Вьетнамын эргийн харуулынхан усан хилд нь нэвтэрсэн Хятадын хөлөг онгоцыг саатуулжээ. Хятадын загасчлалын хөлгийг Вьетнамын хойд хэсгийн Хай Понг хотноо саатуулж, гурван хүнийг баривчилсан байна. Загасчлалын усан онгоц гэж бүртгэгдсэн Хятадын хөлөгт 100 мянган литр дизель түлш ачиж явсан аж. Хөлгийн ахмадын хэлснээр дизель түлшийг тэнгист үйл ажиллагаа явуулж буй Хятадын завь, усан онгоцнуудад худалддаг гэнэ.
Вьетнамын эргийн харуулынхан өнгөрсөн гуравдугаар сард Хятадын 110 загасчлалын усан онгоцны өөрийн уснаас хөөн гаргасан аж. Вьетнамын тал Хятадын загасчлалын усан онгоцнуудыг хөөн явуулах нь олонтаа боловч саатуулах нь нэн ховор аж.
Үүний зэрэгцээ Өмнөд Хятадын тэнгист загас агнуур хийдэг Вьетнамын усан онгоцыг Хятадын эргийн хамгааллынхан дээрэлхэж, халдаж, барьсан олзыг нь булаадаг хэмээн гомдолдог байна.
Вьетнам нь Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаанаас үүдэн Бээжинтэй таарамжгүй харилцаатай байгаа юм. Өмнөд Хятадын тэнгисийн хөл хөдөлгөөнтэй усан зам болон газрын тос, нефтийн нөөцтэй бүлэг арлыг тойруулан Бээжин хил хязгаараа тогтоосноор Азийн хөрш олон оронтой маргаан үүсгээд буй.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS