2019 оны хоёрдугаар сард НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг намаас хасах шийдвэр гаргаж, хассанд тооцсон МАН түүнийн намын гишүүнчлэлийг эргэн сэргээв. Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сард МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан С.Мөнхчулууны намын гишүүнчлэлийг сэргээжээ. С.Мөнхчулуун 1998 онд анх МАН-д гишүүнээр элсэж байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан билээ. Намаасаа хасагдсаны дараа 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт бие дааж нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм.
Түүний намын гишүүнчлэлийг сэргээхдээ МАН-ын дүрмийн 6.8-т заасны дагуу дүрэм зөрчсөн дутагдлаа арилгасан гэж үзвэл гишүүнээр дахин элсч болдог зохицуулалттай юм байна. С.Мөнхчулууныг 2019 онд намаас хасахдаа “МАН-ын дүрмийн “Намын эв нэгдлийг хамгаалах, намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан нь хуулийг чанадлан сахиж, аливаа явцуу үйлдлийн нөлөөнд автахгүй байх, намын албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах, удирдах шатны байгууллагуудын шийдвэрийг зөрчихгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр хасч байсан юм.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болно. Тиймээс ч МАН өөрсдийн саналаа хуваахгүйн тулд С.Мөнхчулууныг төрхөмд нь буцааж, гишүүнчлэлийг нь сэргээсэн болов уу гэсэн хардлага улс төрийн хүрээнд өрнөж буй.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ