Үндэсний статистикийн хорооноос долдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн сарын байдлаар эдийн засгийн өсөлт таван хувьтай гарсан нь нэгдүгээр улирлын эдийн засгийн өсөлтөөс 2,6 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Ийнхүү эдийн засгийн өсөлт саарсан нь уул уурхай эрдэс баялгийн салбарын зарим нэг эрдсийн олборлолт эхний улирлаас буурсантай холбоотой юм байна. Түүхий нефтийн олборлолт нь гэхэд нэгдүгээр улиралд өмнөх жилийнхээс 3,3 дахин нэмэгдсэн байсан бол өнгөрсөн сард 1,8 дахин өссөн байна. Монголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт долдугаар сарын эцсийн байдлаар 3543,1 тэрбум төгрөг болж, өмнөх сарын эцсийнхтэй харьцуулахад 19,5 тэрбум төгрөг буюу 0,6 хувь, өмнөх оны мөн үеэс 1033,4 тэрбум төгрөг буюу 41,2 хувиар өссөн байна. Түүнчлэн төсвийн урсгал орлого 1449,3 тэрбум төгрөг, урсгал зардал 1250,8 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 198,5 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Д.Цээнэ
Д.Цээнэ