“Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцаж байна
Posted by Монгол Улсын Засгийн газар on Monday, February 8, 2021
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Богдхан төмөр замын трасс болон “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтай өнөөдөр /2021.02.09/ танилцлаа.
Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар төмөр замын бүтээн байгуулалт хийх явцад хамгийн их асуудал үүсэх магадлалтай зүйл нь газар чөлөөлөлт гэдгийг Ерөнхий сайдад дуулгалаа.
Учир нь, Хөшигийн хөндийг тусгай хамгаалалтад авсны дараа ч газрын зөвшөөрөл олгосон зөрчлүүд гарсаар байгаа юм байна.
Төмөр замын 369 дэх км-т байрлах Давааны зөрлөгт Богдхан төмөр замын трасс дайрч өнгөрөх юм байна. Богдхан төмөр замын трассаар төмөр замын бүх ачаа тээврийн 60 хувь дамжин өнгөрдөг. Уг төмөр замын ТЭЗҮ-г гаргахаар тендер зарласан, өртгийг 1.5 сая ам.доллароос 500 сая ам.доллар байна гэж урьдчилсан байдлаар тооцоолжээ.
Богдхан төмөр замын трасс ашиглалтад орсоноор Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тээвэрлэдэг төмрийн хүдэр зэрэг экспортын бараа, ОХУ-аас БНХАУ руу явдаг транзит ачаа тээвэр ч энэ трассаар явах юм байна.
Богдхан төмөр зам бол стратегийн зам. Энэ нь зөвхөн Богдхан уулыг тойруулж төмөр зам тавих биш. Харин хотын төвлөрлийг сааруулах, задлах, дагуул хотуудыг хөгжүүлэх гээд нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой, цогц шийдэл гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэж байна. Богдхан төмөр замын төсөл нь Мандал өртөөнөөс салаалж Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөтэй холбох төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойруулах боломж бүрдэнэ. Мөн төмөр замын одоогийн шугамаар зорчигчийн галт тэрэг аялуулах, хот, дүүргийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахаар тооцоолжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ замыг дагасан хот төлөвлөлтийн цогц бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Иймээс замын Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах, гарч болох эрсдлийг хэрхэн шийдвэрлэх зэргийг нарийвчлан тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт үүрэг болгов.
Төмөр зам тавихын тулд "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зарим байгууламжийг шилжүүлэх, өртөөний замын хүчин чадлыг бууруулах, зам сумыг багасгах, өөрчлөх зэргийг бодлогоор шийдэх, салбар төмөр замтай зайлшгүй холбогддог нефтийн агуулах, дулааны цахилгаан станц, гурил, хүнс, бетон төмөр хийцийн үйлдвэр, ачааны терминал, барилгын материал, нефть импортлогч аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг хөндөгдөхөөр байгаа тухай нийгэмлэгийн Замын ерөнхий инженерийн орлогч дарга Ш.Нямсүрэн танилцуулав.
"Олон жил ярьсан энэ замыг тавихын тулд багагүй эсэргүүцэлтэй тулгарна, амаргүй шийдвэр гаргана. Хувийн хэвшлийнхэнтэй ойлголцож, хамтдаа төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлнэ" гэж Ерөнхий сайд хэлэв. Богдхан төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэлийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцоолсон байна.
"УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах ажилтнууд төмөр замын тээврийг сэргээн хөгжүүлэх МОНП-1, МОНП-2 зээлтэй холбоотойгоор дүрмийн сангаа нэмэгдүүлэх хүсэлт тавьсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн тээвэрлэлтийн тарифыг өөрчлөх зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгов
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ