Д.Зоригт “Дэлхийн эрчим хүчний хэлхээ холбоо 2016” чуулганд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Д.Зоригт “Дэлхийн эрчим хүчний хэлхээ холбоо 2016” чуулганд оролцлоо

БНХАУ-ын Бээжин хотноо 2016 оны гуравдугаар сарын 30-31 ѳдрүүдэд болсон “Дэлхийн эрчим хүчний хэлхээ холбоо 2016” чуулга уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцлоо.

Цэвэр эрчим хүчний хѳгжил, цаг уурын ѳѳрчлѳлт нь улс бүрийн тулгамдсан асуудал билээ. 2015 оны есдүгээр сарын 26-ны ѳдѳр болсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Тогтвортой Хѳгжлийн Чуулганы үеэр БНХАУ-ын Тѳрийн тэргүүн Си Жинпин дэлхийн эрчим хүчний сүлжээ үүсгэж дэлхийн эрчим хүчний хэрэгцээг цэвэр, ногоон эрчим хүч ашиглан гаргах саналыг дэвшүүлснийг дэлхийн олон улс эерэгээр хүлээж авч дэмжихээ илэрхийлсэн юм.

Иймд энэ жил анх удаа “Дэлхийн Эрчим Хүчний Хэлхээ Холбоо 2016” /2016 International Conference on Global Energy Interconnection/ Олон Улсын чуулга уулзалтыг 2016 оны гуравдугаар сарын 30-31 ѳдрүүдэд БНХАУ-ын Үндэсний Цахилгаан Дамжуулах Сүлжээ Корпораци, Цаг уурын өөрчлөлтийн талаарх НҮБ, Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг хамтран зохион байгууллаа. Тус уулзалтад НҮБ болон олон улсын байгууллага, улс орнуудын засгийн газар, эрдэм шинжилгээ  судалгааны  300 гаруй байгууллагын 600 орчим тѳлѳѳлѳгчид оролцож эрчим хүчний бодлого, стратеги, эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний хѳгжил, эрчим хүч хадгалах технологи, ухаалаг сүлжээ зэрэг олон чухал асуудлыг хѳндѳн ярилцав.

БНХАУ-ын Үндэсний Цахилгаан Дамжуулах Сүлжээ Корпорацийн ТУЗ-ийн дарга Зеняа Лиу нээж үг хэлэхдээ дэлхийн эрчим хүчний сүлжээг ухаалаг сүлжээнд суурилсан ѳндѳр хүчдэлийн шугамаар холбож, сэргээгдэх эрчим хүчийг тэргүүлэн хѳгжүүлэх нь онцгой чухал болохыг тэмдэглэн хэлэв.

Чуулганд оролцогчид “Эрчим хүчний хѳгжлийн стратеги, бодлого, эдийн засаг”, “Ѳндѳр хүчдэлийн шугам, эрчим хүч хадгалах технологи ба хэрэглээ”, “Сэргээгдэх эрчим хүч”, “Ухаалаг сүлжээ”, “Цахилгаан авто тээвэр” зэрэг 6 салбар хуралдаанд оролцож эрдэмтэнч, судлаачдын илтгэлийг сонсч хэлэлцлээ.

Хоёр ѳдѳр үргэлжилсэн энэ чуулга уулзалтын үеэр Япон улсын Софтбанк компанийн ерѳнхийлѳгч Масаюши Сон, БНХАУ-ын Үндэсний Цахилгаан Дамжуулах Сүлжээ Корпорацийн ерѳнхийлѳгч Шу Инбао, ОХУ-ын Россети компанийн дэд ерѳнхийлѳгч Роман Бердников, БНСУ-ын Цахилгаан эрчим хүчний корпорацийн ерѳнхийлѳгч Чо Ван Ик нар Зүүн Хойд Азийн эрчим хүчний сүлжээг холбоход хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурснаар Зүүн Хойд Азийн тулгуур сүлжээг үүсгэн байгуулах эхлэлийг тавьж улс хоорондын эрчим хүчээр холбох судалгааны ажлыг хийж, тухайн улс орны засгийн газруудтай хамтарч ажиллах нөхцөл бүрдлээ.  

Хэрвээ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл дэлхий даяар жилд 12.4 хувиар ѳсѳх юм бол 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хүвь 80 хувьд хүрэх боломжтой гэж энэ чуулганы үеэр мэдээлж байв. Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгоход БНХАУ-ын Засгийн газар нийт 50 их наяд ам.долларыг хѳрѳнгѳ оруулах санал гаргасан нь хуралд оролцогчдын анхаарлыг татлаа. Энэ хѳрѳнгѳ оруулалтаар Ази, Европ, Африк, Америк тивийн суурилагдсан эрчим хүчний эх үүсвэрүүдийг хооронд нь холбох юм.

Чуулганы үеэр Эрчим хүчний сайд Д.Зоригт БНХАУ-ын Үндэсний Цахилгаан Дамжуулах Сүлжээ Корпорацийн удирдлагуудтай Шивээ-Овоо тѳслийн талаар санал бодлоо солилцлоо. Тэд ТЭЗҮ-ийг эрчимтэй боловсруулж, тѳслийг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.

Эрчим хүчний сайд Д.Зоригтыг БНХАУ-д ажиллахад ЭХЯ-ны Стратегийн бодлого, тѳлѳвлѳлтийн газрын дарга П.Товуудорж, Санхүү хѳрѳнгѳ оруулалтын газрын мэргэжилтэн Э.Мѳнхбилэг нар дагалдан явав.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж