УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд санал нэгтэй дэмжжээ. Төсөлд Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайдыг УИХ-аас томилж, бусад сайд нарыг гаднаас томилохоор заасан юм. Мөн хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдах Засгийн газрыг байгуулахаас эхлүүлэн мөрдөхөөр заасан. Эл төслийг бүлгийн гишүүд “Олон жил ярьж байгаа асуудал, дэмжих ёстой асуудал” хэмээн үзсэн байна.
Мөн бүлгээр УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудлыг хөндсөн байна. Энэ тухай бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-ын даргын зүгээс ээлжит бус чуулганыг удаа дараа зарласан нь зайлшгүй шаардлагатай хэлэлцэх асуудал биш юм. Хамгийн сүүлд зарласан ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдлыг үүссэн оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нь УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудлыг тавихаас аргагүй болгосон. Ийм учраас УИХ-ын даргыг огцрох ёстой гэсэн шаардлага хүргүүлэхээр болсон” гэлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын гадаад харилцаа, аюулгүй байдалд хэтдээ ноцтой асуудал үүсгэж болохуйц хариуцлаггүй үг хэлсэн. Энэ үгээ залруулж хэлэхийг шаардаж байна. Хоёрт, өр зээлтэй холбоотойгоор миний бие болон МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд рүү дайрч давшилсан. Өөрсдийнхөө хөрөнгийг барьцаалж үндэсний хэмжээний үйлдвэр барихын тулд зээл авсныг мушгин гуйвуулж, олон улсын хөрөнгө оруулагчид, дипломат төлөөлөгчийн газрын төлөөллийн өмнө шившгээ хутгасанд харамсч байна. Хариуцлагагүй мэдэгдлээ засч залруулах бичгийг Засгийн газрын тэргүүнд хүргүүлнэ. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол хариуцлага тооцох асуудлыг хөндөх болно” гэлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа ”УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд орон нутагт ажиллахдаа өрийн асуудлыг мушгин гуйвуулж, өрийг МАН-ын үед илүү тавьсан гэдэг ташаа мэдээлэл өгч байгаа нь хариуцлагагүй явдал. Иймээс Ерөнхий сайд асан Сү.Батболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарган өртэй холбоотой асуудлаар олон нийтэд зөв мэдээлэл өгөх ёстой гэж бүлгээс үзлээ.
Өртэй холбоотой асуудлаар бодит мэдээлэл өгөхөд 1990-2012 оны хугацаанд авсан зээл 2 тэрбум ам.долларын зээл юм. Энэ нь арилжааны зээл биш Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас авсан зээл. Жилийн хүү нь 0.75-1 хувийн хүүтэй урт хугацаат хөгжлийн зээл байсан.
МАН Засгийн эрхийг барьж байх үед буюу 2008-2012 оны хооронд 665 сая долларын зээл авсан, жилийн хүү нь 0.75-1 хувь. Энэ бол Засгийн газрын зээл. Гэтэл Засгийн эрх солигдсоноор 2012 онд хувийн хэвшлийнхэн ороод нийт Монгол Улсын гадаад зээлийн хэмжээ 7.4 тэрбум ам.доллар болсон байгаа. Одоо бол Засгийн газрын өөрийнх нь авсан зээл 7.2 тэрбум ам.доллар хүрчихсэн. Хамгийн сүүлд авсан 6 хувийн хүүтэй 250 сая, 10.1 хувийн хүүтэй 500 сая ам.долларын зээлийг оруулбал нийтдээ 22.3 тэрбум ам.долларын зээлтэй болсон. Сүүлд авсан зээлийг бид төсвийн цоорхойгоо нөхөх, урд өмнө авсан зээлийн торгуульд төлөх зорилгоор авсан гэж хардаж байна.
2016 оны төсөвт зээлийн хүүгийн төлбөр төлөхөд зориулж 970 гаруй тэрбум төгрөг төлөхөөр төлөвлөсөн. Ийм хэмжээний төлбөр хийх чадвар Засгийн газарт байхгүй болсон учраас гадна талаас маш өндөр хүүтэй зээл авч, түүнийгээ барагдуулах арга зам хайж байна. Эдийн засаг ингэтлээ уначихсан байгаа үед долларын зээлийг 10 хувиас дээш хүүтэй авна гэдэг эрсдэлтэй” гэлээ.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ 2012 оны төсвийг батлахдаа зээлийн үйлчилгээний төлбөрт 37 тэрбум төгрөгт суулгадаг байсан бол 2016 онд 947 тэрбум төгрөг суулгасан нь 25 дахин өссөн үзүүлэлт юм” гэсэн юм.
Энэ асуудалтай холбоотойгоор тус бүлгээс ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон бөгөөд ойрын хугацаанд үнэн бодит мэдээллийг хүргэнэ гэлээ.
Г.ДАРЬ