Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр сар шинийн баярын өдрүүдэд цастай, шуургатай байх нь ээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи хоёрдугаар сарын 10-нд нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх бол хоёрдугаар сарын 11, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Харин хоёрдугаар сарын 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байх нь ээ.
Э.Бурам