Ямба нь хэтэрснийх үү, угаасаа хуулиа мөрддөггүй нь тэр үү Ерөнхийлөгч Х.Баттулга Дундговь аймгийн Салхитын мөнгөний ордод ажиллахдаа, УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллахдаа маск зүүсэнгүй.
Улаанбаатар хот Covid-19 халдварын голомт болсноор цар тахал хяналтаас гарсан тул арга буюу сар шинийн баярын өдрийг тааруулан, 12 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоон, 420 мянган өрхөөс шинжилгээ авах нүсэр ажлыг эхлүүлэхээр болж буй. Гэтэл голомтын бүсээс орон нутагт очсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр халдвар хамгааллын дэглэмийг сахисангүй.
Орон нутгийн иргэд төрийн өндөрлөгүүдээ хараад гайхах, айх зэрэгцэж байна. Учир нь, жирийн иргэд нь Улаанбаатар хотоос орон нутагт очиход 14 хоногийн тусгаарлалтын дэглэм мөрдөн, гэрээс гарах эрхгүй хашигдаж суухад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрт уг дэглэм нь мөрдөгдсөнгүй, маск зүүсэнгүй. Тэдний энэхүү үйлдэл нь Монголын хууль эрхтэн дархтанд үйлчилдэггүй, харин жирийн ядарсан иргэдэд үйлчилдэг гэдгийн жишээ болж байна.
Мөн нийслэлчүүдийг сар шинийн баярын үеэр айл хэсвэл иргэнийг 500 мянгаар, шинжилгээ өгөөгүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох заалт үйлчлэх болж буйг албаныхан сануулж байгаа. Гэтэл хууль журмыг ягштал мөрдөн, ард иргэддээ үлгэрлэн харуулах ёстой төрийн хоёр өндөрлөг нь зөрчиж явааг юу гэж ойлгох вэ.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ