Стрессийг нэмэгдүүлдэг гэрийн дотоод тохижилтууд

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

Стрессийг нэмэгдүүлдэг гэрийн дотоод тохижилтууд

Стрессийг нэмэгдүүлдэг гэрийн дотоод тохижилтууд

Хүмүүс өдөр тутамдаа ажил, харилцаа, мөнгө гэх мэт олон зүйлд стрессдэж явдаг. Гэвч өөрсдийнхөө гэрийн тохижилтыг үүний бас нэгэн шалтгаан болдог гэдгийг тэр бүр мэддэггүй. Мөн эсрэгээрээ тав тухтай гэр таныг сэтгэл санааны тавгүй байдлаас гарахад тусладаг.

Стресс нь хүний бие организм дахь кортизолын хэмжээг ихэсгэдэг ба ингэснээр сэтгэл санааны тогтворгүй байдал, уур бухимдал, сэтгэл санааны гүн хямрал болон таргалалт зэрэг асуудлуудын эх үүсвэр болдог хэмээн дизайн болон сэтгэл зүйн мэргэжилтэн, "Overstock" гэр ахуйн брэндийн ахлах стилист Амбер Данфорд тайлбарлажээ.

Бидний хувьд гэр бол хамгийн тав тухтай, хувийн орон зай байдаг учраас аль болох цэвэр цэмцгэр орчинд тайван амгалан байх нь чухал юм. Сэтгэл зүйн мэргэжилтэн, стилист Амбер Данфорд таныг стресст оруулж байх магадлалтай таван төрлийн гэрийн тохижилтыг нэрлэжээ.

ОЛОН ТӨРЛИЙН ХЭЭ, ПРИНТҮҮДИЙГ ХОЛИХ

Ерөнхийдөө тод өнгийн олон төрлийн хээг харах нь нүдийг ихээхэн ядраадаг ба хоорондоо зохицоогүй үед өрөөг эмх замбараагүй харагдуулдаг. Өөр төрлийн принтүүд ашиглахыг хүсвэл маш мэдрэмжтэйгээр хослуулах хэрэгтэй. Жишээлбэл "Swiss dot" хээг том ургамлын принтүүдтэй хоршуулах нь тэнцвэртэй бөгөөд сонирхолтой интерьерийн шийдэл болж өгдөг байна.

ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ БОЛОН ХЭТЭРХИЙ НҮСЭР ТАВИЛГУУД

“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын зохиолч Мари Кондогийн хэлснээр үнэхээр л цэвэрхэн, эмх цэгцтэй байх нь хүнд аз жаргалыг бэлэглэдэг гэнэ. Хүний анхаарал ихэвчлэн энд тэнд харагдаж буй хүүхдийн тоглоом, бичиг цаас гэх мэт эмх замбараагүй эд зүйлс дээр төвлөрдөг ба энэ нь бидний анхаарлыг сарниулж, бачимдах таагүй мэдрэмжийг төрүүлдэг байна. Харин эд зүйлсээ тус бүрийн саванд нь хийж эмх цэгцтэй байлгах нь бусад зүйлд сатааралгүй амьдралынхаа илүү чухал зүйлсэд анхаарлаа хандуулахад тусална.

ГЭРЭЛТҮҮЛЭГ ХАНГАЛТГҮЙ БАЙХ

Сайн гэрэлтүүлгийн ач тусыг дутуу үнэлж болохгүй юм. Өрөөн дахь гэрлүүдээс гадна жижиг ширээний гэрэл хүртэл гэрийн уур амьсгалыг өөрчлөх чадвартай. Стилист Амбер Данфордын зөвлөснөөр гэртээ яг тохирсон гэрэл сонгох нь их чухал гэнэ. Байгалийн гэрэл бидний сэтгэл санааг сэргээж өгдөг төдийгүй цонхоор хангалттай гэрэл орж ирэхгүй байх нь хүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн нэгэн сонирхолтой зүйл хуваалцахад, гадаа нар гарахад модны навчсын завсраар тусдаг гэрэл шиг цоохор гэрэл нь хүнд байгалиасаа таатай мэдрэмж төрүүлдэг учир илүү тухтай орчин бүрдүүлэхийг хүсвэл гэртээ ийм төрлийн гэрлийн бүрхүүл сонгож авч болох юм. Эсвэл цонхныхоо эсрэг талд толь байрлуулбал цонхны хэсэг толинд ойж орчин илүү цэлгэр, гэгээлэг харагдах болно.

 ХЭТ ОЛОН ТӨРЛИЙН ӨНГӨ ХОЛИЛДОХ

Гэрээ тохижуулахдаа хэтэрхий олон өнгө холих нь таныг стрессд оруулах бас нэгэн шалтгаан болдог байна. Олон төрлийн өнгөтэй дотоод засал нь хүнд эрч хүч нэмж, сэргээх нөлөөтэй ч удаан хугацаанд ийм орчинд байвал сэтгэл зовних болон стрессдэх үндэс болдог гэнэ. Тиймээс тод өнгийг хэрэглэхдээ тунг нь тааруулж, мэдрэмжтэй ашиглах нь их чухал. Өнгөний харьцааг байгалийн өнгөний зохицлоос жишээ авч хийх хэрэгтэй. Тухайлбал байгальд хөрслөг буюу завсрын зөөлөн өнгүүд голчилдог бол тод өнгөтэй цэцэг, ургамлууд харьцангуй бага хувийг эзэлдэг шүү дээ.

ЭСВЭЛ ХЭТЭРХИЙ ЦУЛГУЙ БАЙХ

Олон төрлийн өнгө стрессдэхэд хүргэдэг юм бол цулгуй цагаан өнгөөр засал чимэглэлээ хийвэл ямар вэ? Энэ нь тийм ч сайхан санаа биш юм. Учир нь хэтэрхий их цагаан өнгө хэрэглэх нь мөн л гэрийг тухгүй болгодог. Ихэнх хүн байгалийн өнгөний зохицлыг харж тайвшран, амар амгаланг мэдэрдэг бол харин цулгуй цагаан өнгө үүний эсрэг үр нөлөөг үзүүлдэг байна. Цав цагаан өнгийн дотоод засалтай байх үед байнга цэвэрхэн цагаанаар нь хадгалах шаардлага үүсэж энэ нь хүний тархинд тодорхой хэмжээгээр дарамт учруулдаг гэнэ. Харин үүний оронд beige өнгө сонговол цагаанаар нь байлгах гэж санаа зовохгүйгээс гадна цайвар өнгө учир өрөөнд гэрэл гэгээ нэмнэ. Хэрвээ үнэхээр цагаан ханатай байхыг хүсвэл завсрын зөөлөн өнгүүд болох бор шаргал, саарал, beige өнгүүдийг акцент болгон нэмж оруулж өгч болох юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж