Эрдэмтэд Хятадын өмнөд хэсгийн нэгэн агуйгаас 2015 онд олдсон 47 ширхэг шүдийг судалж үзээд гайхширцгаажээ. Учир нь тэдгээр шүднүүдийн насыг шинжилж үзвэл 80 мянгаас 120 мянган жилийн тэртээ амьдарч байсан хүмүүсийнх болох нь тогтоогдсон аж. Өөрөөр хэлбэл, энэ нь өдгөө олонхийн баримталж буй хүн төрөлхтний үүслийн онолтой зөрчилдөж байгаа юм.
Тухайлбал, орчин үеийн оюун ухаант хүн төрөлхтөн анх Африкт үүсч, тэндээсээ нүүн дэлхий даяар тарсан хэмээх онолд хүмүүс итгэсээр ирсэн билээ. Тэгвэл Хятадаас олдсон шүд нь Африкаас анх хомо сапиенс хүмүүс нүүхээс даруй 20 мянган жилийн өмнө Хятадын өмнөд хэсэгт хүн амьдарч байсан аж. Африкт үүссэн хомо сапиенсээс тусдаа өөр хүн төрөлхтөн эрт цагт Хятадад бие даан үүссэн байж магадгүй гэсэн онолыг зарим эрдэмтэд дахин дэвшүүлж эхэлжээ.
Дээрх судалгааны тайлан өчигдөр/2021.2.8/ шинжлэх ухааны PNAS сэтгүүлд хэвлэгдсэн байна. Гэхдээ тус тайланд хүн төрөлхтний үүслийн тухай түүхийг өөрчлөн бичхэд дээрх олдвор хараахан хангалтгүй хэмээн дүгнэжээ.
Ямартай ч Хунань мужийн Фуян хэмээх агуйгаас хоёр шүд, ойролцоох бусад агуйгаас олдсон өөр шүднүүд болон ялгадас зэрэг эртний хүмүүстэй холбоотой олдворуудад хийсэн ДНХ-ийн шинжилгээний хариунаас харахад хүн төрөлхтөн Хятадад бидний төсөөлж байснаас ч эрт амьдарч байсан бололтой.
“Шинэ судалгаанаас үзэхэд хомо сапиенс анх 50 мянган жилийн өмнө биш, харин 100 мянган жилийн өмнө Хятадад нүүн очсон байх боломжтой юм. Гэвч одоохондоо нотлох баримт хомс байгаа учир ийн батлахад эрт байна” хэмээн Австралийн Сидней дэх судалгааны хүрээлэнгийн профессор Даррен Курно ярьжээ.
Эрдэмтэд агуйгаас олдсон хүн, амьтны шүднүүд болон нүүрс зэрэг олдворуудад ДНХ-ийн задлан шинжилгээ хийж олон аргаар судалж үзжээ. Тэгэхэд зарим олдвор 16 мянган жилийн өмнөх байсан бол зарим нь 40 мянган жилийн тэртээх олдвор байжээ.
Эх сурвалж: CNN.COM