Жүдочид барилдаж болно, үндэсний бөх барилдаж болохгүй!

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

Жүдочид барилдаж болно, үндэсний бөх барилдаж болохгүй!

Жүдочид барилдаж болно, үндэсний бөх барилдаж болохгүй!

Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр олон хүн шагнуулж, төв талбай хөл хөдөлгөөнд дарагдав.  УОК-ын шийдвэр тэнд үйлчилсэнгүй.  Тэр ч бүү хэл шинэ оны өмнө "Хүүхдийн төлөө фонд"-ын арга хэмжээг зохион байгуулж, урлаг соёлынхон "кластерлан" сууцгаасан. Мөн шинэ оны эхэнд Монголын жүдочид төсвийн мөнгөөр онгоц хөлслөөд тив алгасан олон улсын тэмцээнд барилдаад ирсэн.

Гэтэл  үндэсний бөхөө үзэгчгүй барилдуулъя гэх хүсэлтийг УОК хүлээж авсангүй. Уг нь хүмүүс стресс, бухимдалтай үед сар шинийн барилдааныг зохион байгуулж, иргэддээ баяр цэнгэл бэлэглэж болох байлаа.

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1963 оноос тасралтгүй зохион байгуулж ирсэн. Харин сүүлийн хоёр жил цар тахлыг улмаас сар шинийн барилдааныг УОК-оос хориглосон.

Хэдийгээр Монголын Үндэсний бөхийн холбоо сар шинийн барилдаанаа зохион байгуулах дэлхийн жишигт нийцсэн төлөвлөгөөг боловсруулж, УОК-т санал тавьсан ч хүлээж аваагүй юм. Эхлээд барилдах бөхчүүдээ шинжилгээнд хамруулж, тусгаарлалтанд оруулж байгаад барилдаанаа Бөхийн өргөөндөө зохион байгуулъя гэсэн боловч Улсын онцгой комисс (УОК) татгалзсан. Үүний дараа шууд дараагийн төлөвлөгөөндөө орж халдваргүй бүс нутагт барилдаанаа зохион байгуулъя гэсэн боловч мөн УОК зөвшөөрөөгүй.

Ийм байдалтай хаа хүрэх гэсэн юм бол? Хэзээнээс спортын үйл ажиллагааг халдвар хамгааллын журам мөрдүүлээд зохион байгуулдаг болох вэ?

Covid-19 халдвар Монголоос устаж үгүй болох хүртэл хориглосоор байх уу. Уг нь дэлхий нийт энэ асуудалтай эвлэрээд, спортын арга хэмжээнүүдээ зохион байгуулаад жил болж байна.

Монголчууд спортод элэгтэй, бөхдөө хайртай ард түмэн. Олимпийн наадам, цагаан сар, наадмын өдрүүдэд цэнхэр дэлгэцээсээ холдоно гэж ер үгүй. Ялангуяа сар шинийн битүүний өдөр айл саахалт, ах дүүс, халуун ам бүлээрээ хүчит бөхийн барилдаанаа үзэх дуртай. Нутаг нутгийн шилэгдмэл эртэй бяртай бөхчүүдийн эд хавийг гайхан баясч, онд мэнд тарган тавтай ордог байсан нь саяхан.

Бид бүхний сайн мэдэх Японы мэргэжлийн сүмо, Европын хөлбөмбөгийн лигүүд, Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг ч эрсдэлээ үүрч, тэмцээн уралдаанаа үзэгчгүй эхлүүлэв.

Тухайлбал, өдөрт хэдэн мянгаараа халдвар бүртгэгдэж буй Италид спортын арга хэмжээ нь хэвийн, АНУ-д мэргэжлийн спортын лигүүд нь сүүлдээ үзэгчтэй зохион байгуулагдаж байна.

Гэтэл Монголд 128 бөх халдваргүй эрүүл бүст очоод, тусгаарлагдаад ганц өдөр барилдаанаа зохион байгуулж болдоггүй. Эрүүл бүст халдвар алдана гэж болгоомжилж буй бол бөхчүүдийг нийслэлээс явахаас нь өмнө шинжилгээнд хамруулж, халдвар хамгааллын дэглэмийг нь чанга мөрдүүлж, эрүүл бүс нутагт очсон хойно нь мөн тусгаарлахаар зохион байгуулалт хийсэн.

Монгол үндэсний бөх мэргэжлийн спортын түвшинд хүрчихсэн, бөхчүүд өдөр бүр тасралтгүй бэлтгэл хийж байна. Нөгөө талдаа сар шинийн барилдаан нь хамгийн цэвэр барилдаан болдог гэж үздэг. Мөн Монгол түмэн сар шинийн барилдаанаа шимтэн үзсэнээр стрессээ тайлдаг. Цар тахлаас үүдэлтэй бухимдлыг зөөлрүүлэх нэг арга нь бөхийн барилдаан юм.

Дэлхий дахин цар тахалтай ч спортын арга хэмжээгээ цуцлахгүй үргэлжлүүлсээр байгаа нь хүн ардынхаа стрессийг тайлах гэсэн нэг арга нь байхыг ч үгүйсгэхгүй.

Зарим хүн "олимп хүртэл цуцлагдаад байхад сар шинийн барилдааныг цуцалж яагаад болохгүй" гэж ярьж буй. Олимпийн наадмыг өнгөрсөн жил цуцлахаас аргагүй байв. Учир нь, дэлхийн 206 орны 11 мянга гаруй тамирчин Токио хотод хуран чуулах байсан юм. Токио хотод хүн амын нягтаршил ихтэй учир халдвар тархах магадлал өндөртэй. Үүнээс гадна цар тахал дэлхий даяар эрчимтэй тархаж эхлэх үед олимпийн наадам нээлтээ хийхэд ердөө тавхан сарын хугацаа үлдээд байсан. Тэр үед вакцин тодорхой бус, улс орнууд эхнээсээ олимпийн наадамд оролцохоос татгалзаад байсан тул зохион байгуулагчид эрсдэл үүрэхийг хүсээгүй.

Харин Монголын сар шинээр барилдуулах бөхийн барилдаан нөхцөлийн хувьд ч өөр. Нэг үгээр хэлбэл, Монголын үндэсний бөхийн холбоо гадаадаас бөхчүүд авчраад, хүн амын бөөгнөрөл үүссэн зах дээр дэвжээ засаад барилдъя гээгүй. 128 бөхийн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээд хүн ардаа цэнгүүлье л гэсэн.

Ер нь Монголд бөхийн барилдаан гэлтгүй спортын салбар бүхэлдээ гацаанд орчихоод байна. Монгол Улсад спортын багш, дасгалжуулагч, арын албаныхан, шүүгчид, техникийн мэргэжилтнүүд гээд маш олон хүн бий. Тэдгээр хүмүүсийн амьдрал ч гэсэн худалдаа үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн адил зогсонги байдалд ороод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
77
ТэнэглэлТэнэглэл
26
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж