Хөөгдсөн, чөлөөлөгдсөн хоёр дарга гишүүдээ шагнав

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

Хөөгдсөн, чөлөөлөгдсөн хоёр дарга гишүүдээ шагнав

Хөөгдсөн, чөлөөлөгдсөн хоёр дарга гишүүдээ шагнав

Ардчилсан намын хөөгдсөн, чөлөөлөгдсөн экс дарга нар сар шинийн босгон дээр гишүүдээ шагналаа. Тодруулбал, Ардчилсан намын дээд шагнал “Чингис хаан” одонг дөрвөн ч хүн хүртээд байна.

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ өчигдөр (2021.02.09) УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбатад “Чингис хаан” одонг хүртээсэн бол УИХ-ын гишүүн Ц.Туваан өнөөдөр (2021.02.10) Ц.Буяндалай, Ж.Баасандаш, Ц.Ганбат нарт “Чингис хаан” одон олгосон юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбатыг ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг олгосон бол Ц.Буяндалай, Ж.Баасандаш, Ц.Ганбат нарыг Монгол оронд ардчилал, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, бататган бэхжүүлэх үйлсэд онцгой гавъяа байгуулсан гэж үзэн, “Чингис хаан” одонг олгожээ.

Ингэхдээ Ц.Буяндалай нь 1989 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Ховд аймагт болсон ардчилсан хувьсгалын жагсаалыг зохион байгуулсан хүмүүсийн нэг бол Ж.Баасандаш нь ардчилсан хувьсгалыг зохион байгуулалцсан Шинэ дэвшил холбооны үүсгэн байгуулагч аж. Харин Ц.Ганбат нь ардчилсан хувьсгалын үйл хэрэгт Монголын оюутан залуусыг удирдан, зохион байгуулж оролцож байсан ардчилагчдын нэг аж.

Ардчилсан нам өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсний дараа тус намын дарга С.Эрдэнэ хариуцлага хүлээж буйгаа мэдэгдэн, намын тамга тэмдгийг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд шилжүүлэн өгсөн.

Гэвч Ц.Туваан нь дүрмийн бус тоглолт хийж, намын дүрэм зөрчсөн тул Ардчилсан намыг удирдах эрхийг буцаан өөр дээрээ авч байна гэдгээ УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ мэдэгдсэн. Ингэхдээ шинэ намын дарга хуулийн хүрээнд, дүрмийн хүрээнд сонгогдсоны дараа эрх мэдлийг шилжүүлэн өгнө хэмээн мэдэгдсэн билээ.

Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдааныг цахимаар зохион байгуулж, Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн шийдвэр гаргасан.

Харин Ц.Туваан дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооноос гаргасан шийдвэрийг үндэслэн, С.Эрдэнийг Ардчилсан намаас найман жилийн хугацаатайгаар хөөсөн юм.

Гэвч хөөгдсөн, чөлөөлөгдсөн хоёр даргын шийдвэрээр “Чингис хаан” одонг Ардчилсан намын дөрвөн гишүүн хүртлээ.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХахаХаха
20
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж