Монгол Улсын засгийн газар “Эрүүл мэнд эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг боловсруулан өнөөдөр танилцууллаа. Эдийн засгаа сэргээх, ажлын байрыг хадгалж үлдэх, дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бүрдүүлэх томоохон зорилт дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
– 2020-2021 оны төсөв 4,1 их наяд төгрөгийн ачаалал авч байна. Цар тахлын хүнд цаг үед 4,1 их наяд төгрөг бол төсөвт ахадсан ачаалал. Цаашдаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах, covid-19-ийн эсрэг авах арга хэмжээнд зарцуулах төсөв нь дунд болон урт хугацааны төлөвлөлт хийж мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрыг уялдуулж явна. Тиймээс өнөөдөр бид төсвийн бодлого, хувийн хэвшлийн оролцоо, Төв банкны мөнгөний хэрэгсэл гэсэн хавсарсан төлөвлөгөөг танилцуулж байна. Засгийн газар эдийн засгаа дэмжих хүрээнд томоохон төслүүдээ ойрын хугацаанд эхлүүлнэ. Ялангуяа ажлын байрыг хамгаалах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцтай, тогтмол орлоготой байх дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Цар тахлаас өмнө 810 мянган ажлын байр байсан үүнээс 68 мянган ажлын байрыг цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр алдсан байна. Цаашид энэ байдлаар үргэлжлээд явбал энэ оны гуравдугаар улирал гэхэд бид 210 мянган ажлын байраа алдах тооцоолол хийгдсэн. Тийм учраас ажлын байрыг хадгалж үлдэх, эрсдэлтэй ААН-үүдийг төрөөс дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, зээлийн шалгуурыг бууруулна. 8 хувийн зээл 6 хувь руу шилжсэнээр ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хамгийн өндөр зээл олголт хийгдсэн. Зөвхөн арванхоёрдугаар сард 1200 гэрээ хийгдэж 95 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдсон байна. Ипотекийн зээл нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой учраас цаашид зээлийн шалгуурыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Мөнгөний нийлүүлэлтийн тухайд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шаардлагатай үе ирж байна. Эдийн засгийн өсөлттэй жилүүдэд мөнгөний нийлүүлэлт 70 хувьд гарч байсан бол одоо энэ үзүүлэлт 15 хувьтай гарч байгаа. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийг хэвийн түвшинд аваачих, ДНБ-ний хэвийн өсөлтийг хангахын тулд 5-7 их наяд төгрөгийн мөнгөний нийлүүлэлтийг эдийн засаг руу зайлшгүй хийх орон зай, шаардлага үүссэн. Гэхдээ эдийн засгийн зөв сувгаар буюу банкуудаар дамжуулж эдийн засаг руу оруулна. Дараа нь орлого бий болгодог ийм сектор луу оруулна. Түүнээс халамж, хэрэглээгээр оруулж болохгүй. Энэ Засгийн газар халамжийн бодлогоос бүтээмжийн бодлого руу шилжинэ гэж зарласан.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ