Монголын ардчиллыг "алдаатай" хэмээн дүгнэв

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

Монголын ардчиллыг "алдаатай" хэмээн дүгнэв

Монголын ардчиллыг "алдаатай" хэмээн дүгнэв

Их Британид төвтэй “The Economist Intelligence Unit” судалгааны компани жил бүр НҮБ-д бүртгэлтэй 164, нийт дэлхийн 167 улсын  ардчиллын нөхцөл байдалд үнэлгээ өгөх “Ардчиллын индекс”-ыг эрхлэн гаргадаг. Тус байгууллага нь сонгуулийн үйл явц ба олон ургальч байдал, Засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, ардчилсан улс төрийн соёл, иргэний эрх чөлөө гэсэн таван хэмжигдэхүүн дээр үндэслэн тайлангаа гаргадаг байна.

Ардчиллын индексийн 2020 оны тайланд “бүрэн ардчилалтай” гэж хэлж болохуйц ердөө 23 улс байгаа гэж дүгнэсэн бол “алдаатай ардчилал” гэсэн ангилалд 52 улс, “шилжилтийн дэглэмтэй” буюу авторитараас ардчилал руу бүрэн шилжиж амжаагүй байгаа 35 улс, цэвэр “авторитар дэглэм”-тэй 57 улс байна гэж тайланд дурджээ.

Тэдний ихэнх нь Барууны болон Скандинавын орнууд байгаа юм. Уг тайланд дурдсанаар дэлхийн нийт хүн амын дөнгөж 8,4 хувь нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг бүрэн утгаар нь эдэлдэг бол гуравны нэгээс илүү нь авторитар засаглал дор амьдарч байна. 2020 оны хувьд дэлхий нийтийн ардчиллыг 10 оноогоор дүгнэхэд 5,37 оноо авсан нь 2006 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт болжээ.

Монгол Улсын хувьд 10 онооноос 6,4 оноо авч 167 улсаас 61-р байрт буюу “алдаатай ардчилал” гэсэн ангилалд багтсан байна. Харин хойд хөрш ОХУ-ын хувьд ердөө 3,3 оноотойгоор 124-р байрт бичигдсэн бол Хятад улс 2,2 оноогоор 151-р байрт бичигдсэн байна. Хятад улсын хувьд Хонгконгийн ардчилллын төлөө тэмцэгчдийг хорьж, Үндэсний аюулгүй байдлын хууль гэгдэх хүний эрхийг хязгаарласан хуулийг хэрэгжүүлж эхэлсэн нь тус улсыг “шилжилтийн дэглэмтэй буюу авторитараас ардчилал руу бүрэн шилжиж амжаагүй” гэх ангилал руу оруулжээ.

Ардчиллын үнэлгээгээр Норвеги улс 9,81 оноогоор тэргүүлж нэгдүгээрт жагссан бол дэлхийн хамгийн хаалттай улс Хойд Солонгос ердөө 1,01 оноо авч хамгийн сүүлд буюу 167-р байрт жагсчээ. Ардчиллын өлгий нутаг гэгддэг АНУ-ын хувьд 7,92 оноогоор 25-р байрт бичигдэж, “алдаатай ардчилал” гэсэн ангилалд багтаж байна. Мөн саяхан төрийн эргэлт гарч, цэргүүд нь ардчилсан удирдагчдаа барьж хориод буй Мьянмар улс 3,04 оноогоор жагсаалтын 135-р байрт бичигджээ.

Цар тахлаас үүдсэн хөл хорио, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд зэрэг нь дэлхийн улс орнуудад ардчиллын зарчим нийтээрээ алдагдахад хүргэсэн хэмээн дүгнэсэн байна. Гэхдээ цар тахал иргэдийн улс төрийн оролцоог зогсоосонгүй. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц сүүлийн 120 жилийн хугацаанд байгаагүй өндөр үзүүлэлттэй болж, тус улс нь улс төрийн оролцоо гэдэг үзүүлэлт дээр хамгийн өндөр оноо авсан юм. Гэвч ардчилсан үйл явцад итгэх олон нийтийн итгэл үнэмшил гэх үзүүлэлтээр тус улс маш тааруу үнэлгээ авч, “Алдаатай ардчилал” гэсэн ангилал руу орсон байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлээр Дональд Трамп болон түүний олон дэмжигчид сонгуулийн үр дүнг хүлээн авахаас татгалзаж, үймээн дэгдээсэн явдлыг нэрлэжээ.

Тайвань ардчиллын чансаагаар 20 байр урагшилж 31-ээс 11-р байрт бичигдэж, “бүрэн ардчиллалтай” гэх ангилалд багтсан байна. Тайваньд 2020 оны нэгдүгээр сард болсон сонгуулиар иргэдийн оролцоо сайн, түүний дотор залуучууд ардчиллынхаа төлөө тууштай зогсож байсан нь ийм амжилтад хүргэсэн хэмээн дүгнэсэн байна.

Сонгуулийн оролцоо ардчиллыг үнэлэх үнэлэмжид шууд нөлөөлдөггүйг Мал улсын жишээнээс харж болно. Мали улс 2020 оны гуравдугаар сард парламентын сонгуулийг чөлөөт, шударга зарчмаар явуулсан ч эрх баригчид жихадист босогчдын эсрэг ахиц дэвшил гараагүй гэх үндэслэлээр наймдугаар сард цэргийн офицерууд төрийн эргэлт хийж, сонгуулийн үр дүн нь хүчингүй болсон. Энэ үйл явдал Мали улсын байр суурийг 11 байраар ухрааж 111-р байрт бичигдэхэд хүргэсэн байна.

Эх сурвалж: Economist.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж