Нийслэлийн орлогч Ж.Сандагсүрэнгийн чих зөөлрөв үү?

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

Нийслэлийн орлогч Ж.Сандагсүрэнгийн чих зөөлрөв үү?

Нийслэлийн орлогч Ж.Сандагсүрэнгийн чих зөөлрөв үү?

Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрсэнд иргэд төрийг анхаарал хандуулж ажиллахыг хүсч, мөн Агаарын чанарын алба хүхрийн хэмжээ өмнөх жилүүдийнхээс эрс өссөн дүнг судалгаагаар гаргаж тавьсан ч нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлж ирсэн Нийслэлийн удирдлагууд сая нэг сэхээ авч, эл асуудалд анхаарал хандуулж эхлэв бололтой.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр харьяа агентлагуудтайгаа цахим хурал хийх үеэрээ “Сайжруулсан түлшнээс их хэмжээний тортог, эвгүй үнэр ялгарч байна” гэсэн иргэдийн гомдол үндэслэлтэй эсэхийг дээж авч шинжлэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгаад байна.

Түүний энэ үйлдлийг олон нийт “Шадар сайдыг “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт ажилласны дараа Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн чих зөөлөрлөө” гэж хошигнож буй юм.

Учир нь, Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж, өнгөрсөн оны аравдугаар сард болсон орон нутгийн сонгуульд ялалт байгуулснаар тус дүүргийг төлөөлөн Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.

Сонгинохайрхан дүүргийн нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх төлөөлөгч гэж хэлж болно. Тэр тусмаа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо буюу Толгойт орчмынхон өнгөрсөн хугацаанд “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрийн хаягдалд амь тэмцэн амьдарч ирсэн байхад анхаарал хандуулах ёстой хүн нь санаа тавилгүй өдийг хүргэсэн. Харин Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн амралтын өдрүүдэд тус үйлдвэрт ажиллан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буйг хараад, үйлдвэрийг Налайх дүүрэг рүү шилжүүлэхийг үүрэг болгосон. Ингэснээр нийслэлийн Засаг даргын орлогчийн хийх ажлаас нугалалцаж өгсөн гэж хэлж болно. Тиймээс энэ удаад хариуцсан ажилдаа эзэн болохын тулд нийслэлийн агаарын бохирдолд сая нэг санаа тавьж, анхаарч эхэллээ гэж үзэх хүн олон байна.

Гэхдээ дан ганц “Тавантолгой түлш”  компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан түлшний чанарыг судлах даалгавар өгсөн нь ажлыг дутуу хийхэд хүргэнэ гэж үзэж байна. Учир нь, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлшинд судалгаа хийсэн.

Ингэхдээ түлшинд агуулагдаж буй хүхрийн хэмжээ стандартад заасны дагуу буюу 1 микрограммаас ихгүй байгаа нь тогтоогдсон. БНХАУ-ын үйлдвэрлэдэг түлшний стандарттай харьцуулж үзэхэд мөн хэвийн байсан. Гол нь сайжруулсан түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ Багануур, Налайхын нүүрсэнд агуулагдах хүхрээс их болох нь батлагдсан.

Мөн хүхэр нь шаталтад орохоор урвалд орж, хэмжээ нь ихэсдэг. Энэ тохиолдолд зөвхөн сайжруулсан түлшний чанарт шалгалт хийснээр үнэн бодитой дүн гарах уу. Стандартад заасны дагуу гэдэг дүн нь дахиад гарах юм биш үү гэдэг болгоомжлол бий. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлш шатах явцад хүхрийн хэмжээ хэр өсч, агаарт цацагдаж байна вэ гэдэг нарийвчилсан шинжилгээ хийх нь чухал байгаа. Гэвч даалгавар авсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан энэ чиглэлээр судалгаа хийх боломжгүй, Агаарын чанарын алба давхар ажиллах ёстой гэж үзэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж