Дараа жилийн сар шинийн барилдаан даанч хол байна даа

Хуучирсан мэдээ: 2021.02.10-нд нийтлэгдсэн

Дараа жилийн сар шинийн барилдаан даанч хол байна даа

Дараа жилийн сар шинийн барилдаан даанч хол байна даа

Сар шинийн битүүний өдөр айл хотлоороо, ах дүүс, халуун ам бүлээрээ бөхийн барилдаан үзэж суух нь баярын нэг хэсэг билээ. Үндэсний их баяр наадмын дараа ордог том барилдаан бол яах аргагүй сар шинийн барилдаан. Цол, чимэг олгодоггүй ч, аварга арслан цолтнууд  үнэн хүчийг үздгээрээ онцлогтой энэ  өдрийн барилдаанаас тодорсон тэр бөх ирэх төрийн наадмыг өнгөлөх нь бий. Харамсалтай нь, энэ жил мөн л цар тахлын улмаас сар шинийн уламжлалт хүчит бөхийн барилдаан дахин өнжиж байна.

Сар шинийн барилдаан 1963 онд анх Нэгдэлчдийн баярын барилдаан хэмээх нэртэйгээр зохиогдож эхэлжээ. Тухайн үеийн усан туулай жилийн анхны битүүний өдрийн барилдаанд дархан аварга Ж.Мөнхбат асан 22 насандаа улсын заан цолтойдоо түрүүлж, Ч.Бээжин аварга үзүүрлэж байсан түүхтэй аж. Ер нь сар шинийн барилдаанд улсын заан цолтой бөхчүүд үе үе гоцгойрч түрүүлж ирсэн. Ж.Мөнхбат аваргаас хойш дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга Д.Цэрэнтогтох, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дархан аварга А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, улсын арслан Б.Ганбат, улсын аварга Ч.Санжаадамба нар бүгд улсын заан цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлж байв.

Эдгээр алдар, цуут аваргууд дундаас Ч.Санжаадамба аварга сар шинийн барилдаанд цэргийн арслан, улсын заан, улсын аварга гэсэн гурван цолтойгоо тус бүр түрүүлж байсан гэгдэх түүхэн амжилтын эзэн. Ялангуяа цэргийн арслан цолтойдоо түрүүлсэн төмөр барс жилийн сар шинийн бөхийн барилдаанд үнэхээр гайхалтай байсныг нь та бүхэн санаж байгаа биз дээ. Хоёрын даваанд улсын начин Ж.Алтансүхийг, гурвын даваанд аймгийн начин цолтой байсан П.Бүрэнтөгсийг гээд л цувуулсан даа. Зургаагийн даваанд тунаж, тухайн үед улсын заан цолтой байсан Б.Ганбат арсланг давж, долоогийн даваанд улсын арслан Д.Ганхуягийг өвдөг шороодуулан дархан аварга Г.Өсөхбаяртай түрүү үзүүр булаалдаж байлаа. Өмнөх өдөр нь Дашчойлон хийдийн нэрэмжит Аймаг цэргийн цолтой бөхийн барилдаанд түрүүлээд байсан Ч.Санжаадамбыг эхнэр нь хэвийн боовоо хийгээч гэхэд нь битүүний өдрийн барилдаанд түрүүлээд таваг идээгээ аваад ирье гээд унтаад өгсөн гэдэг. Ийнхүү амласандаа хүрч маргааш нь Тийн урвагч хэмээх төмөр барс жилийн сар шинийн хүчит бөхийн барилдааны наймын даваанд дархан аварга Г.Өсөхбаярыг давж, тавгийн идээгээ аваад гэртээ харьж байлаа. Яг энэ явдлаас таван жилийн дараа Галзууруулагч хэмээх модон хонин жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд улсын заан цолтой түрүүлэхдээ зургаагийн даваанд дархан аварга Г.Өсөхбаярыг дахин давж, долоогийн даваанд улсын начин цолтой байсан Р.Пүрэвдагва арсланг, наймын даваанд улсын заан М.Өсөхбаярыг тус тус давж хоёрдахь удаагаа түрүүлж байв.

1993 оны Тахиа жилийн сар шинийн барилдаан ч сонирхолтой явагдсан. Төрийн наадам, сар шинийн барилдаанд завсаргүй түрүүлж, Монгол бөхийн дэвжээг эзэгнэж явсан дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй үзүүр түрүү булаалдахаар дархан аварга Х.Баянмөнх 49 насандаа гарч ирж байлаа. Гэвч тухайн үед дийлдэшгүй байсан Б.Бат-Эрдэнэ аварга зургаадахь түрүүгээ авсан түүхтэй. Харин энэ явдлаас зургаан жилийн дараа буюу 1999 оны шороон туулай жилийн сар шинийн барилдаанд улсын заан цолтой байсан А.Сүхбат аварга Б.Бат-Эрдэнэ аваргын 11 дараалсан түрүүг зогсоосон.

Зургаан залуу заанаас хамгийн эхэнд сар шинийн барилдаанд түрүүлсэн нь А.Сүхбат.

Дархан аварга А.Сүхбат сар шинийн барилдаанд түрүүлдэг анхны жилдээ зургаагийн даваанд Ц.Цэрэнпунцаг гарьд, долоогийн даваанд дархан аварга Г.Өсөхбаяр нарыг дараалан өвдөг шороодуулж, наймын даваанд дээр дурдсанчлан дархан аварга Б.Бат-Эрдэнийг хаяж байжээ.

2011 оны Илжиг хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан ч таамаг эвдсэн, түмэн олныг гайхшруулсан үйл явдал. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат улсын харцага Ш.Мөнгөнбаатар аймгийн арслан цолтойдоо энэхүү жилийн сар шинийн барилдааны түрүү бөхөөр тодорч байв. Тэрбээр гурвын даваанд улсын начин Ч.Баянмөнхийг, дөрвийн даваанд улсын харцага Л.Пүрэвжавыг, тавын даваанд тухайн үед улсын начин цолтой байсан Т.Өсөх-Ирээдүй харцагыг дараалан хаясан. Нэгэнт айдсаа ардаа хийчихсэн, барилдаанаа мэдэрчихсэн Ш.Мөнгөнбаатар харцага дээшээ даваанууддаа Ө.Бат-Орших гарьд болон Ж.Чулуунбат начин нарыг цувуулан үзүүр түрүүний даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг давж байсан түүхтэй.

Ч.Санжаадамба аварга цэргийн цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлсэн цор ганц бөх бол Ш.Мөнгөнбаатар харцага аймгийн цолтойдоо түрүүлсэн цор ганц бөх.

Ш.Мөнгөнбаатар харцагаас өмнө улсын арслан Б.Ганбат болон улсын заан Ц.Магалжав нар аймгийн арслан цолтойдоо сар шинийн барилдааны үзүүр түрүүнд үлдэж байсан бол түүнээс хойш О.Хангай харцага хоёр ч удаа сар шинийн барилдааны үзүүр түрүү булаалдаж байлаа.

О.Хангай харцага ч аймгийн цолтой байхаасаа эхлээд л зал танхимын барилдаанд тодорч эхэлсэн дээ. Ялгуусан хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд 24 настай шинэхэн аймгийн арслан улсын гарьд Рагчаатай үзүүр, түрүү булаалдаж байсан юм. Гурвын даваанаас эхлүүлээд л улсын начин цолтой байсан Т.Баасанхүү харцага, улсын арслан Д.Азжаргал, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын аварга С.Мөнхбат нарыг дараалан давж, их шөвөгт улсын заан цолтой байсан Ч.Санжаадамбыг хаяж, наймын даваанд улсын гарьд Д.Рагчаад тахим буулгаж байв. Тэрбээр сар шинийн барилдаанд түрүүлэх хүсэлтэйгээр 2017 онд дахин Ч.Санжаадамба аваргатай үзүүр түрүү булаалдсан. О.Хангай дахин үзүүрлэхдээ ч шилдгүүдийг өмнөө сөхрүүлсэн. Тодруулбал, гурвын даваанд улсын начин Б.Чимэдванданг, дөрвийн даваанд улсын арслан цолтой байсан Э.Оюунболдыг тавын даваанд улсын заан Б.Пүрэвсайханг, зургаагийн даваанд улсын харцага цолтой байсан Ө.Бат-Орших гарьдыг, долоогийн даваанд улсын харцага цолтой байсан Ц.Содномдорж арсланг тус тус өвдөг шороодуулсан ч харамсалтай нь шийдвэрлэх даваанд улсын аварга Ч.Санжаадамбад унаж байв. Ийнхүү Ч.Санжаадамба аварга улсын аварга цолтой сар шинийн барилдаанд түрүүлсэн бол О.Хангай аймгийн арслан цолтой хоёрдахь удаагаа сар шинийн барилдаанд үзүүрлэсэн.

О.Хангай шиг аймгийн арслан цолтойдоо сар шинийн барилдаанд хоёр удаа үзүүрлэж байсан бөх байхгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж