"СХД-ийн 43 хороог эрүүл болон эрсдэлтэй бүсээр ангилна"

Хуучирсан мэдээ: 2021.02.11-нд нийтлэгдсэн

"СХД-ийн 43 хороог эрүүл болон эрсдэлтэй бүсээр ангилна"

"СХД-ийн 43 хороог эрүүл болон эрсдэлтэй бүсээр ангилна"

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт энэ сарын 11-ний өдрөөс 23-ыг дуустал шилжин хөл хорио тогтоож байгаа. Энэ хугацаанд нийслэлийн зургаан дүүргээс хэсэгчилсэн байдлаар “Нэг-хаалга нэг шинжилгээ ”-г авах юм. Энэхүү нэгдсэн арга хэмжээг хамгийн олон хүн ам оршин суудаг  Сонгинохайрхан дүүрэгт авах бэлтгэл ажил бэлэн болжээ.  Дүүргийн Онцгой комисс иргэдэд хүндрэл, эрсдэл учруулахгүйгээр илрүүлэг шинжилгээнд хэрхэн хамруулах зохион байгуулалт болон төлөвлөгөөний талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагайтай ярилцлаа.


-Сонгинохайрхан дүүргээс эхлүүлж  буй “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-ний бэлтгэл ажлын гүйцэтгэл аль шатанд явж байгаа вэ. Зохион байгуулалтын ажил идэвхтэй өрнөж байгаа болов уу?

-Сонгинохайрхан дүүргийн онцгой комисс “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнд 24000 өрхийг хамруулах бэлтгэл байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хөл хорио тогтоосон эхний гурван өдрийн хугацаанд иргэдийг шинжилгээнд хамруулж дуусна. Байнгын 43, явуулын 10 цэг дээр шинжилгээний сорьцыг цуглуулж молекул лабораторит шинжлэх тооцоо, судалгааг хийж байна. Мөн халдварын голомт идэвхтэй байгаа хороодын бүсийг тогтоож  өрхүүдийн хаалганы тоо, хамгаалалтад авах цэгүүдийг нарийвчлан гаргаж дуусаад байна.

-Таны хувьд иргэдийг хэсэгчилсэн байдлаар шинжилгээнд хамруулах нь хэр үр дүнтэй арга  гэж бодож байгаа вэ?

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос тодорхой судалгаа, тооцооллыг хийсэн байгаа. Бид Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дотоод нөөц боломжоо дайчлан удирдлагуудын өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагааг зохион байгуулна.

Сар шинийн баяр ойртож буй энэ өдрүүдэд хөл хорио тогтоож, тодорхой байгууллагуудын үйл ажиллагааг хумих чиглэлтэй байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү томоохон арга хэмжээг үр дүнтэй ажил болно гэдэгт итгэж байна.

-Иргэдийг шинжилгээнд хамруулах гурав хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний худалдаа, эм ханган нийлүүлэлт, ус, сайжруулсан түлшний  борлуулалт зэрэг үйлчилгээ хэвийн явагдах уу.

– Дүүргийн Онцгой комиссоос иргэдэд хүндрэл, эрсдэл учруулахгүйгээр ажиллах бүхий л хувилбарыг өдөр бүр боловсруулан ажиллаж байна. Улсын онцгой комиссоос гаргасан холбогдох шийдвэрийн  дагуу эм ханган нийлүүлэх үйлчилгээ хүнсний дэлгүүр, худаг, түлш борлуулах цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдана.

 -Сар шинийн өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож байгаа ч гэсэн иргэд баяр тэмдэглэх бэлтгэл байдлаа базаасаар л байна. Та үүнийг юу гэж бодож байна?

-Энэ бол монголчуудын уламжлалт баяр шүү дээ. Эртнээс  малчдын баяр байсан. Тиймээс иргэд ахуйн хүрээнд  тэмдэглэж болно. Айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүйгээр халуун ам бүлээрээ зохих хэмжээнд тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

ДҮҮРГИЙН 24000  ИРГЭНД  ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙГЭЭР ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА

-Иргэдийг олноороо цуглахгүй, айлд зочлохгүй байх уриалгыг хэрэгжүүлж, хариуцлагатай хандаасай гэж хүсэж байгаа байх?

-Тэгэлгүй яахав.  Арваннэг, арванхоёрдугаар сарыг дамнасан хөл хорионы үед иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын нөхцөл байдал хүндэрсэн. Аж ахуйн нэгж байгууллагуудыг дагасан ажлын байрнууд хумигдаж, өрхийн эдийн засаг хүнд байдалд орж эхэллээ.  Тиймээс Нийслэлийн Онцгой комиссоос аж ахуй нэгж байгууллагуудыг хааж боохгүй байх, хамтран ажиллах шийдэл чиглэлүүдийг өгсөн. Аж ахуйн нэгж байгууллагуудыг  үе шаттайгаар нээсэн.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд  ажлын хэсгүүд гарч ажилласан. Миний бие аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай  очиж танилцсан. Тэр үед үйлчилгээ явуулж буй байгууллагууд, иргэд хоорондоо маш хариуцлагатай харилцаж байгаа нь анзаарагдсан. Монголчууд цаашид үйлчилгээний байгууллагууд, иргэд хамтран хариуцлагатай байснаар бусад үйлчилгээний газрууд нээгдэнэ, иргэд ажилтай орлоготой болохыг ойлгож эхэлж байна. Хүн бүр амьдралын энгийн хэв маяг руу шилжихийг эрмэлзэж байгаа шүү дээ.

-Тийм шүү. Иргэд энгийн амьдрал руу шилжихийг хүсэж байгаа хэдий ч ковидтой дасан зохицож амьдрахаас өөр сонголт байхгүй мэт санагдах болоод удлаа?

-“Covid-19” халдвар өөрөө нийгмийн шинэ хэв маягийг бий болгочихлоо. Ковидын эдийн засаг, ковидын үеийн боловсрол гэх мэт. Энэ үед боловсролын салбар маш хүнд байдалд орж эхэллээ. Өнгөрсөн жил нэгдүгээр ангид орсон  хүүхэд  энэ жил хоёрдугаар ангиа төгсөх гэж байна. Тэдгээр хүүхдүүдийн дунд 35 үсгээ бүрэн мэдэхгүй жаалууд олон байна. Гуравдугаар сарын 1-ээс тэнхимийн сургалтыг эхлүүлэх зорилготойгоор улсын хэмжээнд судалгаа тооцоог хийж байгаа. “Covid-19” халдвар өөрөө цаг тутам шинэ зүйлийг эрэлхийлэх боллоо.

Төгсгөл нь хэзээ гэдэг нь мэдэгдэхгүй удаан үргэлжлэхээр байна. Тиймээс нөхцөл байдал удаашрах тусам хувь хүний хариуцлагын асуудал  нэгдүгээрт яригдах болно. Давхар хариуцлага, хувийн ариун цэвэр, маскаа зүүх, гараа ариутгах, хоорондын зай барих гэх мэт хувь хүний хувийн зохион байгуулалт хамгийн чухал байна.

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд саяхан хэд хэдэн эмнэлэг ашиглалтад орж байгаа баяртай мэдээ сонсогдож байсан. Энэхүү эмнэлгүүдийн хүчин чадлыг тооцоолон эрсдэлийн үнэлгээ гаргаж, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хүчин чадлыг тэнцүү хуваарилах төлөвлөгөө гаргасан байгаа юу. Эрсдэлтэй тохиолдол илэрч нөхцөл байдал хүндэрвэл өвчтөнүүдийг хүлээн авах бэлтгэл ажлыг хангалттай базааж чадсан уу?

-Сонгинохайрхан дүүргийн хувьд боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн 4 жилийн хугацаанд маш өргөн хүрээнд хийсэн. Сургуулийн суудлын тоо, эмнэлгийн орны тоо гэх мэт.  Сонгинохайрхан дүүрэгт гурван том эмнэлэг баригдаж түүний хоёр нь ашиглалтад орсон байна.

Түүний нэг нь дэлхийн стандарт шаардлагыг хангасан жишиг эмнэлэг байгаа. Одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Жишиг эмнэлэгт “Амгалан амаржих” газраас ирсэн “Covid-19”-ийн  халдвартай  хүүхэд, эхчүүдийг хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хүлээн авсан байгаа. Мөн Баянхошуу амбулаторид  100 ор дэлгэсэн байна. Бидэнд шаардлагатай тохиолдолд өвчтөнүүд хүлээн авах нөөц  бий.

-Сонгинохайрхан дүүрэг бол хамгийн олон хүн амтай томоохон дүүрэг. Шинжилгээний ажлыг зохион байгуулах явцад  явуулын цэг ямар хүмүүст үйлчлэх вэ. Энд ямар хуваарилалт хийгдэж байгаа вэ?

-Суурин 43 цэг тухайн ойр орчмын хорооны иргэдийн шинжилгээг авна. Тэгэхдээ тус хорооны бүх өрх шинжилгээнд хамрагдахгүй. Хорооны нутаг дэвсгэрт тохиолдол үүссэн хавьтлын ойролцоох бүсийн айл өрхийг шинжилгээнд хамруулна. Учир нь хороодыг дотор нь эрсдэлтэй болон эрүүл бүсээр ангилсан байгаа. 43 хорооны бүх өрхийг шинжилгээнд хамруулахгүй. Хэсэгчилсэн байдлаар шинжилгээ авах юм.

Учир нь Сонгинохайрхан дүүргийн хороодын дунд эрүүл бүс байгаа . Бид нутаг дэвсгэрийн газрын зураг дээр ажиллаж, тохиолдол хаана илэрсэн байгааг тооцож тэмдэглэж явдаг. Жишээлбэл, дүүргийн наймдугаар хороонд олон тохиолдол илэрсэн учраас тус бүсийн 400 өрхийг шинжилгээнд хамруулна. Эрүүл бүсэд байгаа 100 өрхөөс авах шинжилгээг эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдэд шилжүүлж, гол анхаарлыг тэнд төвлөрүүлэх  зарчимтай ажиллана гэсэн үг юм.

ИРГЭДИЙГ АЙЛД ЗОЧЛОХГҮЙ, ЗОЧИН УРИХГҮЙГЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА

-Хороодод амьдарч байгаа иргэд өөрсдийгөө эрүүл эсвэл эрсдэлтэй бүсэд амьдарч байгаагаа хэрхэн мэдэх вэ?

-Нэгдсэн мэдээллийг газрын зурагтай харьцуулан иргэдэд өгнө. Мөн эрсдэлтэй бүсийн  шинжилгээнд хамрагдах шаардлагатай өрхүүд рүү хорооноос утсаар холбогдож мэдээлэл өгөх болно. Харин бүх өрхийг шинжилгээнд хамруулах болбол 94000 өрх хамрагдах ёстой байсан. Хэсэгчилсэн байдлаар шинжилгээ авахад 24000 өрх болж байгаа юм. Энэхүү цэгүүдийн байршлын мэдээлэл, шинжилгээнд хамрагдах бүсийг хороо бүрт гаргаж дэлгэрэнгүй мэдээллийг түгээнэ. Мөн алслагдмал хороодод явуулын шинжилгээний баг очиж ажиллах юм.

Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо руу шинжилгээ авах явуулын автобус очно. Учир нь автобус нь орох, гарах урсгалыг шийдэх боломжтой учраас сорьцыг цуглуулахад хүндрэл үүсэхгүй. Мөн төв хэсэгт явуулын цэг үйлчилж зарим өрхийн байршлаас шалтгаалж гудамж бүрт очин шинжилгээ өгөхийг зарлана. Шинжилгээг маш түргэн хугацаанд авах учраас явуулын цэгт ямар нэгэн асуудал үүсэхгүй. Мэдээж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг мэргэжлийн байгууллагууд хянана.  Бид 43 хорооны газрын зураг дээр удаан хугацаанд ажиллаж хил хязгаарыг нарийн тогтоож,  хамгаалалт авах цэгүүдийг тооцон төлөвлөлтийг маш сайн хийсэн. Иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр зохион байгуулах бэлтгэл байдлыг маш сайн ханган ажиллаж байна.

-“Covid-19” халдварын илрүүлэг шинжилгээнд хамрагдах дүүргийн нийт иргэд хөл хорионы үед баримтлах энгийн зөвлөмжийг өгнө үү?

-Хөл хорио тогтоосон өдрүүдэд иргэн бүр хариуцлагатай хандах ёстой. Цар тахлын аюул дэлхий нийтийг хамарсан  энэ цаг үед иргэд үйлдэл бүртээ ухамсартай хандаж, нэгэндээ хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Мөн төрөөс хэрэгжүүлж буй ажилд  хариуцлагатай хандаж идэвхтэй оролцохыг уриалж байна. Та бүхэнтэй хороодын ажилчид утсаар холбогдож шинжилгээгээ хаана, хэрхэн өгөх нэмэлт мэдээллийг хүргэх болно.

Өрх бүрээс нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэй оролцдог нэг л хүн шинжилгээнд хамрагдана. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, гэрээсээ гарахгүй байхад анхаараарай.  Түүнчлэн уламжлалт баяр тохиох өдрүүдэд гэртээ зочин урихгүй байж, айлд зочлохгүйгээр дүүргийн онцгой комиссын хэрэгжүүлж буй зохион байгуулалтын ажилд хамтран оролцохыг уриалж байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж