Ч.Ганхуяг: Шаардлага хангахгүй журмаар хувьцаа эзэмшигчдийг хохироож болохгүй

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

Ч.Ганхуяг: Шаардлага хангахгүй журмаар хувьцаа эзэмшигчдийг хохироож болохгүй

Ч.Ганхуяг: Шаардлага хангахгүй журмаар хувьцаа эзэмшигчдийг хохироож болохгүй

“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

ЗОХИЦУУЛАХ БАЙГУУЛЛАГУУД МАНИПУЛЯЦИ ГЭЖ ҮЗЭЖ БУЙТАЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ БАЙНА

Санхүүгийн зохицуулах хорооноос “Булган Ундарга” компанитай холбоотой гаргасан шийдвэр “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн 20 мянган хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг зөрчиж байгаа ажээ.

“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК 2020 оны арванхоёрдугаар сард Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Булган Ундарга” ХК-д хөрөнгө оруулалт хийж, менежментийг нь удирддаг “КриптоҮндэстэн” ХХК-ийн эзэмшил дэх биткойнуудаа шилжүүлсэн байна.

Зах зээлийн үнэлгээ нь бага “Булган Ундарга” ХК-ийн хувьцааны ханшийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчид болох “КриптоҮндэстэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд тус компанийн хувьцааг шилжүүлэх гэсэн боловч үүнийг нь Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооноос “Булган Ундарга” ХК-ийн хувьцааны ханшийг  үндэслэлгүйгээр өсгөхийг оролдсон буюу манипуляци хийж байна гэж үзэн, Монголын хөрөнгийн бирж дэх “Булган Ундарга” ХК-ийн хувьцааны арилжааг зогсоожээ.

Монголын хөрөнгийн зах зээлд одоо үйлчилж буй журмаар нэг компанийн хувьцааны ханшийн нэг өдрийн өсөлтийн дээд хязгаарыг 15 хувиар тогтоодог байна. Энэ нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн цөөнгүй дүрэм журмын нэг хэмээн Ч.Ганхуяг захирал үзэж байна. Тэрбээр нэг өдрийн өсөлтийг 15 хувиар тогтоож, ашгийг битгий хязгаарлаач хэмээн хөрөнгийн зах зээлийг зохицуулж буй байгууллагуудад хандан хэлэв.

Ч.Ганхуяг "Би Монголын санхүүгийн салбарт 30 гаруй жилийн хугацаанд зүтгэж байна. Над дээр ганц ч хүн хувьцаагаа хулхидуулчихлаа гэж орж байгаагүй" гэж онцоллоо.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Жинст Увс” ХК-ийн хувьцааг худалдан авч, “Хөрөнгө оруулагч Үндэстэн” компанитай урвуу нэгдэл хийх замаар “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийг нээлттэй компани болгосон билээ.

“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Бид 10, 20-хон сая төгрөгийн үнэлгээтэй байсан компанид өөрсдийн дөрөв, таван тэрбум төгрөгийн хөрөнгийг шилжүүлж байгаа учраас хувьцааных нь үнийг дээш нь өсгөөд, улмаар хөрөнгө оруулагчид болох “КриптоҮндэстэн” компанийн хувьцаа эзэмшигчдэд шилжүүлэх гэсэн. Гэтэл үүнийг зохицуулах байгууллагууд манипуляци гэж үзэж буйтай санал нийлэхгүй байна. Хувьцааг нь худалдаж авна гэдгээ ил тод зарлаж байгаад, худалдаж авдаг манипуляци гэж хаана ч байхгүй. Энэ арилжаанаас хохирсон хүн байхгүй. Хувьцааны үнэ өсөхөөр хэн хохирно гэж. Нэг компанийн хувьцаагаар нөгөө компанийг худалдан авч байна” хэмээн хэллээ.

“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 2020 оны есдүгээр сарын байдлаар 30 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан бол энэ долоо хоногийн байдлаар 100 тэрбум төгрөг рүү дөхжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж