"Буруутай этгээдүүдээр НДС-ийн алдагдлыг төлүүлэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2021.02.09-нд нийтлэгдсэн

"Буруутай этгээдүүдээр НДС-ийн алдагдлыг төлүүлэх ёстой"

"Буруутай этгээдүүдээр НДС-ийн алдагдлыг төлүүлэх ёстой"

Төрийн албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг /НДШ/ энэ оны нэгдүгээр сараас эхлэн хоёр хувиар нэмэгдүүлж 26 хувь болгосон бол ирэх долдугаар сараас эхлэн хувийн хэвшлийн ажилчдын НДШ нэмэгдэнэ. Ажил олгогчдод энэ нь ихээхэн дарамт болохоос гадна ажилчдаа цөөлөх үү, цалингаа хасах уу гэсэн хэцүүхэн сонголттой олон компаниудад нүүр тулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 

Тэгвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МҮЭХ/ хоёрдугаар сарын 3-ны өдөр НДШ-ийг  хоёр хувиар нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэл хүргүүлсэн юм. Мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аливаа татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар тусгасан боловч цар тахлын дэгдэлт үүссэн, иргэдийн цалин орлого нэмэгдээгүй энэ цаг үед НДШ-ийг нэмэгдүүлж байгаа нь иргэд болон ажил олгогчдын нуруунд хүнд ачаа болж байгааг сануулж дээрх шийдвэрээ эргэн харж засч залруулахыг хүсч байна" гэжээ. Дээрх мэдэгдлийн хүрээнд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа. 

2020 оны нэгдүгээр сараас эхлэн төрийн албан хаагчдын НДШ хоёр хувиар нэмэгдлээ. Мөн ирэх долдугаар сараас хувийн хэвшлийн ажилчдын НДШ нэмэгдэнэ. Энэхүү нэмэгдэл нь ажилтан болон ажил олгогч нарт маш том дарамт болох нь? 

Үндсэндээ ажил олгогч нар ажилтнуудаа авч үлдэхийн тулд хамаг нөөцөө шавхаж ажилтнуудыхаа цалинг тавих боломжгүй болж, цомхотгох нөхцөл байдал руу орж байна. Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний нийгмийн даатгалын сангийн тайлангаас харахад 46 мянган ААН, байгууллага Нийгмийн даатгалын санд өртэй байна. Өмнөх өрөө төлөх боломжгүй байгаа ААН-үүд одоо нэмэгдсэн татварыг төлөх нь ямар ч боломжгүй.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэгчдийн дундаж цалин 1.2 сая төгрөг. Энэ цалингаар жишээ авахад НДШ-ийн хоёр хувийн нэмэгдэл хувь хүний цалингаас сар бүр 157 мянга 463 төгрөг суутгахаар байна.

ААН, байгууллагуудын хувьд ажиллагсдынхаа тооноос хамааран төлөх дүн нь янз бүр. Ерөнхийдөө тэтгэврийн даатгалын үр өгөөжийг сайжруулаагүй байж, шимтгэл төлдөг хэсгээ ачаагаар дараад байж болохгүй. МҮЭХ энэ байр сууриа гурван жилийн өмнө л илэрхийлсэн. Одоо ч хэвээрээ. НДШ-ийн нэмэгдлийн асуудал нь зөвхөн 2021 он гараад  яригдсан асуудал биш. 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газар тухайн үеийн эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас Олон улсын валютын сангийн /ОУВС/ өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тодорхой болзлыг хангахаар тохиролцон хамрагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар болон НДШ-ийг нэмэгдүүлэх үүргийг тухайн үеийн Засгийн газар Олон улсын валютын сангийн өмнө хүлээн, гэрээ байгуулсан. Тухайн үед МҮЭХ-оос долоон төрлийн татвар, НДШ-ийг нэмэгдүүлэхийн эсрэг тэмцэл өрнүүлсний хүчинд иргэдийн цалин орлогыг үе шаттай нэмэгдүүлж, хувь хүний орлогын албан татварын нэмэгдлийг тэглэх, шатахууны үнийг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн.

Түүнчлэн УИХ, Засгийн газарт тухай бүрд шаардлага мэдэгдэл, хүргүүлж жагсаал цуглаан хийсний үр дүнд 2020 онд нэмэгдэх байсан НДШ-ийн хувь хэмжээг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг УИХ-аар гаргуулсан.

Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд мөн хоёр хувь нийтдээ таван хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ 2020 онд  НДШ нэмэгдүүлэх асуудал дээр МҮЭ-үүд нэгдэн тэмцэж цуцалсан гэх ойлголттой байсан шүү дээ.

-МҮЭХ НДШ-ийг нэмэгдүүлэхтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны хэлэлцээрт тусган, саналаа УИХ-д хүргүүлсэн. Гэсэн ч 2020 онд УИХ-ын ээлжит сонгууль гэсээр  энэ асуудлыг шийдвэрлэхгүй явсаар өнөөдрийг хүргэлээ. Тиймээс уг асуудлыг дахин судалж УИХ-аар шийдвэрлүүлэхээр  ажиллаж байна. Өмнөх  Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар НДШ-ийн нэмэгдлийн асуудлаар бидэнд “ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөс Монгол Улсын засгийн газар хугацаа нь дуусаад удахгүй гарна. Энэ үед НДШ-ийн асуудлыг Засгийн газар бие даан зохицуулах бүрэн боломж бүрдэнэ” гэж хэлж байсан удаатай.  

Удалгүй 2020 оны дундуур Монгол Улс ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөс албан ёсоор гарсан. Тэгсэн мөртлөө 2021 онд НДШ-ийг нэмэгдүүлэх асуудлыг төсөвт байгууллагын хэмжээнд үргэлжлүүлж байгааг төсвийн байгууллагын ажиллагсад, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд эсэргүүцэн манай холбоонд хандсан. Үүнээс гадна нийгэмд ажил хийж байгаа бүх хүний НДШ-ийн хувь нэмэгдчихлээ гэх буруу ойлголт их байна. Тодруулбал, Засгийн газрын шийдвэрээр хувийн хэвшлийн байгууллагуудын ажиллагсдын НДШ долдугаар сарын 1 хүртэл нэмэгдэхгүй. Харин төсөвт байгууллагууд ажилчдынхаа цалинг 100 хувь олгож байгаа учраас НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлсэн. НДШ-ийн нэмэгдлийн асуудал нь одоогоор төсвөөс цалинждаг хүмүүсийн хувьд яригдаж байгаа асуудал юм. Гэхдээ НДШ-ийг нэмэгдүүлэхгүй байх гурван гарц бий.

-Тухайлбал, ямар?

Нэгдүгээрт, УИХ-ын хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ. Энэ хүрээнд 2017 онд гаргасан НДШ-ийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуулиа өөрчлөх. Нэг ёсондоо цуцлах гэсэн үг. Хоёрдугаарт, УИХ-аас  Засгийн газарт Covid-19 халдварын үед зарим чиглэлээр авах арга хэмжээг  бие даан шийдвэрлэх эрхийг өгсөн. Тиймээс Засгийн газар УИХ-ын хаврын чуулганыг хүлээхгүйгээр НДШ-ийн нэмэгдлийг төсөвт болон хувийн хэвшил гэж өмчийн ялгалгүйгээр НДШ-ийг долдугаар сарын 1 хүртэл нэмэгдүүлэхгүй байх эрх бий. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэ асуудлыг боловсруулан УИХ-аар оруулан хэлэлцүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Гуравдугаарт, Нийгмийн даатгалын санд өртэй  байгууллагууд тэр дундаа "Капитал" банкны өрийг нэн даруй барагдуулах ёстой. Нийгмийн даатгалын сангийн өр төлбөр, хүндрэлтэй байдлыг ажилчин анги  өөрийн цалин хөлснөөсөө төлөх ёсгүй. Буруутай этгээдүүдээр нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхүүлэх хуулийн арга хэмжээг авах ёстой.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж