БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо "РИО-2016" олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээн болж өндөрлөсөн билээ. Энэхүү тэмцээнээс манай дөрвөн тамирчин Бразилийг зорих эрхээ авсан. Тэгвэл өнөөдөр боксчид, дасгалжуулагч нарын хамтаар Спортын төв ордны боксын бэлтгэлийн зааланд хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр 69 кг-ын жинд олимпийн эрхээ аваад байгаа Б.Түвшинбаттай цөөн хором ярилцсан юм.
-Юуны өмнө “РИО-2016” олимпийн эрхээ авсанд баяр хүргэе. Лондонгийн олимпийн наадамд оролцсон таны хувьд хоёр дахь олимпийн наадамдаа оролцох гэж байна?
-Баярлалаа. Үнэндээ боксын тамирчдын хувьд олимпийн эрхийг авахад маш хүнд байсныг бүгд мэдэж байгаа. Өнгөрсөн онд бид Азийн аваргаас эхлээд олон тоглолтуудыг хийлээ. 2015 оны ДАШТ-ээс эрхгүй ирсэн бидний хувьд хүнд байдалтай байсан. Тэр цагаас хойш бэлтгэл, сургуулилтыг маш сайн хийж чадлаа. Тиймээс энэ удаагийн эрхийн тэмцээнээс дөрвөн эрхтэй ирлээ. Жин бүрийн тоглолтууд өрсөлдөөнтэй байсан. Мэдээж бүгд л тэнд эрхийн төлөө очсон. Тийм учраас тоглолт бүр хариуцлагатай байлаа.
-Таны хувьд хамгийн хүнд ямар тулаан байсан бэ?
-Мэдээж бүх тулаанууд хүнд байсан. Эхнээсээ эхлээд тийм амар байгаагүй. Миний хувьд чансаагаараа хоёрт бичигдсэн болохоор зоог тэргүүлсэн. Нийт дөрвөн тулаан хийсэн. Олимпийн эрхийн төлөөх эхний тулаанд Тайландын боксчинд ялагдсан. Уг нь би хамаагүй илүү тоглож байгаагаа мэдэрч байлаа. Шүүгчийн дүнг сонсоод эргэлзэх үе гарсан. Хэдийгээр эхний тоглолтод ялагдсан ч гэлээ сүүлийн боломжийг алдахыг хүсээгүй. Филиппиний Эумир Марсиалыг гурван үеийн турш илүүрхэн ялалтыг авсан. Шүүлтийн хувьд эргэлзээ үргэлж гардаг. Энэ удаа ч ийм байдал ажиглагдсан.
-Олимпийн эрхийн төлөөх нэмэлт тулаан хийх үед сэтгэлзүйн хувьд хэр бэлтгэлтэй байсан бэ?
-Үнэндээ би Тайландын боксчинг хожсон шүү дээ. Тэр бол миний хувьд хожигдол биш байсан. Рингэнд нэгэнт Тайландын боксчинд ялалтыг өгсөн. Мэдээж сүүлийн боломжийг би ингэж алдахыг хүсээгүй. Тиймээс Филиппиний тамирчинтай бүхий л боломжоо гаргаж, тоглосон. Хэрвээ би эндээс эрхээ авахгүй бол дараагийн үлдсэн ганц боломж руу тэмүүлэх байлаа. Тиймээс сэтгэлзүйн хувьд өөрийгөө бүрэн дайчилж чадсан.
-Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай дөрвөн тамирчин оролцсон. Энэ нь шинэчилсэн дүрэмтэй холбоотой байх?
– AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрмээр ДАШТ-д оролцохын тулд Азийн аваргад эхний долоод орсон байх байсан. Тиймээс Тайландад болсон Азийн аварга их хүнд болсондоо. Бүтэн багаараа оролцоход дөрвөн тамирчин ДАШТ-д оролцох эрхээ авч байсан. Бидний хувьд дахин чухал үүрэг оногдсон. Тиймээс Катарт болсон ДАШТ-д том зорилготой очсон ч хараахан медалийн буюу олимпийн эрхийн төлөө шийдвэрлэх тулааныг хийж чадаагүй. Би эхний тойрогтоо дэлхийн аваргын хүрэл медальт, Чехийн боксчин Зденек Чладекийг 3:0-оор хожсон ч шөвгийн наймд үлдэх тулаанд Хятадын Лю Вейд ялагдсан. Үнэндээ би тэр тулаанд одоо хүртэл итгэж чаддаггүй. Намайг хожсон Хятадын тамирчин цааш тоглож, медаль хүртэн олимпийн эрхээ авч байсан. Тиймээс энэ удаагийн эрхийн тэмцээнийг би алдахыг хүсээгүй.
-Олимпийн жинд өрсөлдөх тамирчид эхнээсээ тодроод эхэллээ?
-Боксын тамирчдын хувьд одоо ДАШТ үлдсэн. Эндээс медальт байрт шалгарсан тамирчид РИО-г зорих эрхээ авна. Тиймээс жин бүрд оролцох тамирчдын тал хувь нь тодорхой болчихлоо. Тамирчид бүр судалгаа хийж байна. Чань-Аньд болсон тэмцээнд Хятадын эрхээ авсан тамирчин явж байна. Бүгд судалгаа хийсээр байгаа. Лондонгийн олимпийн наадамд 69 кг-д оролцоход жиндээ ороод удаагүй байсан үе. Тэр цагаас хойш дөрвөн жилийн хугацаанд олон тэмцээний ард гарч энэ жингийнхээ бүх өрсөлдөгч нартай тоглож үзлээ. Тиймээс одоо бүхий л хүчээ дайчлан Бразилийг зорих болно.
Дэлхийн “Универсиад” наадмын хүрэл, 2010 оны Дэлхийн оюутны аварга, 2006 оны Дэлхийн оюутны аваргын хүрэл, ААШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат ийнхүү хоёр дахь ОЛИМПИЙН НААДАМД оролцох гэж байна. Түүний хувьд өнгөрсөн онд Тайландад болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртэж, ДАШТ-д оролцох эрхийг авсан. Улмаар Катарт болсон олимпийн эрх олгох дэлхийн аваргад Хятадын Лю Вейд ялагдан шөвгийн наймд үлдэж чадаагүй юм. Гэхдээ тэрээр өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо болсон Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээнээс хүрэл медаль хүртэн "РИО-2016" олимпийн наадмын эрхээ авлаа.
Ч.БОЛОРЧУЛУУН