Монголоос FIFA-д арьсан бөмбөг нийлүүлэхээр ярилцаж байна

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

Монголоос FIFA-д арьсан бөмбөг нийлүүлэхээр ярилцаж байна

Монголоос FIFA-д арьсан бөмбөг нийлүүлэхээр ярилцаж байна

Европ болон Японы зах зээлд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гаргахаар зорин ажиллаж буй талаараа “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийн менежер Ц.Энх-Амгалан “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-ын гишүүдтэй цахим уулзалт хийхдээ онцоллоо.

Уул уурхайн бус экспортыг дэмжсэн энэхүү төслийн хүрээнд Монголын онцлогийг харуулсан нэг бүтээгдэхүүн болох сарлагийн хөөврийн кластерыг хөгжүүлж, түүний үр дүнд малчид нэг кг тус бүрээс 500 төгрөг олдог байсан нь чанараасаа хамаараад 15-20 мянган төгрөг болж өсчээ.

Гадаадын зах зээлд монгол сарлагийн самнасан хөөврийн эрэлт их. Тухайлбал, сарлагийн 60 тонн хөөвөр самналаа гэхэд тэр дороо борлуулагддаг байна. Төслийн багийнхан Монголоос гарч болох бүтээгдэхүүнүүдийг Европ, Швейцарийн зах зээлд танилцуулах зорилгоор эхний ээлжинд сарлагийн хөөвөр, сарлагийн арьсан бөмбөг, торомны ноосон бүтээгдэхүүнүүдийг онцолжээ. Мөн нүүдлийн мал аж ахуйн онцлогийг гаргасан түүхий эд үйлдвэрлэлийн стандарт, түүнийг баталгаажуулах цахим мөшгих систем хөгжүүлж, “Responsible Nomads” хэмээн нэрлэсэн байна.

Ц.Энх-Амгалан менежерийн ярианаас анхаарал татсан сонирхолтой мэдээлэл нь Монголоос FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд арьсан бөмбөг нийлүүлэх тухай асуудал байлаа. Жилдээ 10 мянган ширхэг бөмбөгний эрэлтийн тодорхой хувийг Монголоос FIFA-д нийлүүлэх тухай асуудал яриа хэлэлцээний шатандаа явааг тэрбээр онцолсон юм. Өөрөөр хэлбэл, монгол хүний урласан, сарлагийн арьсан бөмбөг Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ны стандартад нийцэн, хүлээн зөвшөөрөгдөх боломж бий ажээ.

Өнөөдрийн байдлаар, монгол сарлагийн арьсаар хийсэн хөл бөмбөгийг Монголдоо үйлдвэрлээд эхэлсэн бөгөөд Швейцарийн хөгжлийн агентлаг Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-той бөмбөг нийлүүлэх хэлэлцээр эхлүүлэх асуудал яригдаж буй талаар мэдээлсэн. Тодруулбал, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал, хатагтай Стефани Бурри, Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Гадаад харилцааны захирал С.Монголжингоо нартай энэ сарын 3-ны Лхагва гаригт уулзахдаа энэ талаар онцолжээ.

“Хүүхэд бүрт бөмбөг” уриатай “Монгол бөмбөг” төсөл 2018 оноос хэрэгжсэн бөгөөд төслийн хүрээнд сарлагийн цэвэр арьсаар бөмбөг урлаж буй. Тус бөмбөг нь хүүхэд багачуудад зориулагдсан ч үйлдвэрлэлийн явцад албан ёсны тоглолтын бөмбөг болох боломжтойгоор урлал хийц нь хөгжсөн байна.

МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Монголд үйлдвэрлэсэн бөмбөгийг дэлхийн стандартад гаргах ажлыг дэмжиж ажиллахаа мэдэгджээ.

Монгол Улсын нэг сум, аймаг FIFA-гийн бөмбөгyий албан ёсны нийлүүлэгч болж, дэлхийн брэнд үйлдвэрлэгчээр нэрлэгдвэл Монголын нүүдлийн ахуй соёл болон мал аж ахуйн бүхий л бүтээгдэхүүн, түүхий эд олон улсад үнэ цэнэтэй болох үүд хаалга нээгдэх билээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Швейцарийн хөгжлийн агентлагийн даргаар томилогдон Монгол Улсад ирсэн, хатагтай Стефани Бурри тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа “Монгол Улсын Засгийн газартай ирэх дөрвөн жилд ижил түвшний шинэ түншлэлийн хэмжээнд хамтран ажиллаж, одоо хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа дуулгасан билээ.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, тэр дундаа засаглалыг бэхжүүлэх “Е Mongolia” хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн албан хаагчдын ёсзүйг сайжруулах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг арилгах, агаарын бохирдлыг бууруулах, орон нутгийн удирдлагыг чадавхижуулах чиглэлээр тус агентлагтай ЗГХЭГ хамтарч ажиллахаар болсон.

Швейцарийн хөгжлийн агентлаг нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголын олон салбарт томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй билээ.

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Ногоон алт” бэлчээрийн экосистемийн удирдлага төслийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа билээ. “Ногоон алт” төслийн IV үе шатанд “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийг 2017 оноос амжилттай хэрэгжүүлж буй. Энэхүү төсөл нь бэлчээрийн тогтвортой менежмент, малын гаралтай бүтээгдэхүүний маркетинг, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр гарсан үр дүн, амжилтуудыг өргөжүүлэн нэвтрүүлэх зорилготой. Энэ зорилтын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Ногоон алт” төслийн багийнхан хамтран экологийн чадавхид суурилсан, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бэлчээрийн төлөв байдлыг хянах үнэлгээний систем, бэлчээрийн урт хугацааны мониторингийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж.

Швейцарийн хөгжлийн агентлагийн нийт 21 сая ам.долларын өртөгтэй "Ногоон алт” төсөл Монгол Улсын 18 аймгийн 169 суманд амжилттай хэрэгжиж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж