ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Monday, February 8, 2021
Эрүүл мэндийн яамнаас Covid-19-т халдварын цаг үеийн асуудлаар өнөөдрийн /2021.2.9/ ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Сүүлийн 24 цагийн дотор ХӨСҮТ , ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори болон бусад аймаг, дүүргийн лабораторид 18817 хүнд шинжилгээ хийхэд 47 хүнд Covid-19 вирус илэрсэн. Эдгээр тохиолдлуудын олонх нь батлагдсан тохиолдлууд байлаа. Мөн шинээр "Элизабет" хотхонд дөрөв, "CGS" эмнэлэгт найман тохиолдол нэмэгдсэн. Ингэснээр Улаанбаатарт 1284 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Нийт 2120 тохиолдлын 1546 нь буюу 73 хувь нь эдгэрлээ.
Монгол шир, гутлын үйлдвэр, банк бус санхүүгийн байгууллага, Сонгинохайрхан дүүргийн 21 хорооллын "Шөнийн зах"-д гарсан халдварын голомт тасрахгүй байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 561 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-476
- Хүндэвтэр- 80
- Хүнд- 4
- Маш хүнд- 1
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:
-Сүүлийн 14 хоногт дэлхий дахинд Covid-19 халдварын өвчлөл 15 хувиар буурсан мэдээтэй байна.
Монгол Улсын хувьд өвчлөл нэмэгдэж байгаа хэдий ч дэлхий дахин болон хөрш орнуудад маань өвчлөл тууштай буурч байгаа. Тухайлбал, ОХУ-д сүүлийн нэг сарын турш халдварын тархалт саарсан, өдөртөө 4000-5000 тохиолдлоор буурч байна.
Өвчлөл буурч байгаа нь олон улс хөл хорионы арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлсэн, ард иргэд халдвараас сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болсон нь нөлөөлсөн хэмээн үзэж байна. Хоёрдугаарт, вакцины үр дүн гарч эхэллээ гэж онцолж байгаа.
Дэлхийн 73 орны 134 сая хүн вакцин хийлгэсэн. Өдөрт дунджаар 4.7 сая хүн вакцин хийлгэж байна. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтад ард иргэдээ хамгийн сайн хамруулсан улс нь Израйль улс. Одоогоор хүн амынхаа 50 орчим хувийг дархлаажуулаад байна.
АНУ, Англид дархлаажуулалтын үр дүн гарч эхэлсэн талаар мэдээлж байна.