"Томоохон хүнс худалдааны 41 зах хоёрдугаар сарын 16-н хүртэл амарна"

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

"Томоохон хүнс худалдааны 41 зах хоёрдугаар сарын 16-н хүртэл амарна"

УОК-оос дэлгэрэнгүй тайлбар хийж байна

Сар шинийн өдрүүдэд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-оос дэлгэрэнгүй тайлбар хийж байна

Posted by News.mn on Wednesday, February 10, 2021

Улаанбаатар хотын хэмжээнд хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ний 06:00 цаг хүртэл 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоон, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулах болсонтой холбогдуулж, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2021.02.10) мэдээлэл хийлээ.

Хөл хорионы хугацаанд энэхүү шинжилгээг зохион байгуулж буй нь цар тахлын голомтыг хумих, цаашдаа эрсдэлгүй болоход анхаарч байгаа юм. Иймээс шинжилгээг голомтоос эхлүүлнэ. Эрүүл мэндийн яамныхан маань өдөрт 38 мянган хүнээс шинжилгээ авах боломжтой болгосон байгаа.

Хэрвээ энэ удаад хатуу хөл хорио тогтоож, арга хэмжээ авахгүй бол 5000-6000 хүн Covid-19 вирусээр халдвар авах эрсдэл байна.

Иймээс бид стратеги боловсруулсан. Бүс нутагт голомт  үүсвэл ямар арга хэмжээ авах вэ, аймагт голомт үүсвэл ямар арга хэмжээ авах вэ, дүүрэгт голомт үүсвэл ямар арга хэмжээ авах вэ, хороонд голомт үүсвэл ямар арга хэмжээ авах вэ, тэр бүхэнд зохицуулж ажиллах стратеги төлөвлөгөө боловсруулсан. Асуудал хариуцсан хүмүүс нь энэхүү стратегийг бариад,  хэнээс ч асуух гэж цаг алдахгүйгээр ажиллах боломжтой болгож байна.

Халдварыг бид ногоон, шар, улбар шар, улаан гэсэн дөрвөн өнгөөр эрсдэлийг тодорхойлно.

Халдвар тархсан, хэд, хэдэн кластер бүртгэгдсэн бол гуравдугаар зэрэглэл гэж үзнэ. Одоогийн бидний байгаа нөхцөл гуравдугаар зэрэглэлд байгаа. Харин маргааш өглөөнөөс дөрөвдүгээр зэрэглэлд шилжинэ. Хатуу хөл хорионы хугацаанд цагдаа бүх гудамж талбайд гарч ажиллана.

Иргэд, аж ахуй нэгж, байгууллагын мөрдөх журам гэж боловсруулсан. Тухайлбал, иргэн худалдааны байгууллагаар үйлчлүүлэхдээ анхаарах зүйлс юу байх вэ, зорчих хөдөлгөөнд оролцоход анхаарах зүйл юу байх вэ, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд анхаарах зүйл юу байх вэ энэ бүгдийг тодорхой болгосон. Дүрэм журмаа хатуу мөрдөх ёстой. Дэглэм журмаа мөрдөөгүй үйлчилгээний байгууллага, иргэн хариуцлагаа хүлээнэ. Ингэж байж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгнө.

Дэлхийн 79 орон өнөөдөр хатуу хөл хорионд байна. Дэглэмээ мөрдөөгүй орон цар тахлыг хяналтаас алдаж, хүндэрсэн байна. Ийм учраас хөл хорионы хугацаанд дүрэм журмыг мөрдөх хэрэгтэй.

Гуравдугаар сараас вакцинжуулалт эхэлнэ. Эрүүл мэндийн яам энэ ажлыг хариуцаж байна.

Халдвар авсан иргэдийн 80 хувьд шинж тэмдэг илрэхгүй байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Хөл хориог баярын өдрүүдэд тогтоохгүй бол нийт халдварын тоо 6000-д хүрч, эмнэлгийн байгууллагуудын ачаалал нэмэгдэх эрсдэлтэйг тархвар судлаачид анхааруулсан. Мөн нас баралт 10 хүрч болзошгүй гэсэн судалгаа гарсан.

Манай улсад халдвар авсан нийт иргэдийн 80 хувьд нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Тэгэхээр бидний дунд халдвар авснаа мэдээгүй олон иргэн бий. Тиймээс халдвар илрүүлэх зорилгоор нэг хаалганаас нэг шинжилгээ авна. Нийслэлд нийт 115 голомт гарсан, одоогоор 30 орчим нь идэвхтэй байна. Эдгээр бүсээс түрүүлж шинжилгээ авна.

Иргэдэд 199, 1800119 гэсэн утсаар зөвлөгөө мэдээллийг 24 цагаар өгнө. Хоёрдугаар сарын 11, 12, 13-ний өдрүүдэд тандалтын шинжилгээ хийнэ. Үр дүнд суурилан дараагийн төлөвлөгөө гарна.

Улаанбаатар хотоос  гарах, орох  хөдөлгөөнийг маргааш зогсооно

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан:

-Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнийг маргааш зогсооно. Хэрвээ зайлшгүй нийслэлээс гарах шаардлагатай бол хүсэлтээ Улсын онцгой комисст гаргана. Улаанбаатар хотоос гараад аль аймагт хүрнэ, тэр болтол бүх товчоод дээр хяналт хийгдэнэ.

Хатуу хөл хорионы хугацаанд нийслэлийн хэмжээнд 130 автобус үйлчилнэ. Гэхдээ энэ нь иргэдэд үйлчлэхгүй хорио цээрийн дэглэм мөрдүүлэх төрийн албан хаагчид л зорчино.

Хувийн тэрэг явахгүй, яаралтай эмнэлгийн болоод гачигдалтай нь явна гэж ойлгох хэрэгтэй.

Зорчих хөдөлгөөнийг ОБЕГ, цагдаа хамтарч дрон нисгэж хянана. Хамгаалалтад ажиллаж байгаа төрийн албаныхан 24 цагийн туршид хяналт тавина. Гурван ээлжээр 8 цагаар ажиллана . Нийт 15 мянган төрийн албан хаагч цагдаа нартай хамтарч ажиллана.

Эмнэлэгт хандах шаардлагатай хэрнээ хувийн машингүй хүмүүс хамгаалалтад гарч байгаа хүмүүст яаралтай хандаарай.

Тусгаарлах байрнаас гарах иргэдийг Шуурхай штаб тусгай автобусаар гэрт нь хүргэнэ.

Хүнсний 41 зах, худалдааны төв хоёрдугаар сарын 16-н хүртэл амарна

-Маргааш өглөөний 06.00 цагаас эхлээд хөл хорихоор нийтийн тээврийн автобусаар зөвхөн төрийн албан хаагчид л зорчих нь. Иргэд хувийн унаагаар зорчих боломжгүй гэх. Хязгаарлалтад ороогүй хувийн хэвшлийнхэн яаж явах вэ?

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр: 

-Худалдаа үйлчилгээн дээр захирамж гарсан. Томоохон хүнс худалдааны 41 зах, хоёрдугаар сарын 16-н хүртэл амарна. Эдгээр зах, худалдааны төвийн удирдлагуудтай цахимаар хуралдахад амрахыг хүссэн.

Харин 4297 хүнсний дэлгүүр хязгаарлагдахгүй байгууллага дотор байгаа учраас хөл хорионы хугацаанд ажиллана. Эдгээр хүнсний дэлгүүрүүдийн ажилчид нь ихэвчлэн хороон дотроо байдаг, зарим тохиолдолд байр, хашаан дотроо дэлгүүр нь байршдаг тул зорчих хөдөлгөөн хийхээргүй байгаа. Тиймээс хүнсний дэлгүүрүүдийн удирдлагатай ярилцаад бараа, бүтээгдэхүүнийхээ татан авалтыг хоёрдугаар сарын 23-н хүртэл хангалттай татаж авах чиглэл өгсөн.

-Хатуу хөл хорионы хугацаанд 14 салбар, байгууллага ажиллахаар болсон. Энэхүү ажиллах боломжтой салбарт багтсан хувийн хэвшлийн салбарынхан хувийн унаагаараа зорчиж болох юм уу, болохгүй юм уу?

Шадар сайд С.Амарсайхан:

-Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн төрийн байгууллагынхан нийслэлээс гаргаж байгаа тээврийн хэрэгслээр зорчино. Иргэд, олон нийтэд нийтийн тээвэр үйлчлэхгүй.

Зөвшөөрөгдсөн бусад хувийн хэвшлийн салбарын 15-аас ихгүй хүн албан байгууллагын үнэмлэх, тодорхойлолтоо үзүүлээд албаны болоод хувийн тэргээрээ зорчино.

Мөн хуваарьт эмнэлгийн үйлчилгээ авдаг иргэд нотолгоогоо харуулаад зорчих боломжтой.

Өвчтэй зовлонтой иргэд цагдаагийнханд учир байдлаа хэлээд явна. Түргэн тусламж мөн саадгүй зорчино.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж