Шинжилгээ өгөхгүй бол 100.000, айл хэсвэл 500.000 төгрөгөөр торгуулна

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

COVID-19

Шинжилгээ өгөхгүй бол 100.000, айл хэсвэл 500.000 төгрөгөөр торгуулна

Шинжилгээ өгөхгүй бол 100.000, айл хэсвэл 500.000 төгрөгөөр торгуулна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нийслэлчүүд энэ сарын 11-нээс эхлэн 12 хоногийн туршид хатуу хөл хорионы дэглэмд байна. Энэ хугацаанд нийслэлийн 420 мянган өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөөд буй. Шинжилгээг нэг дор цуглуулж авбал халдвар авах эрсдэлтэй, мөн шинжилгээ авч байгаа хүн алдаа гаргавал халдвар дамжуулах эрсдэлтэй тул иргэд шинжилгээ өгөхөд болгоомжтой хандаж байгаа. Тиймээс шинжилгээг хэрхэн авах, бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл бэлтгэлээ.   

ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨД ХАЛДВАР АВЧИХ ВИЙ ГЭЖ АЙХ ХЭРЭГГҮЙ

“Нэг хаалга-нэг шинжилгээ”-г хэрхэн зохион байгуулахыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын лаборатори хариуцсан  мэргэжилтэн О.Аззаяагаас тодрууллаа.   

-Өдөрт 42 мянган хүнээс шинжилгээ авах боломжтой юу. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг биелүүлэх төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Улсын Гуравдугаар төв эмнэлэг зэрэг газарт шинээр лаборатори нээж байгаа. Мөн хувийн хэвшлийн лабораториудыг дайчилж, орон нутгуудад байгаа PCR-ийн төхөөрөмжүүдийг нийслэл рүү татаж байна. Ингэснээр нийслэлийн бүх өрхийг шинжилгээнд хамруулах боломжтой гэж тооцоолж байгаа.  

 -Өрхүүдээс шинжилгээг яг яаж авах вэ. Нэг цэг гаргаад шинжилгээ авбал хүмүүсийн бөөгнөрөл бий болж, халдвар дамжих эрсдэлтэй шүү дээ?

-Шинжилгээг ямар зохион байгуулалтаар авахыг бид ярилцаж байгаа. Эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Шинжилгээ авах хүний нөөцийг хэрхэн бүрдүүлж байна вэ. Шинжилгээ авч байгаа хүн алдаа гаргавал халдварыг дамжуулах эрсдэлтэй. Тиймээс шинжилгээ авах хүнийг хэрхэн бэлтгэж байгаа вэ?

-Бид багаа, хүний нөөцөө бүрдүүлж байгаа. Шинжилгээг сувилагч, лаборант зэрэг эмнэлгийн бүх ажилтан авна. Гэхдээ гол нь сургагдсан байх ёстой. Бүх дүүргийн эмнэлгийн ажилчдыг шинжилгээ авахад сургасан. Нэмэлт цэгүүд дээр ажиллах хүмүүсийг сургаж байгаа. Саяхан 250 хүнд энэ талаарх онлайнаар сургалт явууллаа. Өнөөдөр /2021.2.8/ нийслэлийн түр захиргааны албан хаагчдыг шинжилгээ авахад дайчлахаар боллоо. Төлөвлөгөөг биелүүлэхээр бүх боломжийг ашиглаж байна.

Шинжилгээ авч байгаа хүн тусгай хамгаалалтын хувцас өмсч, халдвар хамгааллын тодорхой зааврын дагуу ажиллах тул иргэд шинжилгээ өгснөөр халдвар авчих вий гэж айх хэрэггүй.  

-Эмнэлгүүд жирэмсэн эмэгтэйчүүдээс PCR шинжилгээний бичиг шаардаж байгаа. Гэтэл төрөх гээд тэвдэж яваа эмэгтэйг шинжилгээний хариу гараагүйгээс эмнэлэг нь хүлээж авахгүй байна гэж иргэд гомдоллож байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Төрөх эмнэлгүүдээр үйлчлүүлэхэд заавал шинжилгээний бичиг шаардаж байгаа. Гэхдээ жирэмсэн эмэгтэйг шинжилгээний бичиггүй байна гээд хүлээж аваагүй тохиолдол эмнэлгүүдэд байхгүй. Бүх эмнэлэгт яаралтай тусламж гэж бий. Тэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээн авч байгаа.  

18-ААС ДЭЭШ НАСНЫ НЭГ ГИШҮҮНЭЭС ШИНЖИЛГЭЭ АВНА

Урьдчилсан тооцооллоор “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд  нийслэлээс дөрвөн тэрбум, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 26 тэрбум, нийт 30 тэрбум төгрөг зарцуулах аж.

Мөн өрх бүрийн 18-аас дээш насны нэг гишүүнээс шинжилгээ авна. Бүх нийтийн бэлэн байдлын үед нийслэлийн хэмжээнд явуулын, автобустай, байнгын зэрэг нийт 210 цэгт шинжилгээ авах урьдчилсан төлөвлөгөө гарчээ. Шинжилгээ авах өдөр, цагийг тухайн хорооноос иргэдэд мэдэгдэх аж.  Түр оршин суух хаягтай иргэдийг заавал шинжилгээнд хамруулна.

Шинжилгээ өгөөгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээх юм байна. Тодруулбал, Гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйд тооцон Зөрчлийн тухай хуулийн 5.13 дүгээр зүйлийн 5.13.4 дэх заалтаар иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох үндэслэлтэй аж. 

Хөл хорионы үеэр гэрээсээ гарсан иргэнийг 500 мянга, үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгох юм.

Хөл хорионы үед зөвхөн зөвшөөрсөн 10 гаруй байгууллагын ажилчдад нийтийн тээвэр 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчилнэ. Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ ажилчин, албан хаагчид ажлын үнэмлэхээ үзүүлж зорчино. Замын хөдөлгөөнд оролцоход автомашинуудад QR код олгохгүй, ажлын үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт буюу тусгай зөвшөөрлийг нь үндэслэн хөдөлгөөнд оролцуулна. Урьдчилсан байдлаар дараах 14 байгууллага, салбар ажиллах чиглэлтэй байна.

1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллага
2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа
3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа /“Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
5. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага, Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаа /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
11. Банкны цахим болон автомат тооцооны машин
12. Хэвлэл мэдээлэл /тооны хязгаартай/, харилцаа холбоо, шуудан, илгээмж
13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
14. Оршуулгын үйл ажиллагаа

 

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж