Энэтхэг фермерүүдийн жагсаал улам хүчээ авч байна

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

Энэтхэг фермерүүдийн жагсаал улам хүчээ авч байна

Энэтхэг фермерүүдийн жагсаал улам хүчээ авч байна

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр Энэтхэгийн мянга мянган фермер гудамж, талбайд цугларан жагсаж, зам хаан майхан зоож, трактор, ачааны тэргүүдээ байрлуулан, чулуу асгажээ. Тэд сүүлийн хэдэн сарын турш засгийн газрынхаа хөдөө аж ахуй руу чиглэсэн шинэ бодлогыг эсэргүүцэн ийнхүү жагсаж байгаа юм.

Анх жагсаалыг Энэтхэгийн умард нутгийн будаа, буудайн тариачид нийслэл Шинэ Дели хотод очин эхлүүлсэн. Гэвч жагсагчдыг цагдаа нар замд нь саатуулж, жагсахыг хориглох, тараах гэх мэт арга хэмжээ авснаар Ерөнхий сайд Нарендра Модигийн намын удирдлагаас гадуурх мужуудад олон мянган фермер жагсан, эсэргүүцлээ илэрхийлэх болжээ.

Засгийн газар фермерүүдтэй уулзаж ярилцах санал дэвшүүлсэн хэдий ч өнгөрсөн жил баталсан хөдөө аж ахуйн тухай гурван шинэ хуулиа өөрчлөхөөс татгалзсан байна. Тэдний хэлж байгаагаар, тус хуулиудын ачаар Энэтхэгийн эдийн засаг 2.9 их наяд ам.доллар, түүний 15 хувь болон нийт ажиллах хүчний тал хувьтай тэнцэх хөрөнгө оруулалт хөдөө аж ахуйн салбарт хүрэх аж.

Харин фермерүүдийн хэлж байгаагаар, тус хуулиуд нь хувийн жижиглэнгийн наймааг үгүй хийж, том компаниудад илүү боломж олгон, хувь фермерүүдийг орлогогүй болгох аюултай аж. Жагсагчид энэ сарын 6-наас эхлэн чакка жам буюу замуудыг хаах аргаа хэрэгжүүлж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, жагсагчид Шинэ Дели болон ойролцоох хэд хэдэн мужид зам хаан жагсаж байгаа ч ихэнх мужуудад зам хэвийн байгаа аж.

Энэтхэгийн фермерүүдийн нийгэмлэгийн төлөөлөл болсон All India Kisan Sangharsh Coordination Committee байгууллагын нарийн бичгийн дарга Авик Сахагийн хэлснээр, гурван цагийн дотош 10 мянга орчим замыг хаажээ. Түүнчлэн нийслэлийн зарим замууд дээр ахмадууд чанга яригчаар дуу тоглуулж, шиша тамхи татацгаан суусан аж. Харин зүүн хэсгийн Одиша, Карнатака мужуудад жагсагчид зам дээр явган сууцгаан, эсэргүүцлийн уриалгуудаа самбар дээр бичин барьцгаажээ.

Жагсаал эхэндээ тайван замаар өрнөж байсан ч нэгдүгээр сарын 26-нд болсон тракторт жагсаалыг цагдаа нар хүчээр тараах гэж оролдсоны улмаас байдал дордож эхэлсэн байна. Түүнээс хойш орон нутгийн эрх баригчид зарим нутгийн цахим сүлжээг хааж, хотын замын постуудад нэмэлт хүч томилон ажиллуулж, шинээр жагсагчид нэмж ирэхээс сэргийлж эхэлжээ.

Жагсагчид хэдэн сарын турш орлого, хүнс, хоноглох газаргүй хурдны зам дээр трактортоо амьдарч байгаа нь олон улсын хүний эрхийн байгууллагуудын анхаарлыг татаж буй юм. Тэр ч байтугай дуучин Рианна, залуу идэвхтэн Грета Тунберг нар дуу хоолойгоо өргөж, фермерүүдийн талд байгаагаа илэрхийлсэн бол АНУ-ын зүгээс Энэтхэгийн засгийн газарт ард иргэдтэйгээ яаралтай зөв ойлголцохыг сануулжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж