Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш нийт зургаан аймагт Covid-19-ийн голомт бүртгэгдэж, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна. Эрүүл мэндийн байгууллагуудын үзэж буйгаар 28 хоногоос дээш хугацаагаар халдвар илрээгүй бол уг голомтын халдварлалт зогслоо гэж үздэг аж. Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт халдварын 45 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нэгдүгээр сарын 5-нд халдваргүй бүс болсныг мэдэгдсэн билээ. Тодруулбал, 12 мянган иргэнээс PCR шинжилгээ авахад бүх иргэний шинжилгээний хариу сөрөг гарснаар 17 төрлийн үйлчилгээг хэвийн горимд шилжүүлээд байсан юм.
Удалгүй нэгдүгээр сарын 26-ны шөнө Улаанбаатараас Дархан-Уул аймагт ирсэн хүнс тээврийн жолоочоос халдвар илэрсэн. Тухайн иргэнийг Дарханы төв рүү нэвтрэхээс өмнө буюу 140-ийн нэвтрэх пост дээр саатуулан шинжилгээ авахад халдвартай болох нь тогтоогдсон учраас ХӨСҮТ-рүү тээвэрлэн эмчилгээг хийсэн юм. Тэгвэл тухайн жолооч бүрэн эдгэрч өчигдөр /2021.02.09/ Дархан хотод иржээ. Өмнө нь ХӨСҮТ-д эмчилсний дараачаар Хан-Уул дүүргийн 300 ортой сувилалд шилжүүлэн хянадаг байсан бол Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа халдвараас үүдэн иргэдийг шууд гэрийн хяналтад шилжүүлдэг болсон байна. Түүний ойрын хавьтлын 99 хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарлаж байсан бөгөөд дээрх иргэдийн тусгаарлалтын 14 хоног хоёрдугаар сарын 6-наас 10-ны хооронд дуусч гэрийн ажиглалтад шилжжээ. Дархан-Уул аймаг ийнхүү халдваргүй ногоон бүс болсноо дахин баталлаа.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ