Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн болон Нийслэлийн онцгой комиссын бүтцэд өөрчлөлт оруулах чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгчээ. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Улсын онцгой комисс /УОК/, Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын хоорондын уялдаа холбоо алдагдаж, шийдвэр нь зөрөх зэрэг асуудал үүсэх болсон. Хамгийн сүүлд гэхэд НОК-оос ирүүлсэн чиглэлийн дагуу дүүргүүд хөл хорионы хугацаанд хүнсний дэлгүүр ажиллахгүй гэх мэдэгдлийг өчигдөр орой шил дараалан гаргасан юм.
Үүнээс болж дэлгүүрүүдэд бөөгнөрөл үүсэх, хүнсний хангамжийн үнэ хөөрөгдөх зэрэг олон эрсдэл араасаа дагуулах байсан ч дүүргийн удирдлагууд бүгд энэхүү шийдвэр гаргасан талаараа албан ёсны фэйж хуудсуудаараа дамжуулж, бүүм үүсгэсэн. Хүнсээ цуглуулахаар төлөвлөж байсан иргэд, хүнсний дэлгүүрүүд ч энэхүү эрсдэлтэй шийдвэрийг эсэргүүцэж эхэлсэн. Харин энэ үед УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэг хуралдаж, ийм шийдвэр гаргана гэж огт яриагүй, хүнсний дэлгүүрүүдийг хөл хорионы хугацаанд хаахгүй гэдгээ шөнө дөлөөр зарласан юм.
Энэ мэтчилэн НОК-ын УОК-оос давсан шийдвэр нь олон иргэдийг сандаргаж, асуудал үүсгэсэн.
Цар тахлын халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, халдварын шинэ голомтууд үүссэн энэ цаг үед нэгдсэн зохион байгуулалт, бодлого шийдвэртэй ажиллах ёстой хоёр байгууллага бол УОК, НОК. Бодлого, гаргаж байгаа шийдвэр нэг байж, нэгдсэн зохион байгуулалтаар цар тахлыг даван туулах учиртай. Гэтэл У.Хүрэлсүхийн танхим ажиллах үеэс л учраа олохгүй хоёр тийшээ харж суучихаад асуудалд өөр өөр өнцгөөс хандаж, тэр өөр мэдээллээ иргэдэд өгч, ард түмний үймүүлж байсан комиссууд одоо ч учраа олохгүй л байна.
Тиймээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НОК-ийн бүтцэд өөрчлөлт оруулж, эхний ээлжинд НОК-оос Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэнг чөлөөлөх чиглэл өгчээ.
Ж.Сандагсүрэнгийн хувьд Хотын даргын орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай удирдлагын багийг ахалдаг. Тиймээс НОК-оос гарч байгаа шийдвэр, чиглэлүүд түүнтэй хамааралтай. Өнгөрсөн хугацаанд түүний хийсэн, гаргасан шийдвэрүүд бодит үр дүнд хүрээгүй, туршлага дутсан гэж үзэж байгаа учраас ийн түүнийг чөлөөлөх чиглэл өгсөн бололтой. Тэрбээр Хотын орлогчоор томилогдохоос өмнө Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан юм. Хотын орлогчоор томилогдсоныхоо дараа намынхаа олон хүмүүсийг ажлаас халж, Сонгинохайрхан дүүргийнхээ хүмүүсийг хотод ажилд оруулсан гэх шүүмжлэл ч дагуулж байв.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ