Заримдаа амьтан хамгийн сайн нөхөр болох нь бий. Амьтан тэжээж асрах тэр хугацаанд та зовлонгоо мартаж, өөр зүйлийн тухай эрүүл саруулаар бодож чаддаг болно. Анхаарал халамж бол эмчилгээ юм шүү.
Сэтгэлээ сэргээх зүйл ид
Бие махбодь, оюун санаа маш нарийн холбоотой. Хэдийгээр сэтгэл гутралаас гаргах тусгай жортой хоол гэж байхгүй ч эрүүл хоол эмчилгээний нэг хэсэг байх болно. Тиймээс хоолондоо жимс ногоо түлхүү хэрэглээрэй.
Каффейн бага уу
Та заавал гурав дахь аяга кофег уух хэрэгтэй гэж үү. Сэтгэл зовинол бол гутралын хамтрагч. Хэтэрхий их каффейн хэрэглэхэд зовинол, түгшүүр, бухимдал нэмэгдэнэ. Харин кофе, содатай ус, цай, шоколадаа багасгавал байдал дээрдээд ирэхийг та өөрөө анзаарна. Шөнө сайн унтаж амрахад ч нэмэртэй.
Биеэ гамна
Гутрал өвчин зовиураас шалтгаалах нь бий. Эрүүл мэнддээ анхаарч, өвчнөө эдгээ.
Дасгал хөдөлгөөн хий
Та заавал марафонд гүйх албагүй. Найзтайгаа зүгээр л явган алх. Тогтмол ингэж алхаж чадвал хөдөлгөөний идэвхи сайжирна. Хэрэв бие хөнгөрөөд ирвэл та сайн унтаж амрахаас гадна сэтгэл санаа ч дээрдэнэ гэдгийг санаарай.
Дуртай зүйлээ хий
Та гүйх дургүй байж болно. Гэхдээ танд морь унах, цэцэг тарих, бүжиглэх, усанд сэлэх гээд өөр хийх дуртай зүйлээ хийж яагаад болохгүй гэж.
Бусадтай цуг хий
Олны дунд байх нь сэтгэл гутралаа мартахад тусална. Танд хэн нэгний тусламж хэрэгтэй байгаа шиг та ч бас бусдад тусалж чадна.
Нарны илчийг биедээ шингээ
Таны сэтгэлээр унасан чинь хүйтэн, гэрэл багатай өрөөнд суудгаас болсон юм биш биз. Нарны гэрэл бага хүйтний улиралд хүмүүс уйтгарлах нь их байдаг. Тиймээс өвөл гэртээ аль болох гэрэл их оруулж, өөртөө уйтгарлах боломж бүү өгөөрэй.
Өөрийгөө нээ
Өөрийгөө нээж урьд хийж үзэхийг хүсдэг байсан ч цаг зав гардаггүй байсан зүйлээ оролд. Та магадгүй зураг зурж, гэрэл зураг сонирхдог, юм нэхдэг, сонинд өгүүлэл бичихийг хүсч байсан л байх. Бүтээлч байх нь сэтгэлээр унахгүй байх өөр нэг арга юм шүү.
Тархиа амраа
Стресс, зовинол нь сэтгэл санааг улам дордуулж, үүнийг даван туулахад улам хэцүү болгодог. Тархиа амраахын тулд бүлээн устай ваннд орж, тайвшруулах хөгжим сонсоорой. Мөн бясалгал, эсвэл йогын дасгал хамгийн үр дүнтэй аргад тооцогддог.
Д.Цолмон