Нийслэлийн ХҮН-ын төлөөлөгчид өнөөдөр/2021.02.10/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хариуцлага тооцож, огцруулах саналыг танилцууллаа.
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГАНТУЛГА:
-УОК, НОК-ын авч буй арга хэмжээнүүд цагаа олоогүй тохиромжгүй, иргэдэд чирэгдэл учруулж байна гэдэг нь өнгөрсөн нэгдүгээр сарын жагсаалаас харагдлаа. Гамшгийн тухай хуулинд Засаг даргад энэ бүхнийг хэрэгжүүлэх бүрэн эрх, үүрэг байдаг. НИТХ-ын төлөөлөгчид Засаг даргын ажилд хяналт тавьдаг, чиглэл өгөх эрхтэй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчихлоо. Харин нийслэлийн хэмжээнд нэгдүгээр орлогч даргаа огцруулаад энэ асуудлыг хаачихлаа. ХҮН-ын төлөөлөгчид асуудал оруулсан боловч Засаг дарга Д.Сумъяабазар зүгээр танилцуулаад асуулт асуугаад өнгөрчихлөө. Бид эхлээд шууд огцруулъя гээгүй. Эхлээд хурлаар ороод Д.Сумъяабазар даргын ажилд үнэлэлт дүгнэлт, чиглэл өгье гэсэн. Харамсалтай нь, тийм зүйл болсонгүй. Иймээс бид дараагийн шатны арга хэмжээгээ авч байна. НИТХ ч ажлаа хийж чадахгүй байна. Бид НИТХ-ыг ажлаа хийлгэдэг болгоно.
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ П.НАРАНБААТАР:
-Нийслэлийн сая 300 мянган хүнийг төлөөлж буй бид Засаг даргын ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгтэй. Чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадсангүй. Нийслэлийн онцгой комисс яаж ажилласныг бүгд мэднэ. Хотын хаяанд, товчоон дээр ирчээд хот руу орж чадалгүй хүн барсан. Нийтийн тээврийн хуваарийг өөрчилж бөөгнөрлийг бий болгосон. Мөн бараа түгээлтийн цагийг шөнө дунд болгож олон хүний ажлыг хүндрүүлсэн. Сүүлд л гэхэд гадуур 1000-3000 төгрөгийн үнэтэй N95 маскыг 20 мянган төгрөгөөр авах тендер зарласан. Харин хүмүүс шуугихаар нь хүчингүй болголоо. Хэрэв бид чөлөөтэй үнэлэлт дүгнэлтээ өгөх байсан бол НОК-д муу гэх үнэлгээг өгөх байлаа. Бид өнөөдөр үнэлэлт дүгнэлтээ өгөх гэсэн боловч танилцуулаад л өнгөрлөө. НИТХ чадамжгүй байгаа нь харагдлаа. АН, МАН, ХҮН бүгд иргэдээ төлөөлөн сууж байгаа шүү.
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ П.ГАНЗОРИГ:
-Өнөөдөр НОК ажилдаа дүгнэлт хийлгэсэнгүй. Иймээс бид нэгдүгээрт, нийслэлийн 45 төлөөлөгчийн 15-ынх нь гарын үсгийг цуглуулж, Д.Сумъяабазарыг огцруулах саналыг дэвшүүлнэ. Хоёрдугаарт, Ерөнхий сайдад руу бичиг явуулсан байгаа. Ерөнхий сайд огцруулах эрхтэй. Гуравдугаарт, Д.Сумъяабазар дарга өөрөө ёс зүйн хариуцлага хүлээгээд огцорч болно.