Өдөрт дэлхий дахинд 4.7 сая хүн Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэж, халдвар тууштай буурч байгааг ЭМЯ-наас өнөөдөр /2021.2.3/ хийсэн мэдээлэлдээ дурдлаа.
Мөн Covid-19-ийн вакцин үр дүнгээ өгч эхэлжээ. Дэлхийд 73 улсад 134 сая хүн тус вакциныг хийлгээд байна. Халдвар авсан хүний тооноос вакцин хийлгэсэн хүний тоо өндөр байгаа юм. Израйл улс гэхэд хүн амынхаа 50 хувиа вакцинд хамруулсан бол АНУ-д хийсэн судалгаагаар асрамжийн газарт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард вакцин хийлгэсэн ахмадуудын өвчлөл 48 хувиар буурчээ. Харин Англи улсад дархлаажуулалтын үр дүн гарч эхэлсэн байна. Вакцин хийлгэсэн хүнийг паспортжуулах, аялал жуулчлалд вакцин хийлгэсэн гэх гэрчилгээг шаардах үйл явц өрнөж эхэлсэн байна. Цаашдаа вакцины гэрчилгээг дэлхий нийтэд цахимаар нэвтрүүлэх нь зүйтэй гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Гэвч дархлаажуулалтад хамрагдаж буй хүний тоо нэмэгдэхтэй зэрэгтэй вакцины талаарх буруу ташаа мэдээлэл гарч байна. Тиймээс олон нийтийн сүлжэнд буруу мэдээллийг устгаж, тайлбарлах арга хэмжээ авч эхэлжээ.
Монгол Улсын хувьд 2021 оны нэгдүгээр улилралд багтаан Covid-19-ийн вакциныг хийж эхлэх бөгөөд эхний ээлжинд эмнэлгийн ажилчид, цэрэг цагдаагийн албаныхан, 60-аас дээш насныхан зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамруулах юм.
ДЭМБ-аас гаргасан мэдээллээр дэлхийн улс орнуудад халдварын тохиолдол сүүлийн 14 хоногт 15 хувиар буурчээ. ОХУ-д гэхэд халдварын тохиолдол өдөрт 5000-6000-аар буурч байгаа юм.
Эрдэмтдийн үзэж буйгаар халдварын тохиолдол буурч байгаа нь дараах дөрвөн шалтгаантай холбоотой аж.
-Дэлхийн нийт хөл хорионы арга хэмжээг сайн хэрэгжүүлж байгаа,
-Ард иргэд, олон нийт урьдчилан сэргийлэх арга барилыг сайтар эзэмшсэн,
-Амьдралын шинэ хэв маягийг хэрэгжүүлж эхэлсэн. Амны хаалт зүүх, гараа угаах, зайгаа барих зэргийг өөрийн амьдралын бодит үйлдэл болгож буй нь өвчлөл бууруулахад нөлөөлсөн,.
-Дэлхий нийтэд хөл хөдөлгөөн бууруулж, бүх үйлчилгээг цахимаар хийж байгаа нь тархалт бууруулахад нөлөөлсөн гэж үзжээ.
Р.ДУЛАМ