллага
  2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа /“Улаанбаатар төмөр зам”ХНН, “Чингис хаан”,ИНЕГ түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  5. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага, Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаа /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага,МУЗН
  7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
  8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
  9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
  11. Банкны цахим болон автомат тооцооны машин
  12. Хэвлэл мэдээлэл /тооны хязгаартай/, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  14. Оршуулгын үйл ажиллагаа

-Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хувийн хэвшлийн байгууллагын 15-аас ихгүй хүн албан байгууллагын үнэмлэх, тодорхойлолтоо үзүүлээд албаны болоод хувийн машинаар зорчино.

-Хөл хорионы үед нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхгүй. Харин зөвшөөрөл бүхий дээрх 14 байгууллагын ажилчдад 130 автобус 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлэх юм байна.

-Гадаадаас иргэдээ татан авах ажил хуваарийн дагуу явагдана. Эх орондоо ирэх хүсэлтэй 10 гаруй мянган иргэн байгаа бөгөөд долоо хоног бүр нислэг үйлдэх зорилт тавиад байгаа билээ.

-Яаралтай хагалгаанд орох зэргээр зайлшгүй эмнэлгийн үйлчилгээ авах иргэдээс PCR шинжилгээ авч нийслэл рүү нэвтрүүлнэ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж