“Хунт нуур”-ын цагаан хун

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

“Хунт нуур”-ын цагаан хун

“Хунт нуур”-ын цагаан хун

Өнөө цагийн Монголын балетын урлагт авьяас чадвар, чансаагаараа бусдаас цойлон гялалзаж буй балетчдын нэг бол Баясгалангийн Саруул. Түүнийг сонгодог урлагийн үзэгч шүтэн бишрэгчид “төрмөл бүжигчин” гэж үнэлдэг.

Тэрбээр сар шинийн баярын босгон дээр /2021.02.08/ Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан. Хүүхэд байхаасаа бүжгийн урлагийг сонирхон хичээллэсэн түүнийг П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын цагаан, хар хун, А.Аданы “Жизель” балетын Жизель, П.И.Чайковскийн “Щелкунчик” балетын Маша гүнж, “Нойрсож буй гүнж” балетын Аврора гүнж зэрэг дэлхийн сонгодог балетын гол дүрүүдээр нь андахгүй биз.

Монгол Улсын консерваторийн оюутан байхаасаа театрын балетын жүжигчин болсон түүний хувьд 32 насандаа энэ хүндтэй шагналын эзэн болж байна. Тэрбээр сургуулиа 2007 онд төгссөнөөс хойш Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 16 дахь жилдээ ажиллаж буй.

Балетын урлагийн отгон Гавьяат Б.Саруул шагнал авсан торгон мөчид “Сар шинийн баярын өмнөхөн Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгээр энгэрээ мялаасанд баяртай байна. Төрүүлж, өсгөсөн аав, ээж, хайртай багш нартаа маш их баярлалаа. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон , балет ангийнхан, үе үеийн ахмад уран бүтээлчиддээ талархаж явдгаа хэлье” гэв.

"БАГШИЙНХАА ШАВЬ НАРААС ГУРАВ ДАХЬ ГАВЬЯАТ НЬ БОЛЛОО"

Улаанбаатар хотын унаган хүүхэд тэрбээр бүжгийн урлагт багаасаа дурлажээ. Дөнгөж хөлд орсон цагаасаа л хөгжмийн аянд бүжиглэж, цэцэрлэгт хүмүүжих үеэсээ бүжгийн дугуйлан, уралдаанд оролцож ирсэн байна. Мөрөөдлөө биелүүлж, бүжигчин болохын тулд ээжийгээ дагуулан Монгол Улсын консерваторийн балетын ангид шалгалт өгөхөд тэнцсэн гэдэг.

Балетчин болохоор сэтгэл шулуудсан бяцхан охиныг Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын консерваторийн багш  Н.Энхтуяа, Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багш нар дааж аван бүхий л зүйлийг зааж сургажээ.

Тэрбээр “Манай багш Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Энхтуяа. Одоо хүртэл Монгол Улсын консерваторит багшилж байгаа. Анхны шавь нар нь гэвэл Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, Ч.Ганчимэг нар. Би шавь нараас нь гурав дахь Монгол Улсын Гавьяат жүжигчин болж байна. Хамгийн түрүүнд багшдаа баярлаж байгаагаа хэлье” хэмээн яриандаа онцлон хэлсэн юм.

АНХ "ХУНТ НУУР" ЖҮЖГИЙН ЦАГААН ХУНГИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙВ

Тэрбээр “Би 2000 онд Хөгжим бүжгийн коллежид /Монгол Улсын консерватори/ суралцаж, 2001 онд анх Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзан дээр 12 настайдаа “Шелкунчик” балетын Маша гүнжийн  дүрээр гарч байлаа” хэмээн ярьж байв. Харин сургуулиа төгсч ирээд удаагүй байхдаа “Хунт нуур” балетын цагаан хунгийн дүрд тогложээ. Энэ тухайгаа ярихдаа “Дөнгөж сургуулиа төгссөн надад маш том дүр. Анхны гол дүр гэдэг утгаараа маш их хэцүү байсан. Тухайн үед сайн багш нар, хамт олныхоо дэмээр амжилттай тоглосон. Одоо ч тоглолт бүрээс суралцаж байдаг” хэмээн ярилаа.

Тэр бүр олны нүдэнд ил гарч, хувийн амьдралаа дэлгэдэггүй түүний гэр бүлтэй танилцахад “Манай аав Л.Баясгалан гэж хүн бий. Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн цэргийн нисгэгч мэргэжилтэй. Ээжийг минь Н.Байгалмаа гэдэг. Татварын эдийн засагч мэргэжилтэй. Ханийг маань М.Хүслэн гэдэг. Бид ганц охинтой. Охин нь найман настай.

Охин маань ээжээрээ бахархахын сацуу балетын урлагийн жаргал зовлонг сайн мэддэг. Эхэндээ балетчин болно гэж ярьдаг байсан. Ээжийнхээ хөл, гар өвдөж байгааг хараад “Ээжээ би балетчин болохоо больчихсон. Таны хөл их өвддөг. Би хөлөө өвтгөмөөргүй байна” гэж хэлсэн удаатай” хэмээв.

"БҮЖИГЧИН ХҮН БҮХ ТӨРЛИЙН БҮЖГИЙГ БҮЖИГЛЭЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ"

Балетчин бүсгүй “Цаашид үзэгч түмэнтэйгээ тайзан дээрээс илүү олон уран бүтээлээр уулзах болно. Сонгодог уран бүтээлийн хажуугаар нео классик, модерн орчин үеийн бүжгийг хөгжүүлэх зорилготойгоор уран бүтээлд оролцох сонирхолтой. Бүжигчин хүн бүх төрлийн бүжгийг бүжиглэж чаддаг байх ёстой. Мөн бүжиглэхийн хажуугаар багшлах ухаанд суралцах бодолтой байна. Дараагийн хойч үеийг бэлдэх хүсэлтэй” гэдгээ хэлж байлаа.

Балетын урлаг бол залуу насны урлаг. Одоогоор театртаа 16 дахь жилдээ ажиллаж буй түүний хувьд гавьяаныхаа амралтыг авахад тав, зургаахан жил үлджээ.  “Ер нь өөрийнхөө сэтгэл зүй, биеийг харж байгаад “Би болжээ” гэсэн цагт тайзнаасаа бууна” гэв.

А.СҮРЭН      

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ    

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж