"Катар – 2022" ДАШТ болон 2023 оны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны F хэсгийн Монгол болон Японы шигшээ багуудын тоглолт Улаанбаатар хотод зохион байгуулагдах хуваарьтай байсан. Харамсалтай нь, цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Улсын онцгой комисс болон Биеийн тамир, спортын улсын хорооноос тус олон улсын тоглолтыг Монголд хүлээн авах боломжгүй гэдэг хариуг өгчээ. Ингэснээр тус тоглолт ирэх гуравдугаар сарын 30-ны өдөр Япон улсын Чиба хотноо 20 мянган хүний суудалтай Фукуда Дэнши цэнгэлдэхэд явагдахаар болов.
Тус тоглолтын өмнө Монгол Улсын үндэсний шигшээ ирэх гуравдугаар сарын 25-ны өдөр Тажикстан улсын шигшээ багийн талбайд зочлон тоглоно.
Ази тивийн урьдчилсан шатны F хэсгийг Японы шигшээ баг дөрвөн хожил, нэг ч ялагдал амсалгүй 12 оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас Киргиз, Тажикстан, Мьянмар зэрэг улсуудын шигшээ багууд удаалж байна. Харин Монгол Улс одоогоор таван тоглолт хийсэн бөгөөд нэг хожил, дөрвөн хожигдолтой нийт гурван оноотойгоор хэсгийнхээ сүүл мушгиж байна.