Г.Баярсайхан гишүүн тойрогтоо ажиллалаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Г.Баярсайхан гишүүн тойрогтоо ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан гишүүн тойрогтоо ажиллалаа

 

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өнгөрсөн амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллаж, сонгогчидтойгоо уулзлаа. Түүний сонгогдсон Чингэлтэй дүүрэг нийт 19 хороотой бөгөөд энэ удаа эрхэм гишүүн 13-19 дүгээр хорооны иргэдтэй уулзаж, хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, санал бодлоо солилцсон юм. Г.Баярсайхан гишүүн өнгөрсөн жил дүүрэгтээ нийт явган хүний гүүр 10-ыг бариулж, нэг автомашины гүүрийг ашиглалтанд оруулсан байна. Иргэд жалга, суваг дамжин ундны ус, түлээ нүүрсээ ойртуулдгаас гадна сургуулийн хүүхдүүд хичээлдээ явах зам ч амаргүй байсан. Тиймээс иргэд, оршин суугчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс тэдний хүсэлтийг харгалзан хэд хэдэн газарт явган хүний гүүр барьж ашиглалтанд оруулжээ. Энэ нь иргэдийн амьдрах орчинг сайжруулахаас гадна аюулгүй байдалд тустай сайн ажил болсон гэж сонгогчид нь гишүүндээ ам сайтай байлаа.  

 

Чингэлтэй дүүрэгт энэ жил хэд хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтанд орохоор барилгын ажил нь эхлээд явж байгаа. Тэдгээрээс 17 дугаар хороо буюу Зүрх ууланд барьж буй 250 хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг энэ зундаа багтаан ашиглалтанд оруулах юм. Мөн 16 дугаар хороо, Хайлаастын эцэст улсын төсвийн хөрөнгөөр 250 хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор  ашиглалтад ороход бэлэн болжээ. Аравдугаар хороонд барьж буй дүүргийн спорт цогцолбор ч удахгүй ашиглалтад орох юм байна.

 

 

Дүүргийн хэмжээнд тавьж буй замын бүтээн байгуулалтад ч Г.Баярсайхан гишүүний оролцоо их бий. Өнгөрсөн онд Хандгайт чиглэлийн 16.35 км замыг ашиглалтад оруулсан, 19 дүгээр хорооны Салхитын аманд 2,0 км зам тавих санхүүжилтийг нийслэлийн төсөвт суулгаж өгсний үр дүнд энэ хэсгийн замыг энэ хавар ашиглалтад хүлээж авах тухай Г.Баярсайхан гишүүн танилцууллаа.

 

Тэрбээр мөн “Шинэчлэлийн Засгийн газрын үед замд хөрөнгө оруулалт орууллаа гэж шүүмжилж байсан. Гэтэл зам дагаж хөгжил ирдэг юм байна. Иргэдийн амьдрах орчин сайжирдаг. Эдийн засгийн хувьд ч  хэмнэлттэй ашигтай тал байна. Хамгийн наад зах нь энхэл донхолтой эвдэрхий зам автомашин эвддэг. Сайхан замтай болсноор энэ хүндрэл үгүй болж байгаа. Явган хүний зориулалттай гүүрүүд барьсан нь иргэдийн амьдрах орчинд эерэг нөлөөтэй” гэсэн юм.

 

Залуучуудад ажлын байр олдохгүй хомс байгаа гэж дүүргийн иргэд учирлаж байна. Арвандолоодугаар хорооны иргэн С.Долгормаа “Залуучуудад хийх ажил олдохгүй байна. Олдсон нь цалингаа хугацаанд нь тавьдаггүй. Барилгын компаниуд залуучуудыг ажиллуулчихаад цалингаа өгөхгүй байна. Ийм байдалтай байгаа учраас залуус ажиллах сонирхол нь буурч байна” гэлээ.

 

 

Ажлын байр олдохгүй байна гэсэн иргэдийн асуултад Г.Баярсайхан гишүүн “Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Баттүвшингийн өгсөн мэдээллээр тэдний хэлтэст одоогийн байдлаар 958 ажлын байрны захиалга ирсэн байна. Залууст ажил олдохгүй, тэнцэхгүй байгаа шалтгаан нь мэргэжил боловсролтой нь холбоотой. Судлаад үзэхээр дээд боловсролтой ажилгүйчүүд цөөнгүй хувийг эзэлж байгаа юм. Нэг үе дээд сургууль төгсвөл болдог гэдэг буруу ойлголтоор залуус хуульч, эдийн засагч гээд нийгмийн чиглэлийн мэргэжил эзэмшиж зах зээл дээр илүүдэл мэргэжилтнүүд олноор бэлтгэгдсэн. Гэтэл өнөөдөр МСҮТ төгссөн залуусын 80-90 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Тэдний зарим нь төгсөх курстээ ажлын байртай болж байгаа. Тиймээс манай  залуус инженер техникийн, мэргэжлийн боловсрол эзэмшвэл эрэлт хэрэгцээтэй байна. Хүүхдүүдээ МСҮТ, коллежид мэргэжил эзэмшүүлэхийг уриалах хэрэгтэй. Би Хөдөлмөрийн сайдын хувьд гаднаас авч ажиллуулах ажилтнуудын тоог багасгах бодлого барьж байгаа. Монгол залуусаа сургаж ажиллуулах нь улс эх оронд маань хэрэгтэй юм” хэмээн хариуллаа.

 

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ирэх амралтын өдрүүдэд Чингэлтэйн 1-12 дугаар хороонд ажиллах юм байна.  

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2016-04-05 45.117.34.9

Нийслэл, ЧД-ийн Засаг даргын хийсэн ажлаар шоудож хэрэггүй.ХЯ-ны сайдын албан тушаалаа ашиглан ЧД-ийн хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан зарцуулж буй их хэмжээний мөнгөний асуудлыг АТГ анхааралдаа авч шалгах хэрэгтэй. Зальтай этгээд шүү

иргэн 2016-04-05 202.70.44.146

Амжилт хүсэе Баярсайхан сайдад сайхан уулзалт болсон байна

zochin 2016-04-05 202.131.235.2

dakhin tulublultyn ajlyg turgetgeh talaar anhaarah heregtei bna humuusyn ajil amidrald saad ih bna shuu

Зочин 2016-04-05 202.179.25.62

Иргэний Й танхим. Иргэнээсээ айдаг танхим уу

танил хүн 2016-04-05 202.180.220.35

Би хамгийн сайн хүн авчир гэвэл Гарьдхүүгийн Баярсайханыг авчирнаа тиймээ... Би хамгийн зөв хүнээ сонго гэвэл Гарьдхүүгийн Баярсайханыг сонгоноо тиймээ... гээд гарнаасаа хөтлүүлж байсан саяхандаа Одоо ч эрийн цээнд хүрчээ санхал нь ургасан байна, хүнтэй гар зөрүүлдэг болжээ хүү том болсон байна шүү