“Нохойн орон” ба Оюутолгой

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

“Нохойн орон” ба Оюутолгой

“Нохойн орон” ба Оюутолгой

Женко Баттулгын (зохиогчийн өөрийнх нь дуудсанаар) санхүүжилтээр “Ламбугайн нулимс”-аар кино урлагт хөл тавьсан, “Нохойн орон”-ы Д.Төрмөнх “Монгол ялна гэж юу гэсэн үг вэ” гээд асуултын тэмдэг тавьжээ.

Зохиолынх нь гол санааг ерөнхийлөн тоймловол түүний мэддэг "Женко" Баттулга Оюутолгой гэгч атгаалжин хар мангастай байлдаж буй тухай өгүүлнэ. Зохиолч хүн иймэрхүү баримтгүй, фактгүй, утга, уянгын драм бичих нь аргагүй ч биз.

Төрийн ордны гурван давхраас Ерөнхийлөгч шүүгчдэд даалгавар өгч /Х.Нямбаатар сайдын хэлснээр/ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулсан, Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан хүмүүсийг толгой дараалан  яллаж байтал Д.Төрмөнхийн бичсэнээр “…Х.Баттулга одоо шүүх ч үгүй, АТГ ч үгүй, зэвсгийг нь тэд хураачихсан” гэнэ.  

Мэдээж, зохиолч нэн шинэ үеийн суртал ухуулгын бүтээлдээ Оюутолгой төслийг хэрэгжүүлсэн “ардын дайснууд”-ыг нэрлэж, “…хамгийн сүүлчийнх нь Сү-гийн цэрэг У.Хүрэлсүх бололтой” гэжээ. Удахгүй гадаадын аль нэг шүүхэд У.Хүрэлсүхийн тухай бор шар мэдээ, комменттойгоо хүргэгдэж, С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Батболд шиг Оюутолгойн шинэ “гэмт хэрэгтэн”, Монголын бас нэг дайсны тухай кино зохиол Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт найруулагдах ч биз.

Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбатын хөлсөлсөн хувийн “мөрдөгчид” болох “Кинг энд Спалдинг" компани талархлын баярын өмнөх өдөр Hью-Йоркийн шүүхэд аваачиж өгсөн Сү.Батболдын Оюутолгойтой холбоотой гэх хоёр хайрцаг шар мэдээнүүд дунд Засгийн газрыг төлөөлөх ганц баримт байгаагүй шиг зохиол бичигдэх гарцаагүй. Мэдээж, сэвээчид нь бэлэн.

Уг нь "Оюутолгой"-н төсөл Д.Төрмөнхийн мэддэг "Женко" Баттулгын тухай ном бичихээс өөр, мега сэдэв билээ.

НЭГ.

З.Энхболдтой хамтран Тавантолгойн төслийг улс төр болгон унагасан Х.Баттулгын дараагийн даалгавар нь Оюутолгойн гэрээг цуцлах, "Рио Тинто"-г Монголоос хөөх зорилго агуулж буй нь нэн ойлгомжтой харагдаж байна.

Тэрбээр С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн гэрээг байгуулахдаа авлига авсан гэж буруутгахыг оролдсон ч баримт нотолгоо олдоогүй. Бүгдийг нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэг тохоод ялласан. Яг үнэндээ шоронд хоригдож буй тэднээс Оюутолгойн гэрээг батлахдаа авлига авсан гэх сохор зоосны баримт, нотолгоог Монголын прокурор, шүүх олоогүй юм. Учир нь, тэд авлига аваагүй гэсэн үг.

Гэхдээ Х.Баттулга санасандаа хүрсэн. Учир нь, Оюутолгойн гэмт хэрэгтнүүд гэсэн шинэ хэлмэгдүүлэлтийн сэдэвтэй болсон. Дараагийн бай нь Сү.Батболд. Оюутолгойгоос хэн нэгэн авлига авсан нь баримтаар батлагдвал хөрөнгө оруулалтын гэрээ цуцлагдана. Тиймээс л Оюутолгойтой холбоотой бүхнийг ухаж, төнхөж, авлигын сэжүүр олох нь Ерөнхийлөгч Х.Баттулгын өдрийн бодол, шөнийн зүүд болсон гэлтэй.

Сү.Батболд 2011 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулагчдад илт давуу байдал олгосон гэх шинэ гүтгэлгээ зохион байгуулалттайгаар эхлүүлэв. Эхлээд Баянзүрх дүүргийн шүүхэд “маш нууц” гэх тамгатай материалыг Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат хүргүүлсний дараа “Кинг энд Спалдинг" хөлсөлж, гадаадын шүүхэд нэхэмжлэл гаргуулжээ. Үүнийг нь Монголын Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой”, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, АНУ дахь Элчин сайдын яам хүртэл мэдээгүй өнгөрсөн гэхээр “Кинг энд Спалдинг" хэн, ямар үнээр хөлсөлсөн, хөлсийг нь хэрхэн төлсөн нь анхаарал татах сэдэв мөн.

“Кинг энд Спалдинг"-ийн цагийн хөлс 2.2 мянган ам.доллар гээд бодоод үз.

2011 онд Сү.Батболдын засаг Оюутолгойн гэрээнд оруулсан хоёр өөрчлөлт нь Монголын талын 34%-д ноогдох зээлийн хүүг 9.9%-6.5% болтол бууруулсан. Ингэснээр бидний төлөх өр 400 гаруй сая ам.доллараар буурсан гэсэн үг. Хоёр дахь нь, Нидерланд, Люксембургийн вант улстай байгуулсан давхар татварын хэлэлцээрийг цуцласнаар Монгол Улс татвараа бүрэн авах боломжтой болсон. Захын тэнэг ч энэ өөрчлөлт Монгол Улсад ашигтайг ойлгоно.

ХОЁР.

Д.Төрмөнхийн бичсэн шиг С.Ганбаатар цар тахлаас айлгүй, ард түмнийхээ төлөө өлссөн хүн огтоос биш юм. Ерөнхийлөгчид өдгөө З.Энхболд биш өөр нэг зуудаг нохой хэрэгтэй. С.Ганбаатар Оюутолгойн гэрээг цуцлахыг чанга дуугаар шаардах тусам эсрэгээрээ Монголд хохирол дагуулдаг.

Ч.Сайханбилэгийн “Ерөнхийлөгч УИХ, Засгийн газрын урдуур шургалж, энэ төслийн ажлын хэсгийг хэзээ ч асуудал шийдүүлэхгүй бүтэлгүй попуудаар дүүргэх гэж байна. Цаад зорилго нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргах, хоёр хөршид уг төслийг барьж өгөх, Монголыг дахин ялагдуулах юм” гэх үг үнэн байх магадлал 99 хувь.

Оюутолгой бол Монгол Улс бие дааж хийсэн анхны төсөл. Дараагийн мега төслүүд ганц хүний оролцоотойгоор бүгд нурж унасан. Одоо ганцхан Оюутолгой  үлдсэн. Гэхдээ Оюутолгойн асуудлыг зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулиар харах нь утгагүй. Оюутолгойн гэрээг улстөржүүлж, “Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид шорт тоглож байхыг бас үгүйсгэж болохгүй. “Туркойз хилл”-ийн 53 хувь нь "Рио Тинто"-д, үлдсэн хувь нь жижиг хувьцаа эзэмшигчдэд байдаг. Тэдний дотор олон улсад алдартай “шорт тоглогч” хүртэл байгаа.

Тэгэхээр С.Ганбаатар эх оронч уу, эсрэгээрээ эдийн засгийн алуурчин уу! Үүнийг бүгдээрээ удахгүй харцгаах биз. С.Ганбаатар босох тусам эдийн засаг элгээрээ хэвтдэг нь тохиолдол лав биш.

ГУРАВ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хоёрдугаар сарын 1-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн. Уг албан бичигт УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулах, ээлжит бус чуулганаар Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг шаарджээ.

Хуулийн төслийн гол зорилго нь “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшдэг, их хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг болгох”. Товчхондоо Оюутолгойн орсон, гарсныг Монголбанкаар бүртгэх зорилготой. УИХ дахь ажлын хэсгийн ахлагч нь Ц.Даваасүрэн. Энэ хууль батлагдвал Монгол Улс амиа хорлосонтой агаар нэг болно. Бүх хөрөнгө оруулагч Монголоос дүрвэнэ, орос, хятад хоёр орж ирэх биз.

Зохиолч Д.Төрмөнх “…Хээрийн чонотой нийлсэн гэрийн ноход чононоос аюултай” болохыг онцолжээ. Үнэн л дээ “Нохойн орон” хэвээрээ үлдэхгүй гэвэл Оюутолгойг цуцлах тухай ярих ёсгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
33
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж