Шилдэг судлаачаар Монгол эмэгтэй шалгарав

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

Шилдэг судлаачаар Монгол эмэгтэй шалгарав

Шилдэг судлаачаар Монгол эмэгтэй шалгарав

Дэлхийн хөгжиж буй орнуудын эмэгтэй судлаачдын байгууллага /OWSD/-аас жил бүр шилдэг эмэгтэй судлаачдад олгодог “OWSD-Elsevier Foundation Award” шагналын эзнээр энэ жил Монгол эмэгтэй тодорчээ. Уг шагналыг 2012 оноос эхлэн эмэгтэй эрдэмтдийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж олгож эхэлсэн бөгөөд Латин Америк ба Карибын тэнгис, Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутаг, Төв ба Өмнөд Ази, Арабын бүс нутаг, Сахар орчим ба Африкийн гэсэн таван бүс нутгаас тус бүр нэг шилдэг судлаачийг шалгаруулдаг байна. Нийт 81 хөгжиж буй орны судлаачдаас Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн шилдэг судлаачаар математикийн шинжлэх ухааны доктор Д.Хонгорзул шалгарчээ. Уг шагналыг 5000 ам.доллар дагалддаг ба жил бүрийн хоёрдугаар сард АНУ-д зохион байгуулагддаг Америкийн Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгийн (AAAS) хуралд оролцох эрхтэй болдог байна.

Дэлхийн хөгжиж буй орнуудын эмэгтэй судлаачдын байгууллага нь 1993 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ба дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжил нэгтнүүдтэйгээ холбоо тогтоож, хамтын ажиллагааны сүлжээ бий болгон семинарт оролцож, салбарынхаа мэргэжилтнүүдтэй уулзах, орон нутгийн лаборатори, байгууллагуудад зочлон туршлага судлах боломжуудыг олгодог олон улсын байгууллага юм.

Д.Хонгорзулын хувьд математикч мэргэжилтэй, шинжлэх ухаан, инженерийн салбарын хэрэглээний болон онолын математикийн салбар болох бутархай дифференциал тэгшитгэл (FDE) –ийг судалдаг эрдэмтэн юм байна. “FDE” нь физик, хими, биологи, эдийн засаг зэрэг олон хэрэглээний шинжлэх ухааны нарийн төвөгтэй систем, үйл явцыг дүрслэн харуулахад ашиглагддаг аж. Тэрбээр хэрэглээний математикийн чиглэлээр МУИС-ийг төгсч, магистрын зэргээ ч мөн дээрх чиглэлээр хамгаалжээ. Дараа нь Японы засгийн газрын тэтгэлгээр Кюүшюгийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд эх орондоо эргэж ирээд 2018 оноос МУИС-д багшилж байгаа юм байна.

Одоо тэрбээр багшлахынхаа хажуугаар үйлдвэрлэлийн болон эрдэм шинжилгээний салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа аж.  Энэ зорилгынхоо хүрээнд мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран аж үйлдвэр, пүүс компаниуд болон бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа асуудлуудыг математикийн шинжлэх ухааны тусламжтайгаар судлах, шинжилгээ хийх, үр дүнд гарсан боломжит шийдлүүдийг тухайн үйлдвэрлэл, бизнесийн асуудлуудад нэвтрүүлэх зорилготой “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар”-ыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байжээ.

Эх сурвалж: https://www.elsevier.com/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
105
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж