Маргааш өвлийн адаг сарын битүүн. Баасан гаригт монголчуудын үндэсний баяр наадам Цагаан сарын баярын шинийн нэгэн тохионо. Хэдийгээр УОК-оос сар шинийг өргөн дэлгэр тэмдэглэх, айл хэсэхийг хориглосон ч иргэд гэр, гэртээ цагаан сараа тэмдэглэхээр идээ, будаагаа базаах болсон.
Гэвч, сүүлийн өдрүүдэд нийслэлд эх үүсвэр нь тодорхойгүй халдварын голомтууд дэгдсэн нь баярын өдрүүдэд иргэдийг дахин хөл хорионд ороход хүргэв. Тодруулбал, хоёрдугаар сарын 11 буюу Цагаан сарын битүүний өдрөөс эхлэн 23-ны 06:00 цаг хүртэл нийслэлийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн тавдугаар түвшинд шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногт иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлах юм. Холбогдох албаныхан “Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 6-21-ний өдрүүдэд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлвэл иргэдийн дунд халдвар тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна” гэсэн судалгаагаа танилцуулсан.
Хэрэв эдгээр өдрүүдэд хөл хорионы дэглэмийг сулруулбал гуравдугаар сард цар тахлын халдвар нийтийн дунд тархаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо багадаа 3000 болж, ачааллаа дийлэхгүйд хүрэх аж. Тэгвэл нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах гэнэ.
Ийнхүү хоёр жил дараалан монголчууд сар шинийг гэр, гэртээ тэмдэглэхээр болж байна. Энэ нь нэг талаас эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалсан, нөгөө талаас эдийн засгийн хэмнэлт дагуулж байна. Үүнээс өмнө сар шинийн баяр нүсэр том болж байна гэх шүүмжлэлийг иргэдийн зүгээс гаргадаг байсан билээ.
Үндэсний статистикийн 2018 оны судалгаанд дурдсанаар “Цагаан сарын баярыг 572.5 мянган өрх өргөн дэлгэр тэмдэглэж, нэг өрхөөс дор хаяж 1.5 сая төгрөгийн зарцуулдаг гэвэл идээ болон бэлэгт зориулж нийтдээ 845.1 тэрбум төгрөгийн зардал гаргадаг. Харин бэлгийн 80 орчим хувийг импортийн бүтээгдэхүүн сонгодог нь Монгол Улс цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргаж байна” гэжээ.
ЭМЯ сар шинийг гэр гэртээ тэмдэглэхийг уриалахдаа “Олуулаа цуглах, золгох, үнсэх, мөнгө, хадаг барих, “хөөрөг дамжуулах”, бууз, салат нэг тавагнаас авах, мах хишиг тараах, бэлэг өгөх нь хүүхэд хөгшдөд маш их эрсдэлтэй. Тиймээс сар шинээр айл битгий хэс, хамгийн хайртай хүмүүс дээрээ тэр тусмаа битгий оч. Учир нь архаг хууч өвчтэй ахмад настнуудад Covid-19 халдвар бусад өвчлөлтэй нь хавсарч, амь насыг нь авах хүртэл аюултай” болохыг анхааруулсаар байгаа. Хэрэв иргэд золгохоор гэрээсээ гарсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх юм.
АЙЛ ХЭССЭН ИРГЭНИЙГ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар "Иргэд гэрээсээ огт гарахгүй. Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтооно. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Иргэнийг 500.000, аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно. Хөл хорио тогтоосон үед иргэд аливаад ухамсартай хандах хэрэгтэй. Нийт хүн амын хэмжээнд шинжилгээ авах гэж байна, айл хэсэж, золгоно гэсэн асуудал байхгүй. Үүнийг таслан зогсооно" хэмээн мэдэгдсэн удаатай. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногт иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлан “Нэг хаалга, нэг хүн” арга хэмжээний хүрээнд нийслэлийн 420.000 хүнээс Covid-19 халдвар илрүүлэх шинжилгээ авах юм.
Монголчууд Цагаан сарын баяраа ураг садантайгаа учран золгож тэмдэглэдэг уламжлалтай ч энэ удаад хайртай бүхнээ хамгаалахын тулд гэр, гэртээ тэмдэглэцгээе.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ