АНУ-ын Окленд хот дахь хятад хороололд өнгөрсөн сард гурван ч удаа ази хүмүүс рүү шалтгаангүйгээр халдаж танхайрсан сэжигтэнг барьжээ.
Сэжигтэн нь 28 настай Яхья Муслим хэмээх нэгэн бөгөөд өдгөө Аламедагийн цагдаагийн газарт батлан даалтад байхдаа бусдын биед халдсан, танхайрсан, ахмад настанд, хүндэтгэлгүй хандаж, хүч хэрэглэсэн хэргээр шалгагдаж байгаа аж. Цагдаагийн газрын мэдээлснээр Муслим өмнө нь хоёр ч удаа хүнд гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байжээ.
Сэжигтнийг энэ долоо хоногийн эхээр Окленд хотын шинэхэн цагдаагийн дарга ЛеРонне Армстронг илрүүлэн барьснаа зарласан байна. Муслимыг нэгдүгээр сарын 31-нд 91 настай эрэгтэй, 60 настай эрэгтэй, 55 настай эмэгтэйн биед хэрцгийгээр халдсан хэрэгт эрэн сурвалжилж байсан юм. Муслим нь 91 настай ази эрэгтэйг түлхэн унагааж буй нь гудамжны камерын бичлэг хадгалагдан үлджээ.
Муслимыг ялгаварлан гадуурхах үзлээс болж хэрэг үйлдсэн эсэхийг Аламедагийн хуульч Нэнси О.Маллишалгаж байгаа аж. Хэрвээ Муслим дээрх хэргийг үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзэлдээ хөтлөгдөн үйлдсэн нь батлагдвал ялын хэмжээ нэмэгдэх гэнэ. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас ази гаралтай иргэд, ялангуяа өндөр настнуудыг хамгаалахад анхаарал хандуулан ажиллах алба нээснийг тэрбээр зарласан байна.
Нэнсигийн мэдээлснээр сүүлийн үед Ази гаралтай америкчуудын эсрэг чиглэсэн гэмт хэргүүд олширч байгаа тул зайлшгүй шаардлагаар дээрх албыг байгуулжээ. Муслимын хэргээс гадна нэгдүгээр сарын 28-нд Сан Франциско хотод Тайланд гаралтай 84 настай эр халдлагад өртөж, амь насаараа хохирсон юм. Тус хэрэгт 19 настай иргэнийг баривчилсан гэнэ.
Энэ мэт хэргүүд Азид олны анхаарлыг татаж, олон нийтийг бухимдуулах болсон билээ. Цаашлаад Даньел Ву, Даньел Да Ким тэргүүтэй жүжигчид сэжигтний тухай мэдээллийг 25 мянган ам.доллараар урамшуулахаа хүртэл амласан юм.
Мөн Окланд хотын Ази гаралтай америкчууд хятад хорооллын хамгаалалт, аюулгүй байдалд зориулан одоогийн байдлаар 62 мянга орчим ам.доллар цуглуулаад байгаа гэнэ.
Эх сурвалж: CBS
Холбоотой мэдээ