Хүүхдийн тусламжийн утас 108-ыг дэмжих төсөл хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Хүүхдийн тусламжийн утас 108-ыг дэмжих төсөл хэрэгжинэ

Хүүхэд хамгааллын тогтолцооны нэг чухал хэсэг нь хүүхдийн тусламжийн утас байдаг бөгөөд одоогоор дэлхий дахинд 192 хүүхдийн утас үйлчилгээ үзүүлж байна. Манай оронд хүүхдийн утас анх 2002 онд зөвлөгөө, мэдээлэл өгөх хэлбэрээр байгуулагдсан бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд 108 дугаартайгаар 24 цагийн, үнэ төлбөргүй үйлчилгээ болон өргөжсөн юм.

Хүүхдийн тусламжийн утас нэг жилийн хугацаанд нийт 165591 дуудлага хүлээн авснаас 40 хувь нь буюу 66228 нь хамгааллын яаралтай үйлчилгээ хүссэн, хүүхдийн эрхийг зөрчиж байгаа талаар болон төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл хүссэн дуудлагууд байна.

Тусламж шаардлагатай эдгээр дуудлагатай хамгийн түрүүнд хүүхдийн утасны зөвлөгчид нүүр тулдаг бөгөөд чанартай үйлчилгээ үзүүлэхэд мэргэжлийн өндөр ур чадвар шаардагдаж байдаг.

Тийм ч учраас олон улсын хэмжээнд тусламжийн утасны зөвлөгчийн ажлыг хамгийн өндөр стресс дарамттай ажлын байрны нэгд тооцдог байна.

Иймд, хүүхдийн утасны зөвлөгч, ажилтнуудыг чадавхижуулах, утасны дуудлагын дагуу хүүхдэд хүрэх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн  төгсөгч, Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн зарим оролцогчид “Хүүхдийн тусламжийн утас 108-ыг дэмжих төсөл”-ийг санаачлан хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хүрээнд утасны зөвлөгчдийн стресс тайлах чадвар, сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх чадварыг сайжруулахын зэрэгцээ, хүүхдийн утасны гадаад харилцаа хамтын ажиллагааг нэмэгдүүлж түнш байгууллагатай болгох, стресс  тайлах өрөөг бий болгох, хүүхдийн утасны нөлөөллийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын төсөл боловсруулах зэрэг ажлууд хийгдэх юм.

Төслийн баг нь сайн дурын үндсэн дээр нэгдсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд бүгд Австрали улсад магистрын зэрэг хамгаалсан төгсөгчид байгаа юм.

Төслийн албан ёсны нээлт өнгөрсөн өдрүүдэд болж, Стресс менежментийн сургалт болон стресс тайлах иогийн сургалтыг тус тус зохион байгуулсан байна.

Ж.ЦЭЦЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж